Хадлангийн бэлтгэл ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хадлангийн бэлтгэл ажил өрнөж байна

Улсын хэмжээнд энэ жил нийтдээ 44 сая орчим мал тоологдсон. Үйлдвэр, аж ахуйн яамны мэдээлснээр малын өвөлжилтөд 1.250 мянган тонн байгалийн хадлан, 45 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлдэх шаардлагатай аж. Энэ талаар Үйлдвэр аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас тодрууллаа.

-Хадлангийн ажил ямар явцтай байна вэ?

-Одоогоор хадлан бэлтгэлийн ажилд ерөнхийдөө аж ахуй нэгжүүд, иргэд жигдэрч гарсан байна. Орон нутагт бороо хурны байдлаас хамаарч хадлангийн ажил эд өрнөж эхлээгүй байгаа юм. Нийтдээ 4500 орчим том, дунд жижиг оврын тоног төхөөрөмжүүд хадланд гарна. 13 мянган иргэн, аж ахуй нэгж хадлангийн бэлтгэл ажлыг эхлүүллээ. Мөн малчид боломж бололцоогоороо хадлангаа бэлтгэж ажиллаж байгаа.

-Хэдий хэмжээний өвс, тэжээл бэлтгэх хадланд гарах бол?

-Засгийн газрын 297 дугаар  тогтоолын дагуу бол аймаг, орон нутагт өвс тэжээл бэлтгэх даалгаврыг өгсөн. Энэхүү зайлшгүй бэлтгэх даалгавраас гадна тухайн орон нутаг өөрсдийн хөрөнгөөр, тухайлбал, аймаг бүр 300-800 тонн өвс, сум бүр 70-100 тонн нөөц өвс бэлтгэх даалгавар мөн өгсөн байгаа.

-Хадлангийн ажлыг хэзээ дуусгахаар төлөвлөж байна?

-Бид хадланг есдүгээр сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна. Урд өмнөх жилүүдийнх шиг цаасан дээр ажил явагдах бус газар дээрх хадлан байна уу үгүй юу гэдгийг энэ жил зайлшгүй үзэж, дүгнэж, тодорхой хариуцлага тооцох чиглэлийг төр засгаас өгч байна. Тиймээс төлөвлөгөө ёсоороо  хариуцлагатай ажиллах шаардлагатай юм. Ер нь жилээс жилд, малчид, тариаланчид улсын нөөцөд хадлан ,тэжээл бэлтгэх сонирхол нэмэгдэж буй нь сайшаалтай хэрэг юм.

-Энэ жилийн хувьд отор нүүдлийг хэрхэн зохицуулах вэ?

-Энэ жил аймаг, орон нутагт зуншлага сайн байсан болохоор отор нүүдлийг орон нутагтаа зохицуулж хийхийг голчилж байна. Улсын хэмжээнд 646 мянган га улсын тусгай хэрэгцээний, аймаг дундын отрын зургаан бүс байдаг. Энэ зургаан бүсдээ бэлчээрийн ургамлын даац, багтаамжыг тооцвол нэг сая 400 мянган малыг отроор өвөлжүүлэх боломжтой. Үүнд хамгийн гол нь төвөөсөө алслагдсан бүс нутаг руу нүүдлийг зохицуулах шаардлага бий. Урьд жилүүдийн туршлагаар бол Дундговь, Төв аймаг, Өвөрхангай, Хэрлэн-Баян-Улаан, Булган, Сэлэнгийн отрын бүс нутаг руу л нүүдлийг шахдаг байсан.  Тиймээс Дорноговийн болон Чойбалсангийн тал хангалттай ургац, бэлчээртэй болохоор нүүдэлчдийг чиглүүлэх шаардлагатай тухай орон нутгуудад хэлж байгаа.

-Малын тэжээл энэ жил хангалттай байна гэсэн эерэг мэдээ дуулдсан?

-Тийм ээ. Бид тэжээл үйлдвэрлэлд анхаарч, энэ жил үндсэндээ 160 гаруй тонн тэжээлийн ургамлыг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгуудад өгсөн. Үүний тариалалт сайн байгаа. Өөрөөр хэлбэл, тэжээлээ хангалттай авна.

-Өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс ямар бодлогыг баримталж байна вэ?

-Зөвхөн тэжээл нийлүүлэх тухай ярих бус тэжээл бэлтгэдэг үйлдвэрүүдийг тухайн бүс нутагт нь байгуулах хэрэгтэй гэж төр засгаас үзэж байгаа.  Хадлангийн өвс татахын тухайд, жишээ нь, Баян-Өлгийд заавал Улаанбаатар хот, Булган, Төв аймгаас өвс татах биш, аймгаасаа өвсөө бэлтгэх бодлогыг барина. Малын тэжээлийн үйлдвэрийг ч мөн тухайн орон нутагт нь байгуулах нь дээр гэж үзэж байгаа юм. Энэ нь өөр орон нутгаас татах цаг хугацаа, зардал, ачааллыг бууруулах сайн талтай.

У.БОЛОР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж