Хуучин “S Outlet” дэлгүүр байсан буурь буюу Сэлбэ дунд голын ойр орчим ундуй сундуй байх ажээ. Тодруулбал, нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн талын автомашины замаас эхлэн Буян компанийн хажуугаар нарны замтай нийлэх уулзвар хүртэл замын зүүн талаар явган зорчигч явах боломжгүй болсон байна. Учир нь, Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг. Тухайн оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан. Тиймээс үерээс хамгаалах хана барих ажлыг хотын захиргаанаас эхлүүлжээ.

Зам дагуу ногоон тор татсан, бетон хана барих ажил үргэлжилж байна гэсэн хаяг хэд хэдийг хатгасан агаад “S Outlet” дэлгүүр байсан бууринаас эхлэн хойш чиглэлд голын хоёр талаар нэг км орчим газарт 4.5 метр өндөр бетон хана босгож зарим хана дээр өнгө өнгийн зураг зурсан байв.
Мөн энд тэнд овоолсон шороо, хэд, хэдэн том техникүүд байх бөгөөд талбайд ажилчид арматур зангидаж натурын гүүр хүртэл бетон хана босгох ажил ид үргэлжилж байгаа нөхцөл байдалтай байлаа. Голын эрэг дагуу 3.5 метрийн шороон далан байсан бол одоо ийнхүү 4.5 метр хүртэл өндөр төмөр бетон хийцтэй далан барьж байна. Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ.
Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа. Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн" ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв. Тус компани нь Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай.
ШУГАМ СҮЛЖЭЭ МАШ ИХ УЧРААС АЖИЛ ЖААХАН ХОЙШИЛСОН

Үерээс хамгаалах түшиц бетон хана барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ажил гүйцэтгэж буй “Билгүүн Монгол” компанийн инженер И.Сумъяабазараас тодруулахад тэрбээр, түциш хана барих ажил дуусах дөхөж байгаа. Голын голдирлын тохируулга хийх ажил 20 орчим хувьтай үргэлжилж байна. Ерөнхийдөө хотын төв учраас шугам сүлжээ маш их. Үүнээс шалтгаалан ажил жаахан хойшилж байна. Гэхдээ хэлсэн хугацаандаа буюу зургадугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгнө” гэв.
Зураг төслийн дагуу л хийж ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхгүй бол дараагийн ажлууд явах боломжгүй болно. Манай компани зөвхөн үерээс хамгаалах түшиц хана барьж байгаа. Үлдсэн ногоон байгууламж, тохижилтын ажлыг өөр газар хийж гүйцэтгэнэ гэдгийг хэлсэн юм.
НОГООН БАЙГУУЛАМЖ, ЗОГСООЛ, ДУГУЙН ЗАМ ЗЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ

ЗУРАГ ТӨСЛИЙГ ХАРААД СЭЛБЭ ДУНД ГОЛ ҮНЭХЭЭР ГОЁ БОЛОХ НЬ Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН
Г.Баасансүрэн “үерийн үед арваад хоног тог цахилгаангүй. Гараж усанд автсан гээд нөхцөл байдал маш хүнд байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал тухайн үеэс нэг их дээрдсэн юм алга. Цементэн, өнгө үзэмжгүй хана барьчихсан. Тоос шороо, дуу чимээ их байна. Гэсэн хэрнээ төсөв, хөрөнгө мөнгө нь багагүй сонсогдсон. Сонгуулийн үед энэ цементэн ханыг барьсан. Тухайн үед ханын гадна талд маш гоё зураг төслийн зураг наачихсан байсан шүү дээ. Түүнийг хараад оршин суугчид Дунд гол үнэхээр гоё болох нь л гэж бодож байсан. Гэтэл одоо ямар байдалтай байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. Хана л босгоод байна. Анхны зураг төслийг нь харахад бараг манай хажуугаас автобус яваад л, унадаг дугуйн замтай, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж болно гэж ойлгож байсан.Бусад тохижилтыг хэзээ хийж дуусах юм мэдээлэл алга. Бид өмнө нь гэрээсээ гараад шууд гол руугаа орж хүүхдүүдээ тоглуулж, салхилуулдаг байсан. Одоо бол гэрээс гараад л цементэн ханатай нүүр тулж байна. Орц гарц байхгүй. Энэ ажил дууслаа гэхэд хана давж гол руугаа орох юм уу үнэхээр бүрхэг байна. Оршин суугчид үнэхээр гомдолтой, бухимдалтай байна” гэдгийг учирлаж байв.
Тэгвэл уг бүтээн байгуулалтын талаар Хот төлөвлөгч, архитектурч Батболд ингэж хэлэв.
"Дэлхийн олон хотод хотынх нь төвөөр их өргөн гол урсаж байдаг. Хотын голоор урсаж байгаа голыг өргөн болгож байж хотод амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд таатай уур амьсгалыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улсад ч ялаагүй хотын төвөөр Сэлбэ гол урсаж байгаа. Гэтэл хотын буруу төлөвлөлт, хэт их барилгажилтаас үүдэж дунд голын хэсэг улам нарийсаж бүр хаагдах дээрээ тулаад байгаа юм. Мэргэжлийн хүнээ нүдээр харахад ингэж далангаар хашаж байгаа нь тийм ч таатай зүйл биш л дээ. Иргэд гол руугаа ч орж чадахгүй, хажуугаар нь алхаж чадахгүй уйтгартай орон зай бий болох юм биш байгаа гэсэн айдастай байна.Инженерийн төлөвлөлт, тооцооллоор үерээс хамгаалах бетон хана хийж байгаа ч энэ хангалтгүй. Ер нь бол хотын голоор урсаж байгаа гол нь үерийн аюулгүй хэр нь иргэдийн ая тухыг хангасан байх нь чухал.Үүнийг бий болгохын тулд инженерүүдээс гадна хотын дизайн талаас нь харах хот төлөвлөгч, архитектурууд гэх мэт бусад мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсож хүмүүст таатай орон зайг бий болгох ёстой байсан байх гэж бодож байна. Бидэнд хотын дизайн шаардлагатай байгаа юм. Үүнд мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо хүргэдэг байгаасай. Сэлбэ, дунд голын үерийн хамгаалалтын далан нэгэнт баригдсан. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан учир одоо бол өөрчилнө гэж байхгүй байх цаашид бусад хийх зүйлүүд дээрээ төлөвлөлт, хотын дизайн, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсох нь зүйтэй байх” гэсэн юм.
ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭЗЭЭ ДУУСАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
2024 оны арваннэгдүгээр сард Сэлбэ дунд голын үерийн хамгаалалтын далан барих ажлын тендер зарлагдаж байжээ. Тэгвэл уг төслийн эхний буюу дээр дурдсан түшиц хана босгох ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол” компани яаж тендерт шалгарсан тухай мэдээлэл байхгүй байгааг Монголын залуучуудын эвсэл ТББ-ын орлогч захирал З.Энхбаяр “Сэлбэ голын төсвийг мөшгөе” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Түүний мэдээлснээр, тус компани 2024.11.10-нд тус ажлыг хийж гүйцэтгэхээр эхний санхүүжилт болох 1.2 тэрбум төгрөгийг авсан байна. Тэгвэл 2025.2.5-нд хоёр дахь санхүүжилт болох 1.9 тэрбум төгрөгийг мөн аваад байгаа аж. Зөвхөн түшиц хана барих ажлыг 20 орчим тэрбум төгрөгөөр хийж байна. Дараагийн ногоон байгууламж зэрэг тохижилтын ажлыг хэчнээн тэрбум төгрөг зарцуулж байгуулах үүнийгээ ямар санхүүжилтээр хийх зэрэг олон тодорхойгүй асуудлууд гарч ирж байгаа юм. Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг боловсруулж, Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр тохижуулж байсан билээ.




















Гэрэл зургийг О.Болорсувд
3,595.72






















































Холбоотой мэдээ