Монголчууд ямар ч сэдвээр талцаж, хуваагдаж чаддаг гэдгийг сошиал хөгжсөн энэ зуунд бид хангалттай харж байна. Хууль дүрэм, хулгай, авлига, албан тушаалын хэрэг, цагаан сараа тэмдэглэхээс эхлээд аваал эхнэр, нөхөрийн асуудлаар ч талцаж хуваагдаж, хоёр тал болон нэгнийгээ зүхэж, хараадаг хүн сүрэг л болон хувирчээ гэмээр.
Гадаад, дотоодын ямар ч сэдвээр хэрэлдэж, талцана. Монголчуудад талцахгүй, хуваагдахгүй сэдэв ч гэж алга, үнэн дээ.
Сүүлийн үед Монголын сошиал хуудаст өрнөж буй талцал бол хувийн хэвшил болон төр гээд хоёр хуваагджээ. Баялгийн сангийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмших ажлын хүрээнд Засгийн газраас өөрийгөө “шударгам тэмцэгч” хэмээн өргөмжилсөн Ж.Батзандан төрийг төлөөлж, харин нэг хэсэг нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжиж байна.
Мэдээж аливаа асуудал олон нийтийн хэлэлцүүлэг дунд өрнөж, шийдлээ олох ёстой ч бид бол хуультай, дүрэмтэй, шүүхтэй улс.
Хэрэв хууль тогтоогч парламентаас хууль батлагдсан бол түүнийг нь холбогдох байгууллагууд хэрэгжүүлээд явах учиртай болохоос олон нийтийн дунд “яс хаяж” өгчихөөд талцуулж, хуваагаад асуудлыг шийддэг байж болохгүй. Үнэхээр бизнес эрхлэгчид, Монголын том бизнесменүүд стратегийн ордуудыг хууль бусаар эзэмшиж байгаа бол шүүхэд хандах учиртай. Хүнийг гэм буруутай эсэхийг шүүх л тогтоодог болохоос олон нийтийг талцуулж, хэрэлдүүлснээрээ шийдэгддэг зүйл огт биш. Үүнийг төр нь ч олон нийт нь ч мэдэж байгаа ч төрд асуудлаа хууль, дүрэм, шүүхийн зарчмаар шийдэх сонирхолгүй байгааг нь Ж.Батзандангийн томилгооноос дүгнэчихэд болно.
Гээд харвал, төрд 34 хувиа авах, топ бизнесүүдтэйгээ “дайтах” сонирхолгүй байна л гэж уншигдаж байна. Гагцхүү нэг нь нөгөөтэйгээ “дайтаж”, шударга ёс тогтоож буй мэт дүр эсгэж, олон нийтийг л талцуулах сонирхол өндөр байх шиг.
Ерөөс бид ганцхан энэ асуудал ч биш цагаан сараар хэд хоног амрах, дугаарын хязгаарлалт хийх ёстой, ёсгүй гээд л талцаж хуваагдаагүй сэдэв бараг л үлдээгүй. Сүүлдээ бүр цагаан сараар дээл хувцас өмсч, гангарч болно, болохгүй ч гэж талцаж байх шиг. Нийтээрээ л ямар ч асуудал байсан талцаж байдаг монголчуудад төр засаг нь “яс хаяад” өгөхдөө гаргууд ажилласаар.
Монгол төрийн ямар ч шийдвэрийг сошиалаар талцаж, хуваагдаж байгаад л шийдэж болох тийм л хөрсийг төр өөрөө бий болгож чаджээ.
Угтаа бол хууль, дүрэм, журмаа батлаад түүнийгээ хуулийн хүрээнд хэрэгжүүлээд, буруутай, буруугүйг нь шүүхээр эцэслээд явах ёстой болохоос нийгэмд “мангас”-ууд хаяж өгөөд нийтээр нь цөөхөн мангастай дайтуулаад байх нь төрийн бодлого биш л баймаар. Нэгэнт арцалдахад бэлэн, алалцахад бэлэн ийм хөрсөн дээр юу ч хаяж өгөөд, хэнийг ч мангас, дайсан болгоод байж болох ийм л хөрсийг сүүлийн хэдэн жил бэлдэж, бий болгожээ гээд дүгнэчихмээр.
Монголчууд цөөхүүлээ. 3,5 саяхан хүн амтай, азийн цээжин дэх алганд багтсан ардчилсан улс. Геополитикийн хувьд ч бид эмзэг цэгт амьдардаг. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай, хойд, өмнөд хөршид болж буй үйл явцыг харвал монголчуудад хамгийн хэрэггүй зүйл бол талцал, хуваагдал. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг зүгээр ч нэг гарч ирээгүй гэдэг. Ийм л эмзэг цэгт амьдардаг жижигхэн улс ардчиллаа хамгаалж, хүний эрхээ дээдэлж, эвтэй амьдрах л цаг үе ирж байна.
Дэлхийн геополитик өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр хоёр том хөршийн асуудал ч бидэнд том асуудал болон ирэхийг үгүйсгэх аргагүйг судлаачид хэлж, ярьсаар байна.
Чухам ийм үед эвтэй, хүчтэй байж урагшлах цаг үе ирж байхад бид талцаж, хуваагдаж, нэгнээ дарж, хурааж, хааж боох нь хэнд ашигтай вэ гээд харвал, монголчуудад лав биш. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн одоо “Монголчууд бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой” л цаг үе ирсэн байна. Тиймээс хэрсүү хандаж, талцаж, хуваагдахаасаа өмнө улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд бодох нь төрд ч олон нийтэд ч чухал цаг иржээ.
Эцэст нь, Ардчилсан Монгол Улс хууль тогтоох байгууллагатай, хууль хэрэгжүүлэх бүтэцтэй, хүнийг гэм буруутай эсэхийг дэнсэлдэг шүүхтэй улс шүү дээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ