БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, Азийн санхүүгийн төв болох Хонконгийн Засгийн газар Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч сая сая хонгконгчуудын эсэргүүцэлтэй тулгарснаар уг төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.
Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн буцааж татахыг, мөн Хонгконгийн захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж хоёр сая орчим хонгконг зургадугаар сарын 10-наас эхлэн жагссан бөгөөд сүүлийн хэдэн өдөр жагсаал цуглаан түр намжаад байсан билээ.
Өчигдөр буюу даваа гаригт /2019.07.01/ Хонгконгийг Британийн колоничлолоос Хятадын захиргаанд шилжүүлсний 22 жилийн ойн өдөр тохиосон бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хонгконгийн иргэд дахин жагсаал зохион байгуулсан юм. Уур хилэнд автсан хонгконгчууд үдээс хойш парламентын ордон руу нэвтрэн оржээ.
Цагдаа нар тэдний дайралтыг зогсоож дийлээгүй ба парламентын байранд нэвтэрсэн олон зуун иргэн Хонгконгийн захирагч Кэрри Лам, Хятадын дарга Ши Жиньпин нарын хөргийг буулгаж, Британийн колоничлолын үеийн далбааг парламентын танхимын индэрт өлгөн, хана туурган дээр нь улс төрийн агуулгатай уриа үгс бичиж үлдээжээ.
Энэхүү үймээн самуунаас үүдэн Хонгконгод онц байдал зарлаж, парламентын байранд байгаа албан хаагчдыг нүүлгэн шилжүүлжээ. Шөнө дунд цагдаагийн нэмэгдүүлсэн хүч ордонд орж ирснээр тэмцэгчдийг хөөн гаргаж чадсан байна.
"Нэг улс- хоёр систем" нэрийн дор өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь Хятад улстай ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Хонгконгийн эрх баригчдын тухайд Хятадын талын байр суурийг дагаж байгаа бол сөрөг хүчин уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа аж. Олон зуун мянган иргэн энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж буй бөгөөд хэрэв дээрх хууль хэрэгжээд эхэлвэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан энгийн гэмгүй хүмүүс ч Хятадын бодлогын бай болохыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж буй юм.
Холбоотой мэдээ