“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна.

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.


-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

  • Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.
  • Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа.
  • Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж