Өмнөд Солонгостой бараа бүтээгдэхүүний экспортын асуудлаар маргаантай байгаа Японы засгийн газар өнөөдөр өглөө /2019.08.02/ хуралдаж, Өмнөд Солонгос улсыг “Цагаан жагсаалт”-аас хасах шийдвэрийг баталжээ. Зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой онцгой технологиор гаргаж авсан материалуудыг Япон улсаас импортлох эрхийг дэлхийн 27 орон эзэмшдэг бөгөөд үүний нэг нь Өмнөд Солонгос улс байсан юм.
Дээрх шийдвэрийн дагуу энэ сарын 28-наас эхлэн Японоос Өмнөд Солонгост нийлүүлэх тусгай материалуудын экспортод хатуу шалгуур тавихаар болж байна. “Цагаан жагсаалт”-аас хасах шийдвэрээ дахин бодож үзэхийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кюн Хва Японы Гадаад хэргийн сайд Коно Таротай өчигдөр /2019.08.01/ Бангкокт уулзахдаа илэрхийлсэн ч Японы тал хүлээж аваагүй байна.
Хоёр улсын эдийн засгийн маргаан Японы засгийн газар өнгөрсөн сараас эхлэн хагас дамжуулагч үйлдвэрлэлд ашигладаг гол гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост нийлүүлэхдээ хязгаарлалт тогтоосноор эхэлсэн билээ. Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч Өмнөдүүдийн хувьд энэ нь маш том цохилт болсон.
Үүний өмнө Өмнөд Солонгосын шүүх дэлхийн хоёрдугаар дайны үед Японд боолчлогдож байсан иргэдийн нөхөн төлбөрийг Японы компаниудаар төлүүлэх шийдвэр гаргасан юм. Өмнөд Солонгосын талаас Япон улсыг дээд шүүхийн шийдвэрийн эсрэг эдийн засгийн арга хэмжээ авлаа гэж буруутгаж байв.
Өмнөд Солонгост Японы засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл ч хурцдаж байгаа. Тус улсын иргэд Япон автомашинаас татгалзаж, япон руу аялахгүй байх, Токиогийн олимпийг үзэхгүй байх, япон бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх зэрэг чадах бүхий л аргаараа Японыг эсэргүүцэж эхлээд байгаа юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ