Нийтийн тээврийн компанийн төлөөлөл өнөөдөр /2018.11.21/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд 2017 оноос эхэлж нэмэгдсэн дизель түлшний үнэ өнөөдөр 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй болсон гэв. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн өглөө.
БАНКАНД ӨР ТАВЬЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭВИЙН ЯВУУЛЖ ИРЛЭЭ
Тэрбээр “Нийслэлд орон нутгийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 компани 950 гаруй автобус 89 чиглэлд 700 мянга гаруй зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. 2015 оноос 2017 оны есдүгээр сар хүртэл ам.долларын ханш, дизель түлшний бөөний үнэ тогтвортой байсан учир нийтийн тээврийн салбарт хүндрэл гараагүй, машин цагийн зардлыг өөрчлөх шаардлага гараагүй байна. Тийм учраас хоёр жилийн хугацаанд тайван сайхан байлаа.
Гэтэл 2017 оны есдүгээр сараас эхлэн хувийн хэвшлийн компанийн санхүүжилтээс цаг тутам 2261 төгрөгийг хасч /шалгагч нарын цалингийн фонд/ 30672 төгрөгөөр санхүүжүүлэх болсон. Мөн оны аравдугаар сараас дизель түлшний бөөний үнэ, ам.долларын ханш байнга нэмэгдсэн. Ингээд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдсэн зэргээс үүдэн машин цагийн зардалд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм.
Нийтийн тээврийн нэг машин цагийн зардал хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг холбогдох газруудад удаа дараалан тавьсан. Үүний дагуу машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох НИТХ-ын 6-22 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Журамд өөрчлөлт оруулах ажлыг хэсэг”-үүд томилогдон ажиллаж, дүгнэлтээ өнгөрсөн тавдугаар сард бэлэн болгосон гэсэн. Энэ дүгнэлт өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөл болон Иргэдийн хурлын аль алинд нь танилцуулагдахгүй байна. Уг ажлын хэсэг дизель түлшний бөөний үнийг 1900 төгрөг, ам.долларын ханшийг 2450 төгрөгөөр тооцож, их багтаамжийн автобусны нэг машин цагийн зардлыг 36540 төгрөг болгож, ингэснээр энэ онд 17.4 тэрбум төгрөг нэмэлтээр шаардагдана гэсэн тооцоог гаргасан.
Нийслэлийн тээврийн газрын дарга компаниудын алдагдлыг энэ онд "Засаг дарга олгоно" гэсэн хариу өгсөн учраас тээвэрчид бид харилцагч байгууллагууд, банкуудад өр тавьж өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж ирлээ. Арваннэгдүгээр сараас эхлэн дизель түлшний бөөний үнэ огцом өсч, 2390 төгрөг болсон нь түлш нийлүүлэгч компаниуд түлш зээлэх зэргээр олгох үнийн дүнгээ нэмэгдүүлэхгүй гэсэн мэдэгдэл ирүүлэх боллоо.
Дизель түлшний үнэ 2390 төгрөг болсноор нэг машин цагийн зардал зөвхөн шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж 32933 төгрөг гэж тооцоолсон зардал нь 39756 төгрөг болж байгаа бөгөөд 30672 төгрөгийн санхүүжилт аваад нийтийн тээврийн үйлчилгээг цаашид хэвийн явуулах ямар ч боломжгүй болоод байна. 2018 онд гарсан алдагдал зөвхөн шатахууны үнийг зөрүүг нэхэхэд л хувийн хэвшлийн компани дээр 5.1 тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Иймд дизель түлшний үнийн зөрүү алдагдал болох 5.1 тэрбум төгрөгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг шаардаж, 2019 оны төсвийг батлахад дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг Нийслэлийн удирдлагад санал болгож байна.
Хуульд зааснаар, нийслэлийн иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах асуудал Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Үүнд ямар нэгэн яамд ямар ч хамааралгүй. Дээр нь шатахуун нийлүүлэгч компаниуд шатахуун өгөхгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл нэг автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн шатахууны зардал нэмэгдэж байгаа. Өдөрт нэг автобусанд 54 мянган төгрөг гэхээр арван автобус гаргадаг хүнд 540 мянга, 100 автобус гаргадаг бол таван сая төгрөгийн шатахууныг өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр тээвэрчдээс шалтгаалахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ тасалдах доголдох асуудал гарч болзошгүй боллоо гэдгийг иргэддээ анхааруулж байна" гэв.
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИЙН ЗҮГЭЭС ИРЭХ ДАВАА ГАРИГИЙГ ӨНГӨРӨӨХ ҮҮ, ҮГҮЙ ЮУ ХЭМЖЭЭНИЙ БАГА ТҮЛШ ӨГСӨН
“Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг “Эцсийн шатандаа нийтийн тээвэр доголдоод иргэдэд хүндрэл учруулах үед иргэд хувийн хэвшлийн болон том оврын автобусны компаниудыг шантааж хийгээд зогсчихлоо гэдэг мэдээлэл гарах вий гэсэн үүднээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай компани долоо хоног бүр “Петро Стар” ХХК-аас 150 тонн шатахууныг баазууд дээрээ хуваагаад татчихдаг. Гэтэл шатахуун нийлүүлэгч компанийн зүгээс ирэх даваа гаригийг өнгөрөөх үү, үгүй юу хэмжээний бага түлш өгсөн. Мөн тухайн компаниас цаашид манай компанид түлш нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хувийн хэвшлийн бусад компанид ч дээрх мэдэгдэл ирсэн байгаа.
Ер нь улсын буюу зорчигч тээврийн нэгтгэлийн нэг болон гуравдугаар компани хүртэл өрөнд орчхоод байна. Нийтийн тээвэр зогсох биш давхар нийлүүлэгч компаниуддаа хүртэл санхүүгийн хүнд байдалд оруулах хэмжээнд байдал хүндрээд байна. Ерөнхий сайд түлшний үнийг барихгүй зах зээлийн жамаар яваг гэж хэлж байсан. Тэгвэл нийтийн тээврийг зах зээлийн жамаар л явуулалдаа. Яагаад нийтийн тээврийг боомилж зогсоогоод эцсийг нь хүртэл явуулах гээд байгаа юм. Хэрэв нийтийн тээвэрт доголдол гарах юм бол бид хариуцлагыг хүлээхгүй шүү гэдгийг мэдэгдэж байна" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ