Лхагва гаригийн 08.38 цагт Индонезийн Суматра арлын бүсэд 8,7 магнитуттай газар хөдлөлт болж, улмаар цунами болно гэж түгшүүр авсан байна. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр газар хөдлөлтийн төв нь Индонезийн Банда-Ачех (Суматра арал) хотоос 495 км-ийн зайд газрын гүний 33 км-т болжээ.
АНУ-ын Цунамийн аюулаас сэргийлэх Номхон далайн төвийнхөн давалгааны өндрийг 20 см-аас хэтрэхгүй, ямар нэгэн сүйрэл авчрахгүй гэсэн юм. Гамшгийн дараа Тайландын хэвлэл мэдээлэлд дөрвөн метрийн өндөртэй давалгаа ирнэ гэсэн мэдээлэл гарч хүмүүсийг эрэг орчмоос нүүлгэжээ.Тайландын зүүн эрэгт ирсэн цунамийн өндөр дөнгөж 10 см байсан гэж Франс Пресс агентлаг хожим мэдээлэв. Гэсэн хэдий ч метр орчмын өндөр давалгаа Индонезийн Ачех мужид бүртгэгдсэн байна. “Молабо хотын орчим давалгааны өндөр нь 60 см, Сабанг ба Сиболга хотуудын эрэгт 36 см-ийн өндөртэй цунами ирсэн” гэж Индонезийн Цаг уур, геофизикийн албанаас мэдээлжээ.
Twitter дэх микроблогууддаа нутгийн хүмүүс мэдээлснээр газрын чичирхийлэлт таван минут орчим үргэлжилсэн ба тэр нь Сингапур, Таиланд, Малайзи ба Энэтхэгт мэдрэгдсэн гэнэ. Гэрэл тасарч хүмүүс сандралдан замын түгжрэл үүссэн байна. Газар хөдлөлтийн дараа цунамийн аюулаас сэргийлэх Номхон далайн төвөөс ийм магнитуттай газар хөдлөлт цунами үүсгэж магадгүй хэмээн зарласны дараа Энэтхэг, Шри-Ланка, Австрали, Мьянма, Тайланд, Малдивын арлууд, Малайзи, Пакистан, Сомали, Оман, Иран, Кени зэрэг Энэтхэгийн далайн сав нутгийн орнууд түгшүүр зарлажээ. Дараалсан 6,4-8,2 магнитуттай чичирхийлэл гарсаар байна. Мэргэжилтнүүд энэ газар хөдлөлтөөр газрын гадарга тэгшээр хөдөлсөн учир усны давхрагад нөлөө үзүүлэхгүй гэжээ.
Индонезийн сейсмологчид газар хөдлөлтийн магнитутыг 8,8 гэж тооцсон байв. Үүнээс өмнө Ачех мужид хоёр ч удаа газар хөдөлжээ. Цунамийн аюулаас сэргийлэх Номхон далайн төв (PTWC) хэдэн цагийн дараа цунамийн түгшүүрийг цуцалсан байлаа. PTWC тодруулан мэдээлснээр Суматра арлын бүсэд эхлээд 8,6 магнитуттай газар хөдлөөд хэсэг хугацааны дараа 8,2 магнитуттай афтершок болсон байна. Пүрэв гаригт шилжих шөнө нийтдээ 29 удаагийн газрын чичирхийлэлт бүртгэгдлээ. Мөн пүрэв гаригт Мексикийн Мичоакан мужид 7,0 магнитуттай газар хөдөлсөн байна. Түүний нөлөө Калифорни мужид мэдэгдэж байжээ. Дэлхийн хоёр хязгаарт болсон энэ хоёр хүчтэй газар хөдлөлт сүйрэл, үхэл дагуулсангүй.
Индонезид хамгийн сүүлд 2004 онд 9,1 магнитутын газар хөдлөлт болсон юм. Түүний дараа үүссэн цунами Энэтхэгийн далайн бүсийн 13 орны нутгаар дайран өнгөрсөн юм. Тэр үеэр 230 мянган хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин