Ихэнх хүмүүс дуурь үзнэ гэхээр ойлгохгүй, унтчихна хэмээн хэлдэг. Гэвч Ж.Пуччинийн дуурийг анх удаа үзэсэн үзэгчид бүгд л дуурийн урлагт автаж, дуурь үзэхийг хүсдэг юм билээ. Миний найз анх удаа Ж.Пуччинийн “Богема” дуурийг үзээд дуурийн урлагт дурлаж байсан бол өөр нэг нь “Чио Чио Сан” дуурийн төгсгөлийн хэсгийг үзээд юу ч ойлгоогүй байж, зүрхний гүнээсээ Чио Чио Санг мэдэрч, нулимс унагаж байсан. Одоо тэр бүсгүй өөрийнхөө мэдрэмжийг тайлж чаддаггүй, “тухайн үед юу болсныг хэлж мэдэхгүй ч үнэхээр гоё байсан” л гэж тайлбарладаг. Харин өнгөрсөн бямба гаригт Ж.Пуччинийн бас нэгэн гайхалтай бүтээл болох “Тоска” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглож, олон үзэгчдийг дурлуулав. Энэ удаагийн тоглолт “Тоска” дуурь Монголын тайзнаа 30 жил тоглож байгаа гэдгээр нь онцлогтой. Энэ өдөр үе үеийн Тоска нар театрт цугласан байв. 30 жил монголчууд энэхүү дуурийг тайзнаа амилуулсан гэж бодохоор бахархмаар.
Ж.Пуччинийн дууриуд яагаад үзэгчдийг ингэж, дурлуулж, эзэмдэж чаддаг юм бол? Бодоод байхад түүний бичсэн хөгжим, дууриуд бидний амьдралыг дэлгэн харуулдаг, яг л одоогийн нийгмийг харуулж байдаг юм шиг. Тийм болохоор үзэгчдэд, тэдний зүрхэнд хүрдэг байх гэж бодох юм. “Тоска” дууриа Ж.Пуччини В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэнэ лээ. Тухайн үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх оронч хөдөлгөөн Пуччинид илүү их нөлөөлж, гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий “Тоска” дуурь бүтжээ. Энэ дуурьд болж буй үйл явдал, дүрүүд нь аль ч нийгэмд байдаг бодит дүрүүд ба урлагийн хэлээр хүмүүст сайхан муухайн, сайн мууг харуулж байгаагаар онцлог аж. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийг анх тоглож байсан ч одоо ч хуучраагүй хэвээр.
Үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж, зуун жилийг ардаа орхиж, Монголын тайзнаа 30 дахь жилдээ амилж буй нь энэ юм. Энэ өдөр Тоска бүсгүйг дуурийн гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Каварадосси Б.Дамдинсүрэн, Скарпьяд Ц.Баттөр нар тайзнаа амилуулсан. Та бүхэндээ баярлалаа. Хамгийн их онцлох ёстой уран бүтээлчид нь симфони найрал хөгжимчид байсныг хэлэх нь зүйтэй. Хөгжим энэ үдэш үгээр хэлэмгүй гоё байсан. Зарим үзэгчдийг харахад нүдээ анина, симфони найрал хөгжимчдийн эгшиглүүлэх Ж.Пуччинийн хөгжмийг мэдэрч байв. Ж.Пуччиниг мэдрүүлсэн дуурийн театрын уран бүтээлчид ирэх долоо хоногт Ж.Вердийг үзэгчдэд мэдрүүлэхээр хэдийнэ бэлтгэлдээ орсон байна лээ. Ирэх долоо хоногт Ж.Пуччинийг гайхшруулсан Ж.Вердийн “Риголетто” дуурийг таетрт тоглоно.