
Тэд “Үндсэн хуулийнхаа дагуу Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй хэмээн заасан байдаг ч өнөөдөр нийслэлийн иргэд энэхүү эрхээ эдэлж чадахгүй эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Энэ эрхийг эдлүүлэх үндсэн үүргийг үндсэн хуульд заасны дагуу төр хүлээдэг. Төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалын хүрээг Засгийн газар хүлээдэг. Нийслэлийн Засаг дарга, ИТХ нь өөрөө иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлаар ямарваа нэгэн эрх,үүрэг хүлээдэггүй. Хүний эрх, хөгжил төвийн хийсэн судалгааны дагуу Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ыг хариуцагчаар сонгон авахад хууль зүйн хувьд маргаантай байсан учраас одоогийн Засгийн газрыг хариуцагчаар сонгож байна” гэв.
Тус байгууллага эхний нэхэмжлэлээ утаа хамгийн их байх хоёрдугаар сард багтаан гаргахаар төлөвлөжээ. Энэ хэрэгт хамгийн гол оролцох ёстой хүмүүс нь агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирсон, амьсгалын замын болон зүрх судасны өвчинд нэрвэгдсэн хүмүүс хохирогч нэхэмжлэгчээр тогтоогдож оролцож болох ажээ. Хохирогч нэхэмжлэгчээр сонгож авахын тулд тухайн хүмүүсийн эрүүл мэндэд учирсан хохирол, өвчний шалтгаан, тэр нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэдгийг тус байгууллагынхан мэргэжлийн байгууллагаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоолгох юм байна. Тэдэнтэй хамтран эрүүл мэндийн хохирол, эмчилгээнийхээ зардлыг Засгийн газраас нэхэмжлэх хүсэлтэй байгаа агаарын бохирдлоос болон өвчин, эмгэгт нэрвэгдсэн иргэд Хүний эрх хөгжил төвд хандаж болохыг энэхүү хэвлэлийн бага хурлаараа дамжуулан зарлалаа. Хүний эрх хөгжил төв нь стратегийн өмгөөлөл хийдэг учир түүний дэргэд хуулийн зөвлөх баг ажиллдаг ажээ. Дээрх асуудлаар тус төвийн 325721 утсанд хандаж болох гэнэ. Одоогоор тус төвд 100-аад иргэн хохирогч нэхэмжлэгчээр оролцохоор хандсан бөгөөд мэргэжлийн байгуулагуудад зохих ёсны шинжилгээнүүдийг өгөөд явж байгаа ба шинжилгээний эцсийн хариу гараагүй тул хэдэн хүн хохирогч нэхэмжлэгчээр сонгогдох нь тодорхойгүй байгаа гэнэ.