Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засгаа төлөвшүүлэх үү

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засгаа төлөвшүүлэх үү

Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засгаа төлөвшүүлэх үү

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлснээс хойш гурван парламент дамжиж энэ сэдвийг тойрсон маргаан, хэлэлцүүлэг өнөөг хүртэл үргэлжилж байна.

Зарим улстөрчийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэсэн байр суурьтай байдаг бол зарим нь эцэг хуульд гар хүрэх шаардлагагүй гэж тайлбарладаг. Гурван парламент дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийг МАН-ынхан үнэмлэхүй олонх байхдаа өөрчлөхөөр хоёр ч ажлын хэсэг байгуулсан.

Үндсэн хууль бол нэг талаасаа хуулийн баримт бичиг, нөгөө талаасаа улс төрийн баримт бичиг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын төрийн тогтолцоо ямар байх, хүний эрхийг хэрхэн зохицуулах гээд гол харилцааг зангиддаг үндсэн баримт бичиг.

Уг баримт бичгийг өөрчлөх үү, үгүй юу гэдэг нь үнэмлэхүй олонхоос хамаарч ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. УИХ-ын шинэхэн дарга эцэг хуулийг өөрчлөх шаардлагатайг сануулж, чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн.

Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, эсвэл  тодорхой “засвар” хийж, парламентын засгаа төлөвшүүлэх үү гэх талцал улс төрийн хүрээнд үүсэх шинжтэй. Ингээд  улстөрчдийн байр суурийг хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж чадах түвшний парламент байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд ямар нэгэн байдлаар хэт туйлшрах магадлал бий. Тийм учраас миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэж байна. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гэдэг болчих вий гэдгээс болгоомжилж байна. Ний нуугүй хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрүүл саруул ухаанаар зөв шийдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан. Миний хувьд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг. 1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санааны 20 хувьд нь өөрчлөлт оруулна гэсэн санал явж байгаа. Төрийн тогтолцоотой холбоотой олон асуудлаар Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай. Уг нь намрын чуулганаар хэлэлцэх байсан ч амжсангүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. 1992 оны шинэ Үндсэн хууль муу ч хууль байгаагүй. Тухайн үед ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй 400 гаруй депутат баталсан ийм хууль. Харин “Дордохын долоон өөрчлөлт”-өөр Үндсэн хуулийг муутгачихсан. Тухайлбал гишүүн, сайд хоёрыг хамт хийдэг болгож өөрчилсөн. Энэ нь маш том алдаа болсон. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох субъект хоёрыг нэг болгочихсон. Мөн аливаа хуулийг 66 хувиар баталдаг байсныг 51 буюу ердийн олонхоор баталдаг болгож өөрчилсөн. Ингэснээр чанаргүй муу хууль батлагдах үндэс нь болсон гэж хэлж болно. Хуулийг олон шүүлтээр гаргах ёстой. АНУ-д гэхэд хууль батлахдаа Ерөнхийлөгч, конгресс, сенат гурвуулаа дэмжиж байж батлагддаг. Хэрэв аль нэг нь татгалзахад тухайн хууль явахгүй. Гэтэл манайд 51-хэн хувиар хуулиудыг машиндаж байна. Амьдралд хэрэгжихгүй хуулиуд олноор гарснаар буцаан өөрчлөх шаардлага гардаг. Энэ алдааг Үндсэн хуулиа өөрчилж байж засна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ

Үндсэн хуульд гар хүрэх боломж энэ парламентад байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хэт олонхоос бүрдсэн парламент. Хоёрдугаарт, хэт олонх нь үндсэндээ гурван жил төрийн ажил хийсэнгүй. Сандал суудал булаацалдаж, дотроо хоёр, гурав хуваагдаж, эцэстээ нэг намын зодоон төрийн хямрал болж хувирсан. Үндсэндээ, Монголын төрийг гурван жил самарч төрийн нэр хүндийг унагаалаа. Ийм нам өнөөдөр Үндсэн хуульд чанартай өөрчлөлт оруулна гэдэгт би эргэлзэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж