Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний явцын мэдээллийг хүргэе. Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна.
Сагсан бөмбөгийн 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна. Өчигдөр/2018.12.26/ дараах хоёр тоглолт боллоо.
ДАЙЧИД ЭХНИЙ ТОЙРОГТ БОСОО БАЙЛАА
MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг энэ удаад “Баянхонгор Мазаалай” багийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үе 25:25-аар тэнцээгээр өндөрлөсөн. Хоёрдугаар үед Дайчид баг зэрэг илүү байж долоон онооны давуутай болсон. Улмаар “Дайчид”-ын А.Энхбаясгалан, О.Энхбаатар нар жигд тоглолтын үзүүлэн, оноог холдуулсан юм. Ингээд тоглолтын цаг дуусахад 109-90 харьцаатай “Дайчид” баг хожиж эхний тойргийг хожигдолгүй дуусгалаа. Харин “Мазаалай” хожил авч амжаагүй ч хоёр болон гуравдугаар тойрогт сайн тогловол плей-оффд орох боломжтой болж байна.
ШОНХОРУУД ХҮСНЭГТИЙН ХОЁРДУГААР БАЙРТ БИЧИГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн сүүлийн тоглолт “Ховд Шонхорууд” болон “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” багуудын хооронд боллоо. Хоёр багийн амжилт адилхан байсан учир аль хожсон нь хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхлэх байсан юм. Чухал ач холбогдолтой энэхүү тоглолтод Монгол улсын 3х3 шигшээ багийн дөрвөн тоглогч бие биенийхээ эсрэг тоглосон. Шонхоруудаас Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Өвөрхангай Тэнүүн-Өлзий багаас ОУХМ Д.Дэлгэрням, Э. Цэрэнбаатар нар талбайд гарч тогложээ. Тоглолтын эхнээс л “Ховд Шонхорууд” гайхалтай байсан юм. Тэд эхний үе дуусахад эсрэг багаасаа 16 оноог илүү авч онооны зөрүүг улам холдуулсаар дөрөвдүгээр үеийн эхэнд 26 оноогоор тэргүүлж энэ байдлаа хадгалж чадсан. Ингээд тоглолтын эцсийн шүгэл дуугарахад 106-92 харьцаатай Шонхорууд хожил байгууллаа.
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн дараагаар хүснэгтийн байдал:
- “Архангай Алтан Дорнодын Дайчид” 5-0
- “Ховд Шонхорууд” 4-1
- “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” 3-2
- “Сүхбаатар Альянс-Тех” 2-3
- “Хэнтий аймаг” 1-4
- “Баянхонгор Мазаалай” 0-5