Д.Эрдэнэтогтох Өмнөд Америкийн ноён оргилд

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэтогтох Өмнөд Америкийн ноён оргилд

Уулчин бүрийн мөрөөдөл “Seven Summits”. Долоон тивийн хамгийн өндөр уулсын оргилд мөрөө гаргах мөрөөдөл, хүсэл зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлсэн уулын спортын ОУХМ Д.Эрдэнэтогтох өнөөдөр эх орондоо ирлээ. Африк тивийн ноён оргил Килиманжаро /далайн төвшнөөс дээш 5895 метр/, Европ тивийн оргил Эльбрус /5642 метр/-т хөл тавьсан тэрбээр энэ удаад Өмнөд Америк тивийн зулай болсон Андын нурууны Аконкагуа оргилд /6960 метр/ амжилттай авирчээ. Сануулахад, Д.Эрдэнэтогтох 2006 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын хамт Эверестийн ноён оргил өөд авирч, 8800 метрийн өндөрт гарсан ч биеийн байдлаас шалтгаалан оргилд гарч чадалгүй буцсан билээ.

Тэрбээр ийнхүү Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн Монголын уулын спортын түүхэн дэх хоёр дахь тохиолдлын эзэн, анхны эмэгтэй уулчин болж буй юм. Өмнө нь уулын спортын ОУХМ Ч.Болдбаатар 2000 оны нэгдүгээр сарын 1-нд тус оргилд хөл тавьсан билээ.

Дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй эмэгтэй уулчид өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ. Гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох, спортын мастер Л.Наран, М.Гантулга нарын бүрэлдэхүүнтэй Аконкагуаг зорьсон Монголын эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа оргилыг эзэлжээ. Хоёрдугаар сарын 2-нд авиралтаа эхлүүлсэн тэрбээр 6500 метрээс дээш ганцаараа дайралт хийж, хоёрдугаар сарын 4-ний өдрийн 15.25 цагт оргилд гарсан байна.

-Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуаг эзэлсэн Монголын анхны эмэгтэй уулчин болсонд баяр хүргэе. Дөнгөж сая эх орондоо газардлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Уул болгоны оргилд гарахад өөр өөр сэтгэгдэл төрдөг. Энэ удаагийн авиралт тэсвэр тэвчээр шаардсан, маш их алхалттай авиралт байлаа. Бид нар далайн төвшнөөс дээш 700 метрээс авиралтаа эхлүүлж, бараг 7000 метрийн өндөрт гарсан. Нам дор газраа цэлмэг, тогтуун тайван мэт боловч дээшлэх тусмаа маш хүчтэй салхитай, хүйтэн байлаа. Мэдээж амжилттай авирсандаа сэтгэл хангалуун байна.

-Авиралтаа хэзээ эхлүүлж, яг хэзээ Аконкагуагийн оргилд хөл тавив?

-Манай багийнхан хоёрдугаар сарын 2-нд авиралтаа эхлүүлсэн. Яг оргилд гарсан хугацаа гэвэл 2013 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 15:25 цаг.

-Энэ авиралтыг хэзээнээс төлөвлөж, хэдий хугацаанд бэлтгэлээ базаасан бэ?

-Уулчин хүн оргилд гарсныхаа дараа дараагийнхаа оргилын тухай боддог. Нэг оргилд хөл тавьж үзсэн бол мэдээж дараагийн, өөр авиралтын талаар бодно. Сүүлийн хоёр сарын хугацаанд авиралтдаа эрчимтэй бэлтгэсэн дээ.

-Та дэлхийн дээвэр Эверестийн 8800 метрээс дээш гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. Тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад 8800 метрээс буцаж байсныг тань санаж байна. Тэр үеийг энэ удаагийн авиралттай харьцуулбал?

-Эверест гэдэг бол дэлхийн дээвэр, дэлхийн ноён оргил. Тэр утгаараа бусад оргилуудтай харьцуулахад хүнд бэрх, бэрхшээл ихтэй. Цаг хугацааны хувьд ч Эверест рүү хоёр сарын хугацаанд авирдаг бол Аконкагуагийн авиралтад бид 15-18 хоног зарцууллаа.

-Эверест рүү дахин авирах бодол бий юү, тийм бол хэзээ?

-Тэр тухай одоохондоо шийдээгүй л байна. Ямартай ч Эверестэд авирсан гэсэн сертификат, баталгаа надад байдаг. Тиймээс ойрын хугацаанд Эверест рүү авирах бодолгүй байна. Бусад оргилуудаа эзэлнэ гэж бодож байна даа.

-Б.Гангаамаагийн хувьд дэлхийн зулай гэгдэх Эверестэд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин. Харин сая Аконкагуа оргилд гарч чадалгүй замаасаа буцсан юм байна. Ер нь багийн гишүүдээс та ганцаараа оргилыг эзэлжээ. Бусад уулчдын хувьд ямар учир шалтгаан, асуудал, бэрхшээл байсан юм бол?

-Уулчин бүрийн хувьд өөр өөрсдийн гэсэн учир шалтгаан, хүндрэл бий. 

-Таны хувьд хэдэн метрээс дээш авиралтаа ганцаараа үргэлжлүүлсэн бэ?

-Багаараа авирах зорилт тавьж, тавуулаа явсан. Миний хувьд багийн гишүүдээс нэг нь ч гэсэн оргилд гарсан нь амжилт гэж бодож байгаа. Би 6500 метрээс дээш газарчинтайгаа хамт авиралтаа үргэлжлүүлсэн.

-Авиралт хэр хүнд байв, ядрав уу?

-Гайгүй шүү. Нээх их ядарч туйлдсан зүйл байхгүй. Мэдээж оргил өөд авирна гэдэг хэцүү. Уул уулын онцлог өөр, огт ядрахгүй байна гэж үгүй.

-Байгаль, цаг уурын хувьд ямархуу байсан бэ?

-Тэнд, Аргентинд одоо +40 хэмийн дулаан байна. Яг уулынхаа бэлд маш халуун, майк, шорттой явна. Дээшлэх туслаа цаг агаар хүйтэрч, 2950-3000 метр, бүр дээшээ 4300 метрт гараад ирэхээр хүчтэй салхитай, бүр оройдоо цасан шуургатай. Бид ч бас цаг агаарын байдал харзнаад хэд хоног хүлээсэн. Тэнд очсон бусад орны уулчид ч мөн цаг агаарын байдлаас шалтгаалж авиралтаа эхлүүлж байсан. 4-5 хоног хүчтэй салхитай, шуурга ихтэй байж байгаад дараагийн 2-3 хоног тогтуун байх ч гэдэг юм уу, уул уулын онцлог гэж бас бий.

-Оргил дээр гараад төрсөн анхны сэтгэгдэл?

-Хамгийн түрүүнд “Би чадлаа” л гэж бодсон. Өөр юу бодох вэ. Оргилд гараад буцаж буухдаа Андын нурууны бүх сайхан оргилуудыг хараад зогсч байхад үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа.

-Оргилд амжилттай гарсан баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Хамгийн ойр байгаа хүмүүс маань манай багийнхан байсан. Оргилоос буугаад, холбоо барьж болох газар ирмэгцээ хамгийн түрүүнд аавдаа дуулгасан.

-Нууц биш бол зардал мөнгөний талаар ярихгүй юү?

-Уулын спорт ер нь зардал өндөртэй. Хувь хүн өөрөө бүх зардлаа гаргаад, санхүүгийн асуудлаа зохицуулахад хүндрэлтэй. Миний хувьд “Оюутолгой” компанид ажилладаг, Өмнөговь харьяат. Тиймээс энэ удаагийн авиралтад “Оюутолгой” компани, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хамт олон тусалсан. Дээр нь ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө тусламжтайгаар санхүүгийн асуудлаа шийдсэн.

-Энэ удаагийн авиралтад нэг хүний зардал ойролцоогоор хэдэн төгрөг байсан бол?

-Ойролцоогоор 8,5 саяас дээш төгрөг зарцуулсан. Багаар бодоход л 8,5 сая төгрөг.

-Авиралтыг ямар байгууллага, хүмүүс хариуцаж ажилласан бэ?

-Тийм, ийм гээд хэлчих байгууллага байхгүй ээ. Гавьяат тамирчин Б.Гангаамаа санаачлаад, баг бүрэлдэхүүнээ бүрдүүлээд Аконкагуад авираад ирлээ.

-Мэдээж уулчин хүний мөрөөдөл “Seven Summits” байдаг байх. Дараагийн авиралтаа төлөвлөж амжсан уу?

-Дараагийн авиралтаа төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ одоогоор зарлаад яахав. Цаг нь болохоор мэдэгдэнэ гэж бодож байна.

-Уулын спорт гэдэг эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан хүнд спорт. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд?

-Мэдээж эмэгтэй хүний хувьд хүнд, хэцүү. Гэхдээ монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцээд амжилт гаргаж байгаа нь бахархалтай.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж