Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан Singapore school of Mongolia (SSM) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус сургууль нийт 173 сурагчтай, 32 багш, ажилчинтай ажээ.
Хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс Халдварт өвчин судлалын үндэсний төвд 43 нь хэвтэн эмчлүүлсэн бол тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоёр сурагч эмчлүүлж, одоо биеийн байдал нь сайжирч байгааг албаныхан хэллээ. Мөн хоолны хордлогын улмаас гэрээр 39 хүүхэд эмчлүүлж буй бөгөөд нэг хүүхэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин нэг хүүхдийн онош үгүйсгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өвчтөнүүдээс урьдчилан авсан шинжилгээгээр шигелла флекснер 1А үүсгэгч илэрсэн байна. Уг үүсгэгч нь голдуу бохирдсон усаар дамжиж өвчлөл үүсгэдэг ажээ.
“ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРТ 2019 ОНЫ ГУРАВДУГААР САРААС ЭХЛЭН ХАМРАГДЖЭЭ
“Singapore school of Mongolia” сургууль нь 2018 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. "Үдийн цай" хөтөлбөр болон ажилчдын хоолыг гэрээгээр 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хийж эхэлжээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллагаас "Үдийн цай" хөтөлбөрийн хяналт дээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. Энэ сургуульд манайхаас “Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх дотоод хяналт тавьж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно. Манай байгууллагаас сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолны 12 бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж, нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Үдийн цай" хөтөлбөрийн санхүүжилт 600 төгрөг хэвээрээ байгаа. Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ашиг хараад, хямд түүхий эдээр хоол хийж бэлтгэдэг. Бид хэдий хяналт тавилаа ч байнгын хяналт гэж байхгүй. Иймд аж ахуйн нэгж байгууллага сургуулийн удирдлага дотоод хяналтыг өдөр тутам хийж байх ёстой” гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас хордлогын талаар мэдээлэхдээ "Өнөөдрийн байдлаар /2019.04.08/ SSM сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрсэн. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна" гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ