Малын хулгайтай тэмцэх нь үндэсний хэмжээний үйл хэрэг болоод байна

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Малын хулгайтай тэмцэх нь үндэсний хэмжээний үйл хэрэг болоод байна

Малын хулгайтай тэмцэх нь үндэсний хэмжээний үйл хэрэг болоод байна

Малын хулгайг зогсоохын тулд зөвхөн ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй

Малын хулгайн гэмт хэрэгт оноох ял дэндүү хөнгөн байдгаас болж энэ төрлийн гэмт хэрэг өссөөр байгааг манай сонин хөндөн бичсэн. Тэрхүү нийтлэлийнхээ үргэлжлэл болгон “Зундуйн Дорж” сангийн тэргүүн, их зохиолчийн охин О.Батхандтай ярилцлаа. Тус сангийн хамт олон малын хулгайтай тэмцэх чиглэлээр багагүй ажил хийж ирсэн, цаашид ч ихийг хийхээр төлөвлөснөө энэ ярилцлагадаа өгүүлсэн юм.

  • Малын хулгайн гэмт хэрэг улам нэмэгдэх болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Магадгүй өөгшүүлсэн хуультай байхад малын хулгай гаарахаас аргагүй гэдгийг манай сонин хөндөн бичсэн. Энэ тарлийн гэмт хэрэг буурахгүй байгааг та юутай холбон тайлбарлах вэ?
  • Аливаа зүйл хоёр талтай. Миний хувьд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэж боддог. Статистикаас харахад 2019 оны эхний гурван сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 80 гаруй хувиар нэмэгдсэн байна. 2017 онд энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдсэн бол 2018 онд 1096 болж өссөн.

Малын хулгай ийн нэмэгдэж байхад нөгөө талд малчид хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байгаа нь бодит үнэн. Баригдсан малын хулгайчид ял сонсох юм уу нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зохицуулалтын дагуу шийтгэл хүлээгээд л өнгөрдөг.

Эрүүгийн хуулийн 17.12-ын тайлбар хэсэгт наймаас дээш бод, 24 тооноос дээш бог мал хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл гэж үзэж байна. Тэгэхээр 20 хонь хулгайлсан байхад хөнгөн гэмт хэрэг гэж үзэн, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэдэг байж болохгүй зохицуулалт. Тиймээс малын тоо толгойг заахдаа илүү бодитой хандах шаардлагатай байна. Өнөөдөр олон улсад бусдыг заавал шорон гянданд хорих биш, тухайн хохирлыг барагдуулах нь илүү чухал гэсэн ялын уян хатан бодлого үйлчилж байна. Аав маань нэгэн удаа “хүн алт мөнгөө авдартаа хийгээд цоожилно, харин бэлчээрийн малыг маш сайн хуулиар хамгаалах хэрэгтэй” гэж хэлж байсан. Тиймээс маш сайн хууль төдийгүй хамгаалалтын механизм, мэдээ, мэдээллийн баазыг богино хугацаанд, илүү өргөн хүрээнд хүрдэг тогтолцоог бий болгох бодит шаардлага байна. Зөвхөн нэг зүйлд найдаж сууснаар үндэсний баялаг болсон мал сүргийн эсрэг гэмт хэрэг буурахгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн арга тактик илүү боловсронгуй болсоор байна. Энэ хэрээр төрийн хамгаалалтын механизм чангарах ёстой. Үүнийг хэн нэгэн ярьснаар биш малчид, хөдөлмөрчдөөс судалгаа авч, түүнд дүн шинжилгээ хийн бодит ажил хийх хэрэгтэй гэж үзсэн учраас энэ сарын 22-ноос “Зундуйн дорж” сангийн шугамаар малчдын дуу хоолойг сонсож, хөдөө орон нутагт ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр хөрсөн дээрээ буусан бодит ажлын үр дүн гарна.

Малчдаас ирсэн санал хүсэлтийг нэгтгэн, олон нийтэд хүргэх, бодлогод тусгах ажлуудыг системтэйгээр хийх болно.

-Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчилснөөр малын хулгайн гэмт хэрэг эрс буурна гэж ярьдаг. Хуулийн орчноос гадна өөр юунд анхаарах шаардлагатай вэ?

-Малын хулгай тойрсон асуудлыг өнөөдөр хэн нэгэн их ярьснаараа бодит үр дүн гарахгүй. Шуудхан хэлэхэд малын хулгайтай хийх тэмцэл нь үндэсний хэмжээний үйл хэрэг болчихоод байна. Хэн нэгэн өмчлөөд хийх ажил биш. Малчдын нөхөрлөлийг дэмжих, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар олгодог малын эмч, эрхтэн дархтаны үйлдлийг зогсоохоос эхлээд энэ ажилд хүн бүрийн оролцоо, ухамсарт сэтгэлгээ чухал. Өнөөдөр ажил төрлийг зоосны нүхээр харж, хэдэн бор цаас малын эмчийн гарт атгуулаад гарал үүслийн гэрчилгээ авч, малчдын хөлсөө урсган байж үржүүлсэн мал сүргийг нэг л өдөр нядлаад дэлгүүрийн лангуун дээр бараа шиг зарж байгаа.

Зөвхөн утсаар мэдээлэл солилцоно гэдэг маш хоцрогдсон хэлбэр

Энэ бусармаг гэмт хэргийг зогсоохын тулд зөвхөн Эрүүгийн хуулиа өөрчилж, ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй. Малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, малчдын нөхөрлөл сүлжээг бий болгох, үндэсний мэдээллийн баазыг өргөтгөж, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, солилцох зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байна.

-Мэдээ мэдээллийн бааз гэдэгт та юуг хамааруулж байна вэ. Хэрэг бүртгэлт, мэдээллийн бааз сул байна гэж та дүгнэж байна уу?

-Өмнөх хуулиар хулгайд алдагдсан малын үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байсан. Тиймээс нийт малын хулгайн хэргийн 68 хувь нь бүртгэгдээд, үлдсэн хувь нь бүртгэгдэхгүй үлдэх тогтолцоотой байсан. Харин шинэ хуулиар ганц ширхэг өнчин ишиг хулгайлсан ч эрүү үүсгэдэг болсон. Энэ бол нэг дэвшил.

Гэхдээ малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг зөвхөн нэг хүчин зүйлтэй холбон тайлбарлах нь буруу. Хууль эрх зүйн орчноос гадна мэдээллийн бааз муу байдаг нь хэрэг илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн тонхил суманд малын хулгай гарлаа гэхэд тухайн малын зүс гэх мэт шаардлагатай мэдээ мэдээлэл 21 аймгийн хэсгийн төлөөлөгч рүү цаасаар очих гэсээр байтал долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нөгөө малыг хэдийн нядлаад, зараад, хэн нэгний хоол болчихдог. Энэ нь хууль хяналтын байгууллагын буруу гэж дүгнэхээсээ илүү бид үндэсний сүлжээ, мэдээлэл түгээх дата бааз, системийг боловсронгуй болгох арга техник байхгүйтэй холбоотой. Зөвхөн утсаар мэдээлэл солилцоно гэдэг маш хоцрогдсон хэлбэр. Гэмт хэргийн мэдээлэл бол зураг, огноо, газар нутгийн байршил гэх мэт олон дата байдаг. Эдгээр мэдээллийг бүх аймаг, сумдад хэдхэн минутад зэрэг хүргэдэг бол тэр хэрээр хэргийн илрүүлэлтийг хурдасгах боломж нэмэгдэнэ. Жишээ нь, малчин Болд малаа алдлаа гэхэд тухайн өдрөө хэсгийн төлөөлөгч дээр очиж, тус хэргийг комьютерт шивээд дуусахад бусад аймагт мэдээлэл нь очдог системийг яриад байгаа юм. Учир нь малын хулгайн гэмт хэрэг өөрөө цаг хугацаатай уралддаг онцлогтой. Тиймээс малын хулгайчдын үйлдэл нарийсахын хэрээр төрийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох ёстой.

-Та “Зундуйн Дорж” сангийн тэргүүнээр ажилладаг. Сангийн үйл ажиллагааны хүрээнд малын хулгайтай тэмцэх, малчдын эрх ашгийг хамгаалах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөсөн байх. Сангийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

-“Зундуйн Дорж” сангаар дамжуулан аавынхаа хийж байсан болон хийхээр төлөвлөж байсан үйлсийг үргэлжүүлэх, Монгол Улсын үндсэн хуулиар төрийн хамгаалалтад байдаг мал сүргийг  хамгаалах, малчдыг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, олон нийтэд хүргэх, цаашлаад малчид малын үр шимээ хүртэх, малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, дэмжих гэх мэт олон ажлыг дэс дараатай хийхээр төлөвлөсөн. Бидний баримталж буй гол зарчим бол ажлынхаа үр дүнг олон түмний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодит ажил болгоход чиглэж байна. Аав маань амьд сэрүүндээ үр хүүхдээ, өөрийн амьдралаа хойш нь тавьж, монгол малын удмын санг хамгаалах, малчин түмнээ хайрлан дэмжих, малын хулгайтай тэмцэх ажилд чин сэтгэлээ зориулсан давтагдашгүй, дахин төрөхгүй нэгэн байсан. Тиймээс ч монгол хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн. Түүний хэлсэн “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян, Монгол баян” гэдэг наймхан үгэнд Монгол Улс тэр чигтээ багтсан гэж боддог. Энэ наймхан үг бол зөвхөн шүлэг биш, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн тунхаглал, философи юм. Энэ гайхамшигтай мөр дахин давтагдахгүй, дахин засагдахгүй яг л энэ хэвээрээ үеийн үед түүхэнд үлдсэн.

-Аав тань Малыг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг байгуулсан байх аа?

-1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан. Энэ нь мал сүргийг монголчууд бид дээдлэн ирсний илэрхийлэл юм. Тэр жил аав маань “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийг байгуулж, хөлөө хүрэх газарт цуцалтгүй явж тэмцэж, тухайн үеийн “Нүгэл буян” гэх мэт сонин хэвлэлд олон арван шүүмжлэл, ярилцлага, эрэн сурвалжлах материал нийтэлж, үзэгний хүч, үгийн чадлаар 1993 оны Эрүүгийн хуульд Мал хулгайлах гэсэн заалтыг оруулж чадсан байдаг. Аав маань айлаас зурагт хулгайлах, хотноос мал хулгайлах хоёр бол өөр зүйлчлэлээр шийдэгдэх асуудал гэж үздэг байсан. Зарим хуульч дээрх хоёр хэрэг хоёулаа хүний өмчид халдсан гэдгээрээ ижил агуулгатай гэж тайлбарлах нь бий. Гэхдээ зурагт бол хүний хэрэгцээ, үржихгүй. Харин мал сүрэг бол өсөж үрждэг баялаг юм. Өнөөдөр 10 байсан хонь ирээдүйд 1000, 2000 болж үрждэг. Тиймээс мал сүрэг бол амьгүй өмч биш юм гэдгийг ойлгуулах нь асар чухал. Өсөж үрждэг, өдөр бүр үр ашгаа өгдөг, жилдээ хоёр ч удаа малын гаралтай түүхий эдийнхээ үнэ цэнийг мэдэрдэг малчдад бол мал сүрэг нь тэдний амьжиргааны эх үүсвэр мөн.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж