Э.Бат-Үүл: Цөөнхийг битгий дарла

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Цөөнхийг битгий дарла

Сайд нарыг томилохтой холбоотой асуудалд хоёр намын бүлэг ойлголцолд хүртэл цаг хугацаа шаардах төдийгүй зөвшилцөл ч шаардах нь тодорхой болоод байна. Одоогийн байдлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг зургаан сайдын хоёрыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд батлах боломжтой, бусад дөрвөн сайдыг дэмжихгүй тул завсарлагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсээр байна. Тодруулж хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарыг томилох асуудал дээр саад учруулахгүй гэж мэдэгдэж буй юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд “Хуульд зааснаар УИХ нь Ерөнхий сайдын санал болгосны дагуу сайд нараа холбогдох байнгын хороодоор нэгбүрчлэн хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой. Цөөнхийн бүлэг завсарлагаар түрий барьж, Засгийн газрын ажлыг саатуулж болохгүй” гэж байр сууриа хамгаалсаар байна. Ийнхүү үзэл бодлын зөрүүтэй байдлаас болж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлсэн ч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбоотой асуудал дээр завсарлага авч буйгаа мэдэгдэж, эл албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй гэсэн саналаа Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн” гэдгээ мэдэгдсэн нь улмаар хоёр тал байр сууриа хамгаалан тэмцэлдэхэд хүргэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Ардчилсан намын бүлгийн байр суурийг Ерөнхий сайдаас эхлээд УИХ, ард түмэн бүгд ойлгосон. Ахин, дахин тайлбарлах шаардлагагүй тийм учраас Тэргүүн шадар сайдыг томилохтой холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байгаагаар саналаа өгөөд явах ёстой. Чаддаггүй юм бол ядаж хэдий хэрийн хугацаанд завсарлага авч буйгаа хэл.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Хоёр, гурван хоногийн хугацаатай завсарлага авна гэдэг ч юм уу, хугацаа хэлэх боломжгүй. Бүлгийн саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд эргээд саналаа бидэнд уламжлах байх. Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож асуудлаа тавих ёстой. Байнгын хорооны даргын хувьд УИХ-ын даргад хандаад чуулганаа хуралдуулах талын юмыг хөөцөлд.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Засгийн газрыг чадамжгүй болгочихоод дараа нь янз бүрийн нөхцөл, тулгалт хийгээд байгааг ойлгохгүй юм. Тогтсон жишиг байдаг шүү дээ, эхлээд сайд нарыг чөлөөлөөд, дараа нь томилдог. Тэр дагуу чөлөөлөөд, томилох болохоор Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна гээд суучих. Завсарлагын араас юу ч тулгахыг мэдэх арга алга.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Засгийн газрыг эмхлэн байгуулахад Ардчилсан намын бүлэг саад тотгор учруулаагүй шүү. Хоёр сайдыг батлаад Засгийн газрыг чадамжтай болгоё гэсэн. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг зарлана гэчихээд, цуцалчихсан. Бид чуулганаа хуралдуулаач ээ гэж УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга намын даргатай зөвшилцөнө гээд суучихсан. Хоёр сайдыг батлаад явуулчихаар яачихаад байгаа юм бэ. Багцаар нь сайд нарыг хэлэлцэнэ гэдэг заалт Үндсэн хуульд байхгүй шүү, битгий олонхиороо түрий барьж цөөнхийг дарлах гээд бай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Эхлээд Тэргүүн Шадар сайдаа хэлэлцчихье.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Үндсэн хуульд Ерөнхий сайдын санал болгосны дагуу сайд нарыг хэлэлцэнэ гэж заасан. Та буруу тайлбарлаад байна, багцаар нь хэлэлцүүлэх гээд байгаа юм байхгүй, нэгбүрчлэн хэлэлцье гэж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Чуулганаа хуралдуулаач ээ, олонхиороо түрий барьж цөөнхийг битгий дарлаад бай гэж хэлсэн шүү. Лүндээ чи намайг тэмээ гээд ярихаар ямаа гэж яриад байна. Танай нам ерөнхий нарийн бичгийн даргаа Тэргүүн шадар сайдаар томилох гээд байна. Ингэж болохгүй. Засгийн газар чинь ямар сонгуулийн штаб юм уу. Байнгын хорооны дарга аа та хэтэрч байна шүү, өөрийнхөө бүлгийн гишүүдэд үг хэлэх боломж олгоод. Завсарлагаар хэлэлцүүлэг өрнүүлэхгүй шүү. Тийм заалт хуульд байхгүй. Олонхиороо түрэмгийлж цөөнхийг шантаажлаад, бүр гишүүд нь манай намынхныг яллаж байна, асуудлыг бас улстөржүүлж байна.

УИХ-ын гишүүн Р.Раш:

-Цөөнхөд дээрэлхүүлээд сууж байдаг олонхи гэж байдаг юм уу. Цөөнх гэдгээр даварч байна, бүр дэндүү даварч байна. Даварсаар даварсаар давгын орон дээр гарч суулаа. Зургууланг нь ярина за. Ард түмэн 47 суудал өгсөн юм шүү.

Ийнхүү гишүүдийн дунд ширүүн маргаан өрнөж, улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд танхимыг орхиж гарснаар хуралдааныг жич дахин зарлахаар болж, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж