В.Путин ба түүний өрсөлдөгчид

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

В.Путин ба түүний өрсөлдөгчид

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 4-нд болно. Өрнөдийнхөн “Төрийн Думын сонгуулийн үр дүнгээс үүдэн үзэл бодлоороо хэд, хэд хуваагдсан оросуудыг нэгтгэн зангидаж чадах тэр эрхэм хэн бэ. Ер нь оросууд хөгжлийн шинэ хуудсаа В.Путингүйгээр нээж чадах уу” хэмээн эргэлзэж байгаа бол хойд хөршийн ажиглагчид “В.Путинээс өөр хэн гэж. Америкчууд Борис Немцов тэргүүтэй жагсагчдыг санхүүжүүлж, эрх баригчдын эсрэг хөдөлгөсөн биз дээ” хэмээн асууж байна. Үнэхээр ч 142 сая гаруй хүн амтай Орос орныг ойрын зургаан жилд удирдах эрхэм хэн бэ. Ийм нэгэн асуулт таавар мэт хөвөрч байна.

Хойд хөршийнхөн Ерөнхийлөгч болон Төрийн Думын бүрэн эрхийн хугацааг дөрөв биш, зургаан жил болгон хуульчилсан. Нэгдсэн Орос намынхан өнгөрсөн намар хуралдах үеэр Д.Медведев В.Путинийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шүүлэхээ мэдэгдсэн бол В.Путин “Төрийн Думын сонгуулийн штабыг Д.Медведевээр удирдуулах нь зүй­тэй” хэмээн шийдсэн юм. Гэсэн ч Ерөнхий сайд В.Путин сонгуулийн үеэр намынхаа гол имиж нь болж, Москвагаас Сибирь, Алс дорнод хүр­тэл хяналтаа чангатгаснаар Нэгдсэн Орос намынхан Төрийн Думын 450 суудлын 238-ыг эзэлсэн билээ. Харин Коммунист намд 92, Шударга Орос намд 64, Либераль ардчилсан намд 56 суудал оногдов. Гэвч барууны талыг баримтлагчид сонгуулийн үр дүнд бухимдаж, ЗХУ задарснаас хойш анх удаа томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг зохион бай­гуулсан. Хамгийн сонирхолтой нь Сангийн сайдын албыг 11 жил хашиж, эцэст нь Ерөнхийлөгч Д.Медведевтэй муудалцсаны улмаас огцорсон А.Куд­рин тэдэнтэй нэгдсэн юм. Батлан хамгаалах салбарын зардлыг нэмэх тухай Ерөнхийлөгчийн саналыг эсэр­гүүцсэнээсээ болж албаа өгсөн тэрбээр өдгөө В.Путиний дэглэмийг шүүмжлэгчдийн нэг болжээ.

В.Жириновский, Г.Зюганов, С.Ми­ронов, М.Прохоров, Г.Явлинский. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээл­жит сонгуулийн үеэр В.Путинтэй өрсөлдөнө. Либераль ардчилсан намын дарга В.Жириновскийн хувьд өдгөө 66 настай. Телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ харилцан ярилцаж байсан эрхэм рүүгээ стакантай ус цацаж байсан түүнийг зарим улстөрч “Орос Гитлер” гэж хочилдог. Ямагт популист уриа дэвшүүлж, Москва хотын мээр асан Ю.Лужковыг “Оросын хамгийн том авлигач” хэмээн нэрлэж байсан В.Жириновскийн өвөө нь еврей хүн байжээ. Тэрбээр В.Путинийг Ерөнхий сайдаар томилохыг 2008 онд дэмжиж байсан юм. Тухайн үед орос тагнуулчаар Засгийн газраа удирдуулахыг эсэргүүцсэн улс төрийн хүчин бол Коммунист намынхан байв. Эрх баригч хүчний эсрэг байр суурь баримталдаг тус намын дарга, 68 настай Геннадий Зюгановын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй нь улс төрийн карьераа эцэслэхийн өмнөх томоохон тоглолт нь байх биз. Марксизм, ленинизмийн онолыг бишрэн шүтэгч тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд нэр дэвшихээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлалаа. Г.Зюганов ба түүний удирддаг Ком­мунист намыг ажиглагчид “Оросын улс төрийг сонирхолтой болгогсод” хэмээн нэрлэдэг. Учир нь тэд эрх баригчдын эсрэг цаг үргэлж ямар нэгэн акци зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ ЗХУ-ын үеийг санагдуулам алх, хадуурт тугийг намынхаа туг болгож, улаан цэргийн хувцсаар “гоёх” дуртай Г.Зюганов энэ удаад хэр ширүүн дайралт хийх бол.  

Сергей Миронов. Түүнийг оросууд, бас монголчууд сайн танина. Кремлийн ноёд түүнийг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын албанаас өнгөрсөн оны хавар огцруулж байсан. Гэвч улс төрийн нэгдэл байхаа 2006 онд хамтдаа мэдэгдэж байсан Нэгдсэн Орос болон Шударга Орос намынхан Төрийн Думын 2011 оны сонгуулиар улс төрийн ашиг сонирхлын үүднээс нэг нэгнээ дэмжиж оролцсон билээ. Харин одоо В.Путин, С.Миронов нар өрсөлдөгчид. Тийм ээ, өнгөн дээрээ өрсөлдөгч кандидатууд аж. Гэвч Оросын улстөрчид С.Ми­роновыг “В.Путинийхэнд биеэ үнэ­лэгч” хэмээдэг. Цаг ямагт Нэгдсэн Орос намынхныг дэмжсэн улс төр хийдэг учраас тэд дургүй байх нь аргагүй биз. Тиймээс С.Мироновын сонгуулийн кампанит ажлын үр дүн В.Путинд урьдын адил ашигтайгаар тусна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна. Михайл Прохоров гэж хэн бэ. Форбес сэтгүүлийнхэн АНУ-ын сагсанбөмбөгийн “Нью Жерси Нэтс” багийн эзэн түүнийг Оросын гурав дахь баян хүнээр тодруулж байсан удаатай. Нийт хөрөнгө нь 18 тэрбум орчим ам.доллараар үнэлэгддэг М.Прохоров “Зөв үйл хэрэг” намын даргаар өнгөрсөн оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл ажиллаж байжээ. Ажиглагчид эл үйл явцыг “47 настай тэрбумтны хувьд улс төрийн орчинтой танилцах аялал байсан ч байж мэднэ” гэж дүгнэдэг. Үнэхээр ч Оросын их улс төрд М.Прохоровыг В.Путинтэй эн зэрэгцүүлэхийн аргагүй юм. Харин “Норильский никель” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Биатлоны холбооны ерөнхийлөгч тэрбээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн. Товчхондоо, шинэ Оросын нэгэн олигархи билээ. Олигархиуд жирийн иргэдийн дунд нэр хүнд муутай байдаг болоод ч  тэр үү В.Путин ч, сонгогчид ч М.Прохоровт нэг их ач холбогдол өгөхгүй байна. Орос тагнуулчийн тав дахь өрсөлдөгч бол “Яблоко” намын лидер, эдийн засагч мэргэжилтэй Г.Явлинский. Тэрбээр В.Путинтэй нас чацуу. Харин “Алимханууд” Төрийн Думд ганц ч суудалгүй. Гэхдээ Г.Явлинский хувь хүний хувьд сонирхол татахуйц эрхэм. Заримаас нь дурьдвал, тэрбээр Грозныйд 1994 онд Оросын танкчдыг удирдахад оролцож, Жохар Дудаев тэргүүтэй чеченьчүүдтэй хэлэлцээр хийж байжээ.

Ерөнхий сайд В.Путин телевизийн нэвтрүүлэг, цахим ертөнцөд түшиглэн PR хийж байна. “Жаран настай В.Путин бие бялдрын хувьд эрүүл чийрэг байна” гэдгийг нотлох гэсэн мэт үзэл суртлын шинж чанартай гэрэл зурагнуудыг түүний багийнхан сайт, сэтгүүлүүдэд нийтэлж байсан нь улам эрчимжиж байна. Гэвч үүнийг шүүмжлэх хүмүүс бас бий. Тэд “В.Путин том алдаа гаргалаа. Тэрбээр багтаа “дайснууд”-ыг шургуулжээ. Учир нь түүний сайтад байршуулсан мэдээллүүдийн доор В.Путинийг эсэргүүцсэн хү­мүүсийн сэтгэгдлүүд дүүрэн. Энэ нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн рейтингэд муугаар нөлөөлж байна” гэв. Ямартай ч Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч В.Путин Орос орныг улс төр, эдийн засгийн хувьд улам хүчирхэгжүүлэхээ амлаж “Ойрын 20 жилд 25 сая ажлын байр шинээр бий болгоно. Эдийн засгийн интеграцичлал явуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Товчхондоо, тэрбээр Бе­лорусс, Казахстан болон хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим улсыг Оросыг хүчирхэгжүүлэх “хэ­рэгсэл” гэж харж байгаа нь мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой харагдана.  

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж