Ингээд хагас жил өнгөрлөө. Шинэ эмнэлэг баригдах бус өдөр ирэх тусам Түлэнхийн төвийн барилгын ажлын талаара яриа мартагдаж эхлэв. Түлэнхийн төвийн хашаа ойр орчмын байрны иргэдийн хогоор дүүрч, эргэн тойрных газар бага багаар бусдын гарт орж эхэлжээ. Цагтаа ардаа өвчтөнүүд салхилдаг цэцэрлэгтэй. Хашаа нь цэлгэр том байсан. Харин өдгөө хажуугаар сүндэрлэх орон сууцнууд эмнэлгийн эзэмшлийн газар луу орчихсон. Арын цэцэрлэгийг битүү хогоор дүүрсэн аж.
Түлэнхийн төвийн одоо байгаа барилгыг нурааж, цэвэрлэхэд 500 орчим сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдэг. Үүнийг нурааж, цэвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн сайд нь Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг боломжтой компаниудаасаа телевизэээр хүртэл олон удаа гуйсан. Гэсэн ч буулгаад өгчих “хоншоортой” бас нийгмийн хариуцлагатай компани олдоогүй л бололтой. Одоо хүртэл аймшгийн кино дээр гардаг сүнстэй байшин мэт бүх цонх нь хагарч, бүргэд хаалга нь тоногдсон төрхтэй “сүндэрлэсээр” л байна.
Эрүүл мэндийн яамнаас Түлэнхийн төвийн барилгын ажилд онцгой анхааран ажиллаж байгаа гэдэг. Өмнө нь барилгын зураг зураад, төсвийг нь батлуулах дээрээ тултал нэмэлт бөөн ажил хийхээр болж, дахин төлөвлөхөөр болсон. Дахиад зургийг зурж, төсвийг боловсруулсан ч батлагдалгүй өдийг хүрэв. Хэдэн тэрбумаар хөшөө бариулдаг, цуглуулаад эмнэлэг барих ухаан олон төрийн үед дутагдаагүй л байлтай.
“Түлэнхийн төв”-ийн барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас мөн оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч тус яамтай гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар барилгын архитектор төлөвлөлт буюу дотор гадна орон зайн төлөвлөлт, өрөө тасалгааны зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бүтэц, дотор цахилгаан, цэвэр бохир ус, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартыг мөрдөн боловсруулжээ. Мөн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл болон хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгдсэн байна. Гэвч энэ жилдээ лав барилгын ажил эхлэхгүй нь тодорхой болов.
Тэгвэл хуучин Гэмтлийн эмнэлэг буюу Түлэнхийн төвийн клиникийн одоогийн байгаа хуучин хоёр давхар тоосгон барилга нь 1957 онд ашиглалтад орсон байна. Энэ барилгыг 1975 оноос гэмтлийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.
Өдгөө балгас болсон барилга нь цагтаа алтан гарт эмч нар ажиллаж, осолдож, эндсэн иргэдийн эрхтэн, амь насыг аварч байсан байгууламж байлаа. Гэвч өдгөө Түлэнхийн төв түүх болон үлдэхэд тун ойрхон болжээ.