Ардын нам дотроо байгаа урвагчдаа цэвэрлэх бодлого барьж байна. Тус намын Удирдах зөвлөл мягмар гаригт хуралдаж, Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатарт холбогдох асуудлыг ярилцсан байна.
УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын нам ялалт байгуулсан дөрөвхөн аймгийн нэг Завхан. Тиймээс тус аймгийн ИТХ-ын дарга нь ч, Засаг дарга нь ч Ардын намынх. Гэтэл аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар нь Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдаж, Засаг дарга Ж.Жамъянтивыг огцруулах шийдвэр гаргасан байна. Намынхаа нөхрийг бусадтай нийлж “дүлзэндсэн” Б.Отгонбаатарын асуудлыг Ардын намынхан Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, Ардчилсан намд урвасан түүнд арга хэмжээ авах ёстой гэдэг дээр санал нэгдсэн аж. Тиймээс Б.Отгонбаатарыг ИТХ-ын даргаас нь огцруулсан байна. Үүнээс гадна “урвагч” Б.Отгонбаатарыг намаас нь хөөх асуудлыг Удирдах зөвлөлийн зарим гишүүн гаргасан сурагтай.
Ийнхүү урвагчидтайгаа хатуухан тооцоо хийж эхэлсэн Ардын намынхнаас өдөр шөнөгүй өөр хоорондоо “алалдаж”, урваж, шарвахыг сонгодог утгаар нь улс төрд харуулж байгаа Ардчилсан намынхан ядаж үлгэрлэл аваасай. Урвагчиддаа "ухамсарын шанаа" өгч байгаа Ардын намын улс төрийн соёл Ардчилсан намд хумсын чинээ ч алга байна гээд хэлбэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.
М.ЯЛАЛТ