Одон орончид ”Цуурхалд бүү итгэ” гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Одон орончид ”Цуурхалд бүү итгэ” гэв

2012.12.21…Энэ өдөр, энэ тоо сүүлийн үед монголчуудыг талцуулж, айлгаж, сандаргаж байна. “Дэлхий сөнөнө” гэсэн автортой болоод буй энэ сэдвийн талаар өнөөдөр албаны хүмүүс буюу “Одон орон, геофизикийн судалгааны төв” /ООГСТ/-өөс / мэдээлэл өглөө. ООГСТ-ийн ахлах мэргэжилтэн Н.Тунгалаг нарын судлаачид энэхүү хэвлэлийн бага хуралд оролцов. Тэд “12 сарын 21-нд дэлхийг түнэр харанхуй бүрхэнэ, дэлхий дээр аварга солир бууна гэх элдэв янзын цуу гарах болж. Энэ бол шинжлэх ухааны ямар ч ойлголтгүй хүмүүсийн тарааж байгаа зүйл” гэдгийг хурлын үеэр онцоллоо.

ООГСТ-ийн судлаачдын хэлснээр бол, дэлхийд ойртож байгаа буюу тойрог замтай нь огтлолцох бага гаригууд байдаг ч дэлхий дээрх амьдралд нөлөөлөх аюултай сансрын биет байхгүй гэдгийг олон орны эрдэмтэд тогтоосон байдаг аж. Жишээлбэл, тэдгээр гаригаас хамгийн ойрдоо 2036 онд дэлхийтэй 0,2 одон орны нэгжээр ойртох ч тэр нь аюул учруулахгүй гэв.

Харин дэлхийг гурав хоног түнэр харанхуй нөмөрнө гэдэг төөрөгдлийн хувьд тэд “Нарыг бүрэн хэмжээгээр халхалж чадах том хэмжээний гариг нарны аймагт байхгүй учраас юу ч нарыг удаан хугацаанд халхалж, дэлхий харанхуйлах боломжгүй юм. Мөн наран дээрх дэлбэрэлтүүд 6,7 миллиярдын жилийн дараа л нарыг сөнөөх боломжтой учраас тэр бол нар дэлхийг баталгаатай гэрэлтүүлсээр байна. Наран дээрх дэлбэрэлтүүд дэлхийд ямар ч аюулгүй. Яагаад гэвэл дэлхийн соронзон орон нарнаас ирсэн ямар ч биетийг хоёр туйл руугаа хөөдөг байгалийн хамгаалалттай байдаг. Тийм учраас дэлхийд 12 сарын 21-ээс хойш амьдрал үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байж болох юм байна.   

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж