АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Даваа гаригаас /2025.04.21/ эхлэн Энэтхэг улсад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Вэнс болон түүний гэр бүлийнхэнд амьдардаг гэрээ танилцуулж, гурван хүүхдэд нь тогосны өд хүртэл бэлэглэв. Хөндлөнгөөс харахад халуун дулаан уур амьсгал боловч инээмсэглэл, тэврэлтийн цаана тарифын дарамт оршиж буй. Өөрөөр хэлбэл, Модигийн засгийн газар АНУ-ын тарифын нэмэгдлийг бууруулахаар хичээж буй үетэй энэ айлчлал давхцаж байна.
Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 26 хувийн тариф ногдуулсан. Гэхдээ Хятадыг эс тооцвол бусад улсад ногдуулсан тарифын нэмэгдэл 90 хоногийн хугацаанд түр царцаад буй билээ.
АНУ бол Энэтхэгийн хамгийн том худалдааны түнш. Тиймээс талууд тарифын дайнаас ангид үлдэх бүхий л аргыг эрчимтэй хэлэлцэж байна.
Вэнс гэр бүлийнхээ хамт Таж Махал зэрэг алдартай газруудаар зочилж явах хооронд Энэтхэг даяар хэд хэдэн тосгонд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Даваа гаригт олон арван тариачин Вэнсийн зургийг шатааж, "Вэнс гэртээ харь! Бид Энэтхэгийг худалдахгүй!" гэж эсэргүүцлээ илэрхийлэв. Импортын хямд бүтээгдэхүүн дотоодын тариаланчдын бизнест саад учруулна гэж үзсэний үндсэн дээр Энэтхэг улс эртнээс нааш тарифыг бамбай болгон ашигласан. Өдгөө засгийн газар Трамптай худалдааны гэрээ байгуулахын тулд энэ хамгаалалтаа сулруулж магадгүй гэж тариаланчид эмээж буй тул ийн эсэргүүцлээ илэрхийлж байна.
Моди, Вэнс нар эрчим хүч, батлан хамгаалах, стратегийн технологи болон бусад салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн гэж албан ёсны мэдэгдэлд дурдсан. Гэсэн ч хаалттай хаалганы цаадах жинхэнэ хэлэлцээрийн нарийн ширийнийг хэн ч олж мэдээгүй хэвээр. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал энэ айлчлалыг хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх айлчлал гэж тодорхойлжээ.
Энэтхэг, АНУ хоёр хэн хэнийгээ чухал түнш гэж үзэхийн зэрэгцээ Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх томоохон хөшүүрэг гэж хардаг. Энэтхэгийн далайн бүс нутагт Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж буй тул энэ нь ч аргагүй юм. Гэвч Трампийн тарифын заналхийлэл ашиг сонирхлын нэгдлийг гацаагаад буй.
Энэ удаагийн Вэнсийн айлчлалын үеэр Энэтхэг улс худалдааны хэлэлцээг түргэвчлэхээр зорино гэдгийг Энэтхэгийн дипломатч асан Анил Тригунаят онцолсон юм.
Мөн АНУ нь Энэтхэгийн худалдааны хамгийн том түнш учраас худалдаанд хохирол бага байх болно гэжээ.
Гэвч нөхцөл байдлыг арай урвуугаар харж буй шүүмжлэгчид ч бий. Хятад, Европын холбоо, Канадаас ялгаатай нь Энэтхэг улс Трампийн тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаас зайлсхийсэн билээ. Тэд туйлын уян хатан байж, АНУ-д таалагдахыг хичээсэн. Гэвч АНУ-ын дээрэлхэх тактик нь Энэтхэгийн аюулгүй байдал, эдийн засагт маш муу гэдгийг Массачусетсийн Амхерстийн их сургуулийн эдийн засгийн профессор Жаяти Гош хэлэв.
ТАРИФЫН ЖИНХЭНЭ ХААН
АНУ, Хятад хоёр эртнээс нааш Энэтхэгийн хамгийн том худалдааны түнш болохын төлөө өрсөлдсөөр ирсэн. Улмаар өнгөрсөн онд АНУ энэ өрсөлдөөнд тэргүүлсэн. АНУ-ын засгийн газрын худалдааны мэдээллээс харвал хоёр талын худалдаа 129.2 тэрбум ам.доллар болжээ. Харин Энэтхэг, Хятадын худалдаа 127.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Гэхдээ Энэтхэг, Хятадын худалдааны харилцан гэхээсээ илүү нэг талдаа төвлөрсөн гэдгийг энд онцлууштай. Өөрөөр хэлбэл, Энэтхэг ихэвчлэн Хятадын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. 2024 онд Энэтхэг улс Хятадаас 110 тэрбум ам.долларын бараа импортолсон боловч ердөө 15 тэрбум ам.долларын бараа экспортолжээ.
Эсрэгээрээ АНУ, Энэтхэгийн худалдааны тэнцэл нэн таатай нөхцөлд байдаг. Тэд 2030 он гэхэд хоёр талын худалдаагаа 500 тэрбум ам.долларт хүргэх амбицтай зорилт дэвшүүлээд буй. АНУ өнгөрсөн онд 41.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг рүү экспортолжээ. Үүний 30 хувийг газрын тос, түлш эзэлсэн бол араас нь үнэт сувд, чулуунууд удаална. Цөмийн реакторын эд анги, цахилгаан машин, тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл сэлтийг мөн АНУ-аас импортолж байна.
Тэгвэл Энэтхэгийн АНУ-д хийсэн экспорт 2024 онд 87.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүнийг сувд, цахилгаан машин, эмийн бүтээгдэхүүн тэргүүлж байна. Үүнээс гадна органик химийн бодис, нэхмэл эдлэл, ган, хувцас зэргийг экспортолдог.
Худалдааны алдагдлыг харвал АНУ, Энэтхэгийнх нь арай бага алдагдалтай байна. Гэхдээ АНУ-ын худалдааны хамгийн их алдагдалтай орнуудыг жагсаахад Энэтхэг 10-т орж байна.
Трамп ч үүнийг хэд хэдэн удаа дурдсан. Тодруулбал, тэрбээр Энэтхэгийг "тариф зөрчигч", "тарифын хаан" гэж тодорхойлон, удаа дараа шүүмжилсэн билээ. Хамгийн сүүлд л гэхэд гуравдугаар сард "Энэтхэг бидэнд асар их татвар ногдуулдаг. Энэтхэгт юу ч зарах боломжгүй. Нэн хязгаарлагдмал байдал шүү. Бид хоорондоо маш бага бизнес хийдэг" гэжээ.
Үнэхээр ч Энэтхэгээс АНУ-д, АНУ-аас Энэтхэгт тулгадаг тариф харилцан адилгүй, тэр бүү хэл нэлээн ялгаатай аж. Энэтхэгийн Олон улсын эдийн засгийн харилцааны судалгааны зөвлөлийн тайланд дурдсанаар Энэтхэгийн тарифын дундаж хэмжээ 17 хувь байгаа бол АНУ-ынх 3.3 хувьтай байна. Ганц жишээ дурдвал, АНУ-ын Энэтхэгт экспортлох эмийн бүтээгдэхүүнд 10.9 хувийн татвар ногдуулдаг бол Энэтхэгийн эмийн бүтээгдэхүүн АНУ-д нэвтрэхдээ 0.01 хувийн татвартай тулгардаг аж. Энэтхэгийн хүн амын дийлэнх хувийн амьжиргааг хариуцдаг хөдөө аж ахуйн салбарт ч ийм байдал ноёлжээ.
Энэхүү ялгаатай байдлыг харгалзан үзвэл Нарендра Модигийн засгийн газрын өмнө "Хэн нь жинхэнэ тарифын хаан бэ" гэдгээ үзэх хүндхэн сорилт тулгараад байна.
Нэргүй 2025-04-23 178.174.229.45
JD VANCE BOL FASHIST ETGEED PAVE LAMIIG UULZAAD L ALJ ORHISON
Нэргүй 2025-04-23 139.5.217.233
Сайн бна Энэтхэгийг дэмжих хэрэгтэй сайхан тайван хүмүүс дэлхийг аврах үндэстэн гэдэг бурханлаг ард түмэн дээ
Нэргүй 2025-04-23 202.9.40.69
Жомбого Трамп
Нэргүй 2025-04-23 139.5.218.43
Энэтхэг авгайтай юм уу.
Нэргүй 2025-04-23 202.179.24.254
Эхнэр нь энэтхэг гаралтай АНУ-ын иргэн. Ангилаар маш цэвэрхэн ярьдаг. Трампын эхнэрээс илүү цэвэрхэн ярьдаг юм билээ.