-Тойрогтоо дахин амжилт үзүүлсэнд юуны өмнө баяр хүргэе. УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ Ц.Оюунгэрэл та хоёр хамгийн түрүүнд авсан шүү дээ. Олон хүн та хоёрыг амжилтаа тэмдэглэн баярлаж байгаа гэж бодож байх шиг байна?
-Баярлалаа. Энэ удаад Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгтээ дахин нэр дэвшиж, сонгогчид маань итгэл хүлээлгэсэнд үнэхээр урамшиж байна. УИХ бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хууль шийдвэрийг тогтоодог эрх барих дээд байгууллага юм. Тэгэхээр миний хувьд АИХ, УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож буй гишүүний хувьд бодлого тодорхойлох, шийдвэр гаргах үйл явцад иргэд, сонгогчдынхоо оролцоог хангаж, байр суурь, эрх ашгийг нь тусган ажиллаж ирсэн, цаашид ч үүний төлөө эрмэлзэх болно.
Өнөөдөр манай тойргийн төдийгүй нийслэл, орон нутгийн иргэдийн зүгээс төр засгаас хүсч, уламжилж буй нэг асуудал нь газар өмчлөх эрхийн асуудал юм. Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө газар өмчлөлийн асуудлыг бүрэн шийднэ гэж тусгасан. Мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулаад явж байхад иргэдийн зүгээс газар өмчлөлтэй холбоотой тун олон асуудлыг хөндөж тавьж байлаа. Тэгэхээр юун түрүүнд газрыг иргэдэд өмчлөх явцад гарч байгаа саад бэрхшээл, алдаа завхралыг арилгах, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй юм. Санал хураалтын дүн гарч, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны маргаашаас би энэ ажилд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Холбогдох хууль, журам, эрх зүйн актуудыг нь судалж, газар өмчлөлийг иргэнд ашигтай үр өгөөжтэй болгохын тулд цаашид юу хийх, ямар хууль санаачлах талаар анхааран ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд ялалт тэмдэглэх зав гарахгүй л байна.
-Сонгуулийн дүнг эцэслээгүй, дараагийн УИХ бүрдэж амжаагүй байхад иргэд Ардчилсан намаас амлалт нэхээд эхэлж байгаа юм биш үү. Хан-Уул дүүрэгт Ардчилсан нам газар өгч байна гэдэг шуугиан дэгдээд газар авах гэсэн иргэд хэд хоног эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнд хамгийн түрүүнд таны нэр холбогдсон шүү дээ?
-Тийм ээ. Ардчилсан нам ялалт байгуулж, өөрсдийн бодлого, зорилгоо бие даан хэрэгжүүлэх боломжтой боллоо гэдэгт иргэд итгэлтэй байгаа учраас сонгуулийн маргааш болов уу, үгүй юү биднээс амлалт, ажлыг маань шаардаад эхэллээ. Нөгөө талаас газар өмчлөлийн явц шударга бус, иргэдэд хүртээлгүй, зөвхөн эрх мэдэлтнүүдэд л ашигтай явж ирсэнд иргэд бухимдаж, цөхрөнгөө барж байгааг Яармаг, Нүхтэд болсон явдал харууллаа. Гэтэл энэ ухвар мөчид улстөрчид улс төрийн зорилгоор ашиглаж, дэврээж байна. Ардчилсан нам газар өмчлөх эрхийг иргэн бүртээ ижил тэгш нээж өгнө, улам боловсронгуй болгоно. Үүнийг хуулийн хүрээнд зохион байгуулна. Энэ нь хэнд ч ойлгомжтой байтал сонгуулийн дүнд хорссон хүмүүс гуйвуулж, иргэдийг хууль бус зүйлд өдөөсөн нь харамсалтай юм. Гэхдээ иргэд маань үүнийг ухамсарлаж, дураараа газар авна гэсэн алдаагаа ойлгосон.
-Иргэдэд өрхийн хэрэгцээний газар өмчлүүлэх асуудал нэлээн эрт эхэлсэн. Гэтэл яагаад өнөөдөр гэнэт ийм хүчтэй сөхөгдөх болов оо?
-Ардчилсан намын ялалтын дараа ард түмэн яагаад ч юм бэ их омогшдог юм. Албан тушаалтан, авлигачдад бөхөлзөх шаардлагагүй боллоо, эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ялж болно гэж итгэж, омогшдог юм болов уу гэж би боддог.
Ер нь бол газар өмчлөх эрх бол хүний язгуур эрхийн нэг. Газраа өмчлөх нь тухайн хүний хувьд эдийн засгийн харилцаанд орох үндсэн суурь капиталыг нь бий болгодог. Тийм учраас газар өмчлөл, хувьчлал нь хувьсгалын шинжтэй асуудал юм. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрх мэдэлтнүүд биш энгийн иргэд эдэлдэг болохыг ард түмэн 1990 оноос хойш хүсч хүлээж, төр засгаас шаардаж ирсэн. Төр засаг иргэдийнхээ хүсэл, эрмэлзлийг сонсохгүй, газар өмчлөх эрхийг нь хууль ёсоор өгөхгүй бол иргэд өөрсдөө хүчээр түрж авна шүү гэдгийг саяын явдал санууллаа шүү дээ.
Өнөөдөр хууль нь байгаа боловч эрх нь иргэдэд алга. Иргэн хүнд олддоггүй газрыг эрх мэдэлтнүүд дамлан зарж, хөрөнгө мөнгөтэй хүмүүс, барилгын компаниудад өгчихөөд байна. Үүнээс болоод газар өмчлөлийн асуудал улам эмзэг болж байгааг иргэд хэлж, ярьж байна. Энэ нь Ардчилсан нам бодлого, мөрийн хөтөлбөрөө ард иргэдээр хэлэлцүүлж танилцуулах үед маш тодорхой мэдрэгдсэн. Ардчилсан нам ард иргэдээсээ дэмжлэг авч, ялалт байгуулсны бодит шалтгаан нь бодлого, зорилго нь зөв байсанд оршиж байгаа.
-Тантай нэг тойрогт өрсөлдсөн МАН-ын нэр дэвшигчид санал хураалтын дүнг одоо ч гэсэн хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд хандлаа. Тэнд үнэхээр луйвар болсон мэтээр ярьж байна?
-Сонгууль хуулийн дагуу шударга, ил тод болж өнгөрсөн. Сонгуульд өрсөлдсөн нам, нэр дэвшигч бүрт саналын хуудсын хуулбар бүрийг дискээр өгсөн. Үүнийг ашиглаад бид зургаан хэсгийн саналыг дахин гараар тоолж, дүнг нь тулгаж үзлээ. Ямар ч зөрөө гараагүй. Санал тоолох машин үнэхээр аль ч нам, нэр дэвшигчид үйлчилдэггүй юм байна. Олон түмний нүдэн дээр ил тод оршдог шударга үнэн гэж байдаг юм. Юм болгоныг худалдаж, луйвардаж авч болдоггүй юм шүү дээ. Ялагдсандаа бачимдаж байгаа улстөрч, бүлэглэлүүд хэнийг юу ч гэж гүтгэхэд бэлэн, үүндээ ард иргэдийг татан оролцуулахаасаа буцахгүй байдалтай байна. Ийм зүйлд бүү авт, Ардчилсан намд итгэ. Бид бүрэн ялна. Ардчилсан намын улс төрийн замнал бол ард түмэндээ эрх, эрх чөлөөг нь өгөх, ард түмнээ өмчтэй, хөрөнгөтэй, бизнестэй болгохын төлөө тэмцэл байсан. Хэдийгээр ихэнх хугацаанд сөрөг хүчин байсан ч гэлээ энэ бүх зорилгоо биелүүлж чадсан. Харин одоо энэ бүх эрх, эрх чөлөөг нь эдийн засгийн баталгаагаар хангах, газар, өмч, хөрөнгө, бизнесийнх нь үнэ цэнийг өсгөхийн төлөө, шударга ёсны төлөө бодлогоо тодорхойлж байна. Энэ бүхнээ биелүүлж чадах эсэх нь дан ганц Ардчилсан намаас ч биш, итгэлээ өгсөн ард иргэдээс ч хамаарна.