Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Украины дайны талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Трамп хэдхэн хоногийн өмнө Украин дахь дайныг зогсоохгүй бол Орост эдийн засгийн хохирол учруулна гэсэн учир Путин үүнтэй холбогдуулан тайлбар өгсөн аж.
Путин энэ талаар сэтгүүлчид яриа өгөхдөө "Хамтран ажиллахад бэлэн гэсэн мэдэгдэлд нь итгэж байна. Бид нээлттэй хэлэлцэхэд үргэлж бэлэн байна. Өнөөдрийн бодит байдалд тулгуурлан тайван ярилцсан нь дээр байх" гэжээ. Мөн тэрбээр Трамптай харилцах харилцаагаа “ажил хэрэгч, прагматик, найдвартай” гэж тодорхойлсон.
Харин Зеленский Баасан гаригт ээлжит видео мэдэгдлийнхээ үеэр Путин АНУ-ын ерөнхийлөгчийг манипуляцидах гэж оролдож байна гэсэн юм. "Тэр АНУ-ын ерөнхийлөгчийн энх тайвныг тогтоох хүслийг удирдахыг оролдож байна. Оросын ямар ч заль мэх цаашид амжилтад хүрэхгүй гэдэгт би итгэлтэй байна" гэж Зеленский хэлжээ.
Трамп Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ дэлхийн нефтийн үнийг бууруулахыг уриалав. Нефть, байгалийн хийн орлого нь Оросын санхүүгийн хамгийн чухал эх үүсвэр юм. "Одоогийн үнэ нь дайныг үргэлжлүүлэхүйц өндөр байна" гэж Трамп хэлжээ.
Дашрамд дурдахад, Трамп Украин дахь дайныг хэрхэн зогсоох нарийн төлөвлөгөө танилцуулаагүй. Гэхдээ дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн хэлж буйгаар Трамп хоёр улсын хил дээр хатуу хамгаалалттай цэрэггүй бүс байгуулахыг санал болгож магадгүй аж. Энэ нь идэвхтэй тулааныг зогсоож, одоогийн фронтын шугамын дагуу хил хязгаар тогтооно гэсэн үг юм.
3,569.17















































