Манайд дийлэнх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь “ашиггүй”, өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирсэн ижил бараатай өрсөлдөх чадваргүй байдаг. Экспортод маань түүхий, анхан шатны боловсруулалт хийсэн эрдэс давамгайлдаг тул алсхан тээвэрлэх боломж ч хомс. Чингэхлээр аж үйлдвэржсэн, иж бүрэн бүтэцтэй хоёр эдийн засаг биднийг хүрээлэн байгаа нь тэдгээртэй арилжин солилцох үндсэн дээр нөхөн үйлдвэрлэлээ хэвийн явуулах орчинг бидэнд бүрдүүлж байгаа хэрэг юм. Хэдийгээр энэ нь хэн нэгний үйл бүтээл биш, зуун зууныг өртөөлсөн түүхэн явцын үр дагавар ч гэлээ бидний тухайд таатай нөхцөл, эерэг хүчин зүйл мөн.
Технологийн дэвшлийг агуулсан бүтээгдэхүүнийг хямдаар оруулж чадвал хаана үйлдвэрлэсэн нь чухал биш. Манай зах зээлд буй бөс даавуу, гутал хувцас, барилгын материал, цахилгаан техник хэрэгсэл зэрэг Хятадаас оруулсан хэрэглээний бараа гадаадын олон орныхтой харьцуулахад ихээхэн хямд байгааг үгүйсгэх аргагүй юм. Ер нь хамгийн хямд гэдэгт итгэлтэй байна. Чингэхлээр дэлхийн хоёрдогч том эдийн засагтай хаяа нийлэн оршиж байгаа маань бидний сул тал биш харин ч давуу тал бус уу.
Гаалийн 26 хувийн татвараар тээг тавиад байхад л өмнөдийн орноос хүнсний ногоо орж ирээд үндэсний үйлдвэрлэгчдэд төвөг учруулаад байгаад бид халаглан суугаа. Яг хэрэглэгчийн, ялангуяа орлого доогууртай иргэдийн эрх ашгийг бодолцвол тэрхүү импорт, тэдгээр хямд хүнс бидэнд хэрэгтэй л байгаа шүү дээ. Сонголт бий болгож байгаа нь л өөрөө эерэг нөхцөл. Ер нь үндэсний бүтээмжийг өсгөе гэвэл өрсөлдөөний нээлттэй орчинг бүрдүүлэх нь зүйтэй. Тэгэхдээ зөвхөн үндэсний хэмжээнд биш, бүс нутгийн хүрээнд, болж өгвөл даяаршиж буй дэлхийн энгээр зах зээлээ нээх ёстой. Хятадын жимс ногоог химижүүлсэн, эсийн өөрчлөлтөд өртүүлсэн гээд өөлөх шалтаг мундахгүй. Гэхдээ л энэ төмс, байцаа чинь тэрбум хүнтэй зах зээлд эргэлдэж л байгаа бүтээгдэхүүн шүү дээ.
Утас зүү, үзэг харандаа, аяга шаазан гээд хүний хэрэгцээний аахар шаахар бүхэн манай зах зээлд дэлхийн бусад орныхоос ялгагдахааргүй хүртээмжтэй болсон. Эдгээр жижиг сажгийг хамгийн донжтой, бас төсөр өртөгтэй хийж чаддаг нь бас л өмнөд хөрш. Алсын Америк, хөгшин Европоос эдгээрийг зөөвөрлөнө гэвэл өртөг зардал нь яаж өсөх бол.
Эрчим хүчний, эрдсийн түүхий эдийн хэрэгцээ нь жилд 10 шахам хувиар өсч буй Хятадын эдийн засагт ойрхон байгаагийн хувьд экспортын маань зах зээл тэлсээр байгааг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой биз ээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлогын 20 хувийг уул уурхайн салбараас зөвхөн татвар, хураамж хэлбэрээр бүрдүүлэх аж. Эдгээр бараа урагшаа харьцангуй хямд үнээр нийлүүлэгддэг нь ч үнэн. Гэхдээ олон улсын зах зээлийн үнийг энд мөрдөхийг шаардах нь бас учир дутагдалтай. Манай бараа их далайд, өөрөөр хэлбэл, дэлхийн үнийг “илэрхийлэгч” боомтод хүрэхийн тулд хөрш орны нутгийг гэтлэх ёстой. Тийнхүү дамжуулан өнгөрүүлэхэд хөршүүдийн маань улс төрийн бодлого садаа болж байгаа гэхээсээ илүү тэдний зам тээврийн хүч чадал хүрэлцэхгүй байгаа юм. Тэгэхлээр Монгол Улс далайд гарч чадахгүй байгааг хоёр хөрштэй холбон тайлбарлах нь төдий л оновчтой биш юм. Энэ байдал нь олон улсын хуулийн хэлээр “давагдашгүй хүчин зүйл” юм. Гэхдээ “Бурхны эл зарлиг”-ийг өөрчлөх чиглэлээр бид хөршүүдтэйгээ хүчин чармайлтаа цаашид ч нэгтгэх ёстой нь мэдээж.
Их далайд гарах техникийн боломж нээгдэхийг хүлээлгүйгээр хөршийн зах зээлийн боломжийг бид уудлахыг эрмэлзвэл зохилтой. Глобал нийлүүлэлтийн аравны нэгийг бүрдүүлдэг Хятадын аугаа зах зээлийн дотоодод аж ахуйн нэгжүүдийн хооронд өрсөлдөөн байж л таараа, түүнийг чадамгай ашиглах аваас үнэ ханш өсөх боломж байх л ёстой.
Үнэхээр бид гуравдагч орнуудын зах зээлд гаръя гэвэл хамгийн бодитой алхам нь хөршүүдийнхээ тээврийн хийгээд боомтын хүч чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Үлгэрлэвээс зам түрээсэлж авах ч юм уу, эсхүл шинэ салаа нэмж барих, өөрийн боомт, буулгах, ачих байгууламжтай болох тухайг ярьж байна. Наанадаж л Монголын нутгаас ачигдсан вагон нарийн төмөр замаар буухиалсаар Хятадын зүүн эрэг хүрдэг эсхүл Арабын ертөнц ордог техникийн боломж бүрдэх ёстой. Үүнд шаардагдах зоосыг бүрдүүлэхийн тулд “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” зарчмаар ажиллаж хямдхан ч болов эрдсийн баялгаа зөөж баймааж нь, бага багаар хуримтлуулсаар, шаардагдах хөрөнгө оруулалтаа босгохоос өөр аргагүй.
Хэрэглээний түүхий эдийг аваад үзье. 1988 оны байдлаар давсалсан хонины нэхийг (10 хавтгай дециметр) нь хоёр ам.доллар орчмоор социалист зах зээлд нийлүүлдэг байв. Глобал үнийн өсөлт жилд гурван хувь гэвэл сүүлийн 25 жилд арьсны дээрх ханш бараг хоёр дахин нэмэгдэх тооцоо гарч байна. Гаалийн статистикаас үзэхүл энэ барааг эдүгээ ширхгийг нь өмнөд зах зээлд найман ам.доллараар борлуулж байна. Австралийн нэхийг Өмнөд Солонгос 10 орчим ам.доллараар авдаг байна. Чанарын үзүүлэлтийг бодолцвол манай нэхийг Хятад руу хямд экспортолжээ гэж хэлэх үндэслэл бас л бага байна. Жилд 10 саяар нь бэлтгэдэг арьс ширнийхээ гуравны хоёрыг түүхийгээр нь хөршийн зах зээлд төвөггүйхэн борлуулсаар байгаа. Ямааны ноолуурыг урд айлын ченжүүд үнэ дарж авлаа, үнэ цохиж авлаа гэх мэтээр байнга л өөлж ундууцаж ирсэн. Нийт бэлтгэлийн 70 хувийг хангадаг Хятадын ноолуур үндсэндээ дэлхийн зах зээл гэсэн үг. Тэгэхээр бидний бэлтгэдэг 25 хувь эцсийн дүндээ Хятадын зах зээлийн хандлагыг л дагахаас өөр аргагүй юм, өөрөөр хэлбэл, уул барааны олон улсын үнэ нь тэнд тогтож байна гэсэн үг. Мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалтаа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж амжаагүй байгаа энэ цаг үед түүхийгээрээ ч болов боломжийн үнээр борлох зах зээл зэргэлдээ байгаад бид гонсойх биш, харин ч мишээх учиртай баймаар.
Сүүлийн 20 гаруй жилд манайд гаднаас орсон нийт хөрөнгийн тэн хагасаас илүү нь өмнөд хөршийнх. Энэ хөрөнгөөр дамжиж манай эдийн засгийн хамаарал гүнзгийрч байгаа юу гэвэл, мэдээж гүнзгийрч байгаа. Гэхдээ үүнээс болгоомжлоод ерөөсөө хөрөнгийг нь хүлээн авах ёсгүй гэвэл, чингэж үл болмой гэсэн хариулт өгөгдөнө. Ер нь улс орны хамаарлыг багасгах арга зам нь эдийн засгаа тусгаарлаж хаах биш, харин түргэн урагшлуулж хөгжүүлэх явдал байдаг. Казахстаны эрчим хүчний салбарт гадаадаас оруулсан нийт хөрөнгийн 20 хувь бас л Хятадынх. Эдийн засгийн хурдавчилсан хөгжлийг хангахын тулд казах нөхөд маань энэ хөрөнгийг ашиглаж л байгаа хэрэг.
Хуурай газрын тавны нэгийг эзлэн оршдог, 140 сая хүн амтай, асар их нөөц баялагтай, технологийн чадавхиараа дэлхийд тэргүүлэх орны нэг ОХУ-тай хил залгаа оршдог нь бидний хувьд бас л давуу тал гэж үзвэл зохино. Сүүлийн 90 гаруй жилд манай хоёр орны харилцаа нийгмийн өөр өөр тогтолцоог дамжин ээдрээ төвөгтэй үе шат, он жилүүдийг туулсан хэдий ч бүхэлдээ найрсаг уламжлалаасаа гажсангүй. Ямар боловч зам тээврийн хориг хаалт бие биендээ тавьж байсангүй. Эрчим хүч, түлшний нийлүүлэлтээ зогсоож хаасангүй. Их өрийн асуудлыг зохицуулж чадсан. Уул уурхайн салбар дахь бидний хэлхээ холбоо үргэлжилсээр, манай эрдэс баялгийн тодорхой хэсгийг хойд зах зээлд борлуулсаар ирэв. Монголын махны экспортод уламжлал ёсоор энэ улс давамгайлах байр суурьтай хэвээр. Оросын талаас сүүлийн хоёр жилд малыг эрүүлжүүлэхэд 10 гаруй сая ам.долларын тусламж үзүүлсэн нь энэ бүтээгдэхүүнийг цаашид ч худалдан авах хүсэлтэйнх биз ээ. Хүн амынх нь худалдан авах чадвар эрс нэмэгдсэн, Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн зэрэг нь манай тансаг сүлжмэл, хивс, савхин болон нэхий эдлэл зэрэг хэрэглээний бараанд ОХУ мөд жин дарах зах зээл болох биз ээ.
Социалист систем задран унаснаар манай хоёр орон хоорондын харилцааны зарчим өөрчлөгдсөн. Олон улсын харилцааны эрх тэгш хоёр субъект үүссэн хэрэг. Шинэ нөхцөл байдлыг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл дутагдах явдал ч манай хоёр улсын харилцааг тойрч гараагүй юм. НҮБ-ын ерөнхий зарчмууд тухайн хоёр орны харилцаанд биежин хэрэгжихдээ “тухайлсан” тодотгол, засваруудыг ч бас оруулдгийг ухаарсаар байцгаана. Эдүгээ харилцаанд арилжааны шалгуур тэргүүлэх ёстой болов. Нөгөө талынхаа ашиг сонирхлыг ойлгон хүндэтгэж, харилцан ашигтай байдлыг хангах шаардлага үүслээ. Жишээ нь, нефть бүтээгдэхүүний найдвартай хангамжийг яаж бий болгох вэ. Япон, Энэтхэг зэрэг орон Сахалинд хөрөнгө оруулж шингэн болон хийн түлшний импортоо баталгаажуулахаар ажиллаж байна. Бидэнд тийм хэмжээний хөрөнгө байдаггүй юм аа гэхэд хамтарсан компани үүсгэх, дундын агуулах барих зэрэг хэлбэрийг бас эрэлхийлж болохсон. “Роснефть” Монгол руу илгээж буй экспортынхоо тонн тутамд үнээ 50 ам.доллараар нэмэх санал гаргасныг манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл Оросын тал шахалт үзүүллээ хэмээн дуулиантайхан зарлаж байв. Монголын нефть борлуулагчид ч түүнийг тэр даруйд нь шүүрч үнээ нэмэх “тоглолт” эхлүүлэв. Иймэрхүү эмзэг нөхцөл байдал үүсэхэд хүлээцтэй хандах улс төрийн соёл, гадаад бодлогын тактик бидэнд дутагдаад байна. Юу юуны туханд хүрээгүй байж Монголын хэвлэлүүдийн цацсан сөрөг өнгө аястай сурталчилгаа нөгөө талын албан ёсны бүтцүүдэд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг хамтдаа нэг бодоцгооё. Ядаж л энэ чинь ОХУ-ын Засгийн газрын бодлого уу, аж ахуйн нэгжийн шийдвэр үү гэдгийг эхлээд тодруулмаар юм. НИК зэрэг импортлогчид Засгийн газраа сонсдоггүй байгаа шиг “Роснефть” төр засагтайгаа зөвшилцөлгүй гаргасан шийдвэр ч юм бил үү.
Өнөөгийн шатанд бидний худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоо хөрш хоёр улсад хэт төвлөрчихөөд буй нь үнэн. Энэ хамаарлаас гарах арга зам нь эргээд энэ хоёр зах зээлтэйгээ ойртох нягтрах явдал. Экспортоо аль болохоор нэмэгдүүлж байж, мөнгө зоостой болж байж, тэр хуримтлалаар боловсруулах үйлдвэр барьж байж, гуравдагч зах зээл рүү гарах бололцоотой болно гэсэн үг. Гэхдээ эдийн засаг, технологийн асар чадавхитай, эрчимтэй хөгжиж буй Хятад, геополитик, байгалийн баялгийн хэмжээлшгүй нөөцтэй, чинээлэгжин дэвжиж буй Орос хил залган буй нь бидний тухайд хөгжлийн боломж, өрсөлдөөний давуу тал. Бөмбөрцөг дээрх таван хүн тумын нэг нь бидэнтэй хаяа нийлэн суугаа гэсэн үг шүү дээ. Хөрш зээлд бараа маань борлож, мөнгө олж болсоор байхад түүнийг үл ойшоох нь зохилтой. “Мөнгө үнэртдэггүй” гэж үг байдаг даа.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин