Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Ямар ч нууцгүй үнэн

Өнгөрсөн  долоо хоногт  цагдаагийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээлэл ихээхэн шуугиан тарилаа. “Олон хүүхэдтэй айлын нэг нь алджээ, хэцүү ч юм болж дээ” гэж хэлэх хүн  байхад  “Цагдаа биш дээрэмчин” гэж харааж зүхэх нь ч байна. Ам булаалдан ярьж, бичсэн дотор сүржин гарчигтай, даржин бичлэгтэй хэдэн бичвэрүүд ч харагдах юм. Энэ явдлыг шинэ удирдлагуудтай нь хүртэл холбож дэвэргэх нь үнэнээс дэндүү хол гэдгийг онцлохыг хүслээ. Хуучин удирдлагуудын үед ч хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарч, эцэстээ генерал, хурандаа нар өөрсдөө гэмт хэрэгт холбогдсоныг  хүмүүс мэдэж  байгаа. Гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн албан  хаагч нар хуулийн өмнө зохих хариуцлагаа үүрэх нь гарцаагүй.  Тэднийг цагдаа гээд суллаад  явуулчихгүй нь ойлгомжтой.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүйн байдал, гэмт хэрэгт холбогдсон  талаарх  мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас олон нийтэд дэлгэсэн нь сонирхолтой хэрэг  юм. Энэ байгууллагаас зөвхөн бусдын гэмт хэрэг үйлдсэн тухай албаны мэдээлэл өгдөг  гэсэн ойлголтыг эвдэж, ямар судалгаа тоо баримтад тулгуурлан ажиллаж, ямар арга хэмжээ авдаг, юунд анхаардаг  талаар сэтгүүлчдэд мэдээлсэн нь  цагдаагийнхны  үүд хаалга хэрхэн нээлттэй болсныг харууллаа.Мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож 24 цагийн үйл ажиллагаатай утас хүртэл ажиллуулдаг болжээ. Танд гомдол санал байвал 126, 93022510,70121515 гэсэн утсаар залгахад л хангалттай. Би ч бас залгаж үзсэн. Шуурхай юм билээ. Хүний эрх, эрх чөлөө зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, өгсөн үүрэг даалгавар үл биелүүлсэн, бусадтай зүй бус харьцсан, архидан согтуурсан гээд маш олон сахилгын зөрчлийг  тодорхой нэр хаяг хоног өдөртэй нь бүртгэж авсан арга хэмжээг нь бичдэг дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэс ажиллан энэ талаархи  судалгааг цаашид ч олон нийтэд нээлттэй мэдээллэх тухай албаны хүмүүс ярилаа.

Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад  2011 онд 2131 алба хаагч  гэмт хэрэгт холбогдож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 1383  болжээ. Энэ бүхнийг ёс журмын хяналт, ард иргэдийн гомдол санал, дотоодын хяналтаараа илрүүлдэг юм байна.  Хүний амь нас эрүүл мэндийн эсрэг, тээврийн хэрэгсэл  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, шүүн таслах ажиллагааны эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг, албан тушаалын нэмт хэрэг, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны гээд хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт 2001 онд 101 хэрэгт 121 хүн холбогдож байсан бол  2013 он гарснаас хойш 84 болтлоо буурсан байна.

Олон хүүтэй айлын зовлон их болохыг бид мэдэх хойно 7000 орчим хөвгүүдтэй том айлын зовлон жаргалыг тоочоод барах юм биш. Хэдийгээр цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүний хүний тоо бол нууцын зэрэглэлтэй байдаг ч ингэж өөрсдийн бие бүрэлдэхүүнийхээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тоо баримтыг нийтэд дэлгэнэ гэдэг сайн хэрэг. Цагдаагийн байгууллага өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгмийн сайн сайхны төлөө бүтээсэн үйлс байгуулсан гавьяа хичнээн их билээ дээ. Алдаа гаргасан хөвгүүдээ ам булаалдан муучилахаас гадна алба үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, амьдралынхаа хуудас бүрийг энэ байгууллагын үйл хэргийн төлөө эргүүлж амьдарсан ахмад буурлууддаа урам дэм өгвөл сайхан сан.  
                                                                                             

                                                                                        Б.СОРОНЗОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж