Ярьж таашаал авдаг, эсвэл шилний цаанаас чихэр долоолгох зорилгоор зарим асуудлыг зориуд жоорлоод байдаг шиг байна. Хог, утаа гээд мөнхийн сайхан сэдвүүд бий. Тэдэн дээр энэ нефть боловсруулах үйлдвэр нэмэгдэх бололтой. Хэрэгтэйг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ хийхгүй хоосон ярих нь төр түшигчдийн менежмент биш байлтай сан. Талх тариатай бол дуу хууртай гэдэг шиг газрын тостой улс орнууд дорхноо л хөгжиж дэвжээд явчихдаг юм байна. Тийм бэлээхэн жишээ гэвэл Арабын алтаар гулгисан орнууд. Бид тэдэн шиг илүүчлэх нөөцгүй ч гаднаас гар тосоод байхааргүй дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бий.
Азийн Араб болох нигууртай гэгдэж байгаа Монгол маань өнөөдөр газрын тосон дээр 100 хувь гадныхны хараат. Гэхдээ бүр ганцхан эх үүсвэрээс л хангалтаа хийдэг. Муугаар бодоход Орос ах нар маань ашиг сонирхлынхоо шахаанд нэг өглөө цоргоо хаачихад Монголд амьдрал тэр чигтээ зогсоно. Ийм сануулга урьд нь ч ирж л байсан шүү дээ. Өнгөрсөн жилийн хавар тариагаа тарих шатахуунгүй болдгийн даваан дээр түргэн авч нэг удаа “гал унтраасан”.
Манай импортлогч нар үнэн ярьдаг бол Орос ах нар байсхийгээд л нийлүүлэх үнээ нэмчихдэг гэж байгаа. Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны татварын үнийг хэд хэчнээн ч удаа хөнгөлж чөлөөлсөн тогтоол гаргав даа, хөөрхий. Шатахуунаас шалтгаалсан үнийн галзуурлыг түр зуур аргацааж байгаа нь тэр.
Ийн бид газрын тосны хэрэглээ, хангамж дээрээ гадныханд судсаа бариулчихаад сууж байгаа ард түмэн. Үүнээс гарах арга зам бол бий. Тийм хамгийн эхний боломж нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болох. Их бага хэмжээгээр газрын тосны нөөц Монголд байна. 15 жилийн тэртээ Дорнодын Тамсагт нефть олгойдож, анхны Ерөнхийлөгч торгон дээлийнхээ энгэрийг тосоор мялаахад монголчууд Ардчилсан хувьсгал ялснаас илүүтэй баярлаж байсан байх. Харамсалтай нь тэр тос монголчуудын “хошууг тосолсонгүй”, урд хөршийн хэрэгцээнд зориулагддаг. Бас нэг гайхалтай гэмээр мэдээлэл бол Монгол Улс газрын тос экспортлогч орон. Экспорт импортын ийм урвуу хамаарал Монголын төр засгийн бодлогын илэрхийлэгдэх нэг хэмжүүр болж харагддаг.
Бензин шатахуун яаж ч бодсон стратегийн маш чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр улс орны аюулгүй байдлын нэг баталгаа болно гэсэн үг. Гэсэн хэрнээ энэ асуудал дээр Монголын төр засаг дэндүү удаан, орон гаран ханддагт нь олон түмэн гайхаад байгаа юм. Бас ингэх шалтаг шалтгааныг нь янз бүрээр тайлбарладаг. Тухайлбал, импортлогчдыг хаацайлж хамгаалдаг, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгддөг гэсэн яриа бий.
Боловсруулах үйлдвэр барихаар зорьж зүтгэж яваа олон компани байна. Сонссоноор лавтайяа үндэсний болон гадны 10 гаруй компани салбарын яаманд хүсэлтээ тавьсан юм билээ. Тэдний нэг нь “Хэт” компани. Тус компанийнхан Дорнодод газрын тос боловсруулах үйлдвэр барихаар хоёр жил хөөцөлдөөд зөвшөөрлөө авч чадаагүй явна. Хөрөнгө мөнгө нь бэлэн, тооцоо судалгаа нь бүрэн хэрнээ ийн төрийн хүнд сурталд тушуулчихаад байгаа юм. Монополь болчихно гэж болгоомжлоод төрд 51 хувиа эзэмшүүлэхийг шаарддаг юм байх. Оюутолгой, Овоот толгой гээд стратегийн том ордуудынхаа 51 хувийг тавиад туучихсан хэрнээ дотоодынхоо үйлдвэрлэгчиддээ ийн хойт эцгийн хатуу гараар хандаж буй гэхээр энэ түшмэдүүд эх оронч хүмүүс мөн үү гэж гайхах ч багадах юм. Үндэснийхээ эрх ашгийн төлөө төр засаг нь үйлдвэрлэгчтэйгээ үг хэлээ ололцохыг хүсэхгүй, муйхар шаардлагаар мухарлаж байгаад л харамсах шалтгаан байна. Дургүйд хүчгүй байх хууль л энд үйлчлээд байна.
Хэдэн жилийн өмнө БНСУ-ын хөрөнгө оруулалттай “ENF Монголиа ойл” компани жилд 1,2 сая тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай гурван ч үйлдвэр барих, тэдгээр нь амлалт ёсоор 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр яригдаж байсан санагдана. Бас л чимээ алдарлаа. Энэ мэтээс харахад эх орондоо үйлдвэрлэсэн шатахуунтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл тун их саад тотгортой байгаа бололтой юм.
УИХ дээр ч энэ асуудлыг ярьсан нь нэг бус удаа. Хэсэг гишүүд тогтоолын төсөл санаачилж оруулсны хүчинд энэ оны эхээр Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг эрчимжүүлэх тогтоол гарсан. Тэглээ гээд байдал урьдын хэвээр. Дээрээ яриад ч дэм авч чадахгүй байгаа болохоор энэ асуудалд “наанаа инээж цаанаа уйлах” ямар нэгэн “но” байна гэсэн хардлагыг бүр өдөөгөөд байгаа юм.
Саяхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко “Монголчууд дотооддоо газрын тос боловсрууллаа гээд үнэ өртгийн хувьд ОХУ-ын импортын шатахуунаас хямд байж чадахгүй” хэмээн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа дурдаад бараг л боловсруулах үйлдвэр барьснаас манайхаас импортолж байсан нь дээр гэсэн санааг илэрхийлсэн юм. Энд мөнөөх л эрх ашиг явж байна. Мөнхийн хөршөө “мөнх”-ийн эрх ашгаар барьж байх санаархал биш биз. Тэд урьд нь манай Мянганы зам дагуу зуун ширхэг ШТС барих санал тавьж байсан удаатай. Хэл ам хэрүүл тэмцэл дагуулсан энэ санал унасны хариуг монголчуудын нефть боловсруулах үйлдвэртэй болох хүсэлд хясал болон хандаж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага ч байна.
Чухам ингэх тусам нь бид газрынхаа тосыг бусдаас хамааралгүй болгох шаардлагатай байна. Уул уурхайг дагаад газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэнэ. 2015 он гэхэд 1,7 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий. Энэ хэрэгцээг бүрэн дүүрэн биш юмаа гэхэд нэлээдгүй хэсгийг нь эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах бэлээхэн боломж байна. Газрын тосны нөөц нь байна. Нутаг ус нь байна. Барьж байгуулах хүсэлтэй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нь байна. Өөр юу хэрэгтэй билээ.
Харин хэзээ хэрхэн хийх вэ. Хийхгүй юм бол ярьсны хэрэг огтхон ч алга. Мартъя, нефть боловсруулах үйлдвэрийн тухай мөрөөдлөө.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин