Би Монголын эгэл жирийн нэг иргэн. Надад улсын төсөв ашигтай гарсан эсэх, Засгийн газраас Ардчилсан нам гарах эсэх, Сангийн сайдаар Ч.Улаан уу эсвэл Д.Хаянхаярвааг томилох эсэх, байнгын хороодын мэдээлэл, бас тэгээд чуулганы танхимд болдог хурлын хэрүүл огтхон ч сонирхолтой биш. Тэртээ тэргүй нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэр дүн өөрчлөгдөхгүй нь тодорхой болохоор Тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх хоёрын хэн ч ажилласан өрх гэрт минь морилчихоод явж өгөхгүй байгаа, өдрөөс өдөрт тэнгэрт хадаж, хэтэвчих дэх хэдэн “бор”-ын маань үнэлэмжийг хумиад байгаа үнийн өсөлт буурна гэдэг юу л бол. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, хэн нэгэн энгийн иргэдэд эгэлгүй буян үйлдэх ч юм бил үү.
Газрын хөрсөн дээр соёлж чаддаггүй эдийн засгийн өсөлтийг иргэд амталж, мэдэрч, барьж, эдэлж чадахгүй л юм бол өнгөрсөн жилийн эцсээр 17,3 хувьтай гарсан хийгээд өмнөх жилтэй харьцуулахад үсрэнгүй өссөн нь хэнд хамаатай юм бэ. Хэн үүнээс хожиж, харин хэнд үсрэнгүй хөгжил үнийн дарамт болоод байгаа нь тодорхойгоос хойш Монгол хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллараас 5100 ам.долларт хүрэх нь гэсэн мэдээг алгаа ташин хүлээж авах хүн тийм ч олон гарахгүй л болов уу. Хэрвээ тэрхүү энгийн иргэнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллар нь гарт тэмтрэгдэж, халаас дүүргэж байсан бол цалингаа хурааж машин авна гэсэн залуугийн мөрөөдөл яахин талаар болох билээ.
Магадгүй томчуудын дэргэд жижигхэн, сэтгэж, жижигхэн амьдарч байж болох ч надад зуун мянган айлын хөтөлбөр хэзээ хэрэгжиж, зургаан хувьтай зээл хэзээ гарах, үгсэн хуйвалдсан нь нотдогдож, тэрбумын торгуульд унаж ашиг орлогоо улсад тушаахад хүрээд байгаа хэрнээ Засгийн газрын өөдөөс цод цод хийж буй импортлогчид огцом өсгөсөн шатахууныхаа үнийг хямдруулах эсэх, цаашлаад ойрын өдрүүдэд дулаарах уу, хүйтрэх үү гэсэн цаг агаарын мэдээ, адаглаад л арилжааны банкны зээлийн хүү буурах үгүй нь чухал байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргадаг хэрэглээний үнийн индекс хэн нэгэнд хэрэгтэй л байх. Эдийн засагчид, эсвэл Монголбанкныхан, эрхбаригчдад энэ мэдээг сонсох, мэдэх ёстой ч байж болох юм. Харин Хөвсгөлийн тайгын малчинд, Өмнөговийн жолоочид, Ховдын багшид, заавал мэдэх ёстой, мэдэж байх хэрэгтэй мэдээлэл гэж үү. Тэдэнд хамгийн хэрэгтэй мэдээлэл өрхийн орлого нь зарлага дийлж чадах уу үгүй юу, өнөөдөр авч байгаа цалин нь маргаашийн хэрэглээнд нь хүрэлцэх үү, сар шинээр тавих ууцны махны үнэ, ирэх дөрөвдүгээр сард нэмэгдэх цалингийн нэмэгдэл , иргэдийг хэзээ цахим үнэмлэхтэй болгох, цаашлаад сая сая төгрөгөө хэзээ тараах вэ гэдэг л хэрэгтэй мэдээлэл болох биз.
Тийм болохоор ганцхан удаа С.Ганбаатарыг дэмжмээр байна. Яагаад гэвэл улстөржилгүй, уул уурхайн дэмийрэлд өртөлгүй, улсаас тараадаг хишгийг горьдолгүй өглөө ажилдаа яаранхан, үр хүүхэддээ үлгэр аяланхан үсрэнгүй өсөлтийн балаг үнийн дарамтыг мэдрэлгүй, зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л сайхан амьдармаар байна. Тиймээс л би жагсмаар байна.