Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Хойд эцэгтээ зодуулсан 4 настай хүү хоёр удаа хагалгаанд оржээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт энэ сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан нь олон нийтийн жигшлийг төрүүлээд байна. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь сайнгүй байгаа юм. Хэргийг тодруулбал, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь дээрх хэрэг гарснаас хойш гурав хоног цагдан хоригдож байгаад уржигдар /2019.03.18/ батлан даалтад гарчээ. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА

Дээрх асуудлаар бид ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодруулахад “Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хүүг зодсон хойд эцэгт Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Оногдуулах хариуцлагын хувьд найман жил хорих ял шийтгэнэ гэж хуульд заасан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй болохоор хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хэргийг шийддэг” гэж ярилаа.

ДӨРӨВХӨН НАСТАЙ ХҮҮГ МОДОН ХУСУУРААР ХӨХ ЭРЭЭН БОЛТОЛ НЬ ЗОДЖЭЭ

Т нь тухайн өдөр хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Тэрбээр “Заримдаа үгэнд орохгүй болохоор нь шийтгэл болгож бөгсийг нь алгадах, гарыг нь өргүүлэх, томоотой суулгах, гар бөгс рүү нь алгадах гэх мэтээр шийтгэдэг байсан. Тухайн өдөр өглөө босоод хоол халаах гээд гарт нь ойрхон модон хусуур байсан. Тэрүүгээр цохисон. Уйлаад доошоо суухаар нь татаж босгоод, загнаж байгаад уур гарсан. Хэсэг зуур юу билээ гэж бодоод, цохисон газруудад хөхөрсөн байхыг олж харсан. Тэгээд их харамссан даа, тэр үед” гэж ярьжээ. Хохирогчийн ээжийн хэлснээр Т нь хүүг удаа дараа зодож байсан аж.

ХҮҮ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хагалгаанд орсноос хойш хүүгийн биеийн байдал маш муу байгаа талаар ар гэрийнхний зүгээс хэллээ. Хүүгийн ээж О “Миний хүү үхэх сэхэх нь мэдэгдэхгүй, найдвар маш бага, эмч нар өдөр бүр хамаг чадлаараа тэмцэж байна” гэв.

ГССҮТ-ийн эх сурвалж мэдээлэхдээ "Дөрвөн настай Э нь 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт бусдад зодуулсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Ерөнхийдөө биеийн байдал нь хүндэвтэр, зүүн талын хатгаалын доод гурван үе дээрээ хугаралтай. Битүү гэмтэлтэй ирээд яаралтай журмаараа хугарлаа бэхлэх мэс засалд, мөн хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах зорилгоор хэвлийн мэс засалд орсон. Одоо хүүхдийн биеийн байдал хүнд, дөрөв дэх хоногтоо амьсгалын эмчилгээ хийгдэж байна” гэж ярилаа.

ХҮҮГИЙН АР ГЭРИЙНХЭН ӨМГӨӨЛӨГЧ АВЧЭЭ

Хүүгийн ээж энэхүү харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн ажээ. Хүүгийн асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад “Ар гэрийнхэнтэй нь хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа учраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн, хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн болоод эдийн засгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.

Хуульд зааснаар хүүгийн хойд эцэг Т нь гэм буруутай нь тогтоогдвол найм хүртэл жил хоригдох хуулийн заалттай.  Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10 000 нэгжээс 40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж