Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Насжилт ба хөдөлгөөн

Сүүлийн үед компьютерийн дэлгэц, зурагт, цаас гурав ээлжилж шагайсаар байгаад битүү хайрцганд амьдарч байгаа юм санагдах болжээ. Гадуур хөлийн чилээ гарган алхаж, дэлгүүр хэсч, зоогийн газар хооллох гэж юу байдгийг мартсан байсныг саявтар Английн Лондон хотын King"s College-ийн судлаачдын хэвлүүлсэн судалгаа сануулах шиг болов. Тэд 2401 ихэр хүмүүсийг хэр идэвхтэй амьдардаг талаар анкет бөглүүлж дараа нь тэдний хромосомын теломер хэмээх хэсгийн уртыг хэмжжээ (цусны цагаан эсээс ялгаж авсан ДНХ дээр үндэслэж). Теломер бол хромосомын үзүүрт байх олон давтамжтай sequence (монгол нэрийг нь олсонгүй) бөгөөд эс насжих тусам богиносож байдаг хэсэг юм. Теломер богиносох тусам эсийн өөрийгөө гадны муу нөлөөнөөс хамгаалах чадвар буурдаг байна.

Хөдөлгөөн багатай, спортоор хичээллэдэггүй хүмүүсийн теломер долоо хоногт дунджаар 199 минут дасгал хийдэг идэвхтэй хэсгийнхэнтэй харьцуулахад дунджаар 200 нэгжээр (нэгж: нуклеотид) бага байсан гэнэ. Сайн тооцоод үзвэл идэвхтэй хэсгийн хүмүүс эсийнхээ түвшинд идэвх багатай хүмүүсээс даруй 10 жилээр залуу байна гэсэн үг аж. Энэ бол эсийн насжилт ба амьдарлын хэв маягийг холбосон анхны судалгаа бөгөөд хөдөлгөөний дутагдал хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлтийн эрсдэлийг нэмдэг гэсэн ажиглалтыг баталгаажуулж байгаа юм. Яагаад гэхээр теломер богиносох тусам эс гадны элдэв халдлагад өртөмхий болно, тэр хэмжээгээрээ өвчилнө. Харин урт теломертэй эсүүд ийм халдлагаас өөрсдийгөө хамгаалж чадна тэр хэмжээгээрээ өвчний эрсдэл буурна гэсэн үг.

Ингэхээр нүүрний үрчлээ төдийхнээр хүний оврыг тодорхойлох учир дутагдалтай хэрэг болох нь ээ. Элдэв гоо сайхны мэс ажилбар хийлгэснээс идэвхтэй амьдарч, эсээ залуужуулах нь зөв болж таарч байх шиг. Гэснээс сүүлийн үед зурагтаар гарч байгаа жүжигчид бүгд адилхан харагдаад байдаг нь гоо сайхны мэс засал хэр газар авсаны хэмжүүр юм уу даа. Миний хувьд амьдарлын жам, насны бэлэг гээд үрчлээ болгоноо ад үзэхгүйгээр хүлээж авна гэж боддогоо.

За тэгэхээр өдөрт дор хаяж 30 минут гүйж, алхаж, дугуй унаж, гимнастик хийхгүй бол жинхэнэ цаагуураа оворжих нь байна шүү. Би ч нэг арга бодохгүй бол миний хэдэн эд эс аль эртнээс гомдол тавиад байгаа юм. Угаасаа хөдөлгөөнд хойрго надад 30 минут ямар урт санагддаг гээч.

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж