Бодлогогүй боловсролын завхрал

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Бодлогогүй боловсролын завхрал

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

  • Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа.
  • Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ.
  • Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж