Спортын салбарын онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Спортын салбарын онцлох үйл явдлууд

2012 он гарахад дөрөвхөн хоногийн хугацаа үлджээ. Ирэх он бол спортынхны хувьд хариуцлагатай бөгөөд чухал жил. Харин 2011 онд манай улсын спортын салбарт онцлох үйл явдал өрнүүн байсан гэхэд болно. “Спортын шуудан” өнгөрч буй оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.

Оны онцлох амжилт: Монголын тамирчид олон улсын тэмцээнээс 222 медаль хүртжээ

Бээжингийн олимпоос хойш манай тамирчдын амжилт жилээс жилд ахисаар байгаа. Монгол Улсын баг тамирчид өнгөрч буй онд тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнээс 222 медаль хүртсэн байна. Мэдээж үүний дотор тив болон дэлхийн аваргаас авсан медалиудыг багтааж байгаа юм. Бакугийн рингэнд өрнөсөн боксчдын тулаанд дэлхийн аварга П.Сэрдамба хүрэл медаль хүртсэн бол чөлөөтийнхөн хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүж эмэгтэйчүүд багаараа гуравдугаар байр эзлэн Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт гаргасан. Мөн жүдогийнхон “Мастерс”, “Их дуулга”, гранпри, “Дэлхийн цом”-д өндөр амжилт үзүүлж алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн. Мэдээж шатарчдын амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Олон улсын мастер Ц.Батчулуун их мастер, их мастер Т.Батчимэг эрэгтэй олон улсын мастер, Б.Гүндаваа их мастерын нэг балл тус тус авчээ. Мөн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ФИДЕ мастер А.Энхтуул хүрэл медаль хүртэж, шатрын сонирхогчдын дэлхийн аваргаас Б.Ану, С.Билгүүн нар алтан медаль хүртсэнийг дахин сануулъя. Энэ бол Монголын тамирчдын 2011 онд гаргасан амжилтын дөнгөж нэг хэсэг нь.

Оны онцлох зочин: Жак Рогге, Двайт Ховард

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге манай улсад хөл тавьсан нь спортынхны хувьд том хүндэтгэл боллоо. Түүнийг ирэх үед манай улс бараг тэр чигээрээ спортоор амьсгалсан гэхэд болно. Түүнээс гадна NBA-ын “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч “Супермэн” хочит Двайт Ховард талын Монголд зочилсныг онцолж байна. Сагсчдын хувьд энэ нь баярт мэдээ юм. Үүнээс гадна Италийн алдарт “АС Милан”, “Интер” клубын төлөөлөл хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхээр зүтгэж буй Монголд зочилсон. “Милан”-ы төлөөлөгчид өсвөрийн хөлбөмбөгчийг өөрийнхөө академид суралцах боломж олгосон. Харин “Интер”-ийн удирдлагууд манай улсад өөрийнхөө академийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дээр дурдаагүй спортын олон хүндтэй зочин манай улсад ирсэн юм.

Оны онцлох бүтээн байгуулалт: Хөлбөмбөгийн футзалын ордон

Энэ бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд тохиосон томоохон бүтээн байгуулалт юм. Өнгөрсөн жил спортын шинэ ордныг хүлээж авсан бол энэ удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй футзалтай болсон. Уг бүтээн байгуулалтын үргэлжлэл нь “Гоол 5” төсөл юм. Хөлбөмбөгчдийн хувьд эх орондоо хоёр ч олон улсын тэмцээнийг хүлээн авч түүхэн ялалт байгуулсныг дурьдах хэрэгтэй.

Оны онцлох үйл явдал: Монгол бөх Гиннест бүртгэлтэй боллоо

Эрийн гурван наадмын нэгэн төрөл болсон монгол үндэсний бөхийн барилдааныг Гиннесийн номонд бүртгүүлж чадлаа. Ингэхээд түүхэндээ анх удаа 6002 бөхийг зэрэг барилдуулж дэлхийд сонорт хүргэсэн нь яах аргагүй онцлох үйл явдал мөн. Уг барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Монгол Улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэснийг бөх сонирхогчид санаж байгаа биз.

Оны онцлох бахархал: Монгол уулчин эмэгтэй анх удаа Эверестийн оргилд гарав

Бадамгаравын Гангаамаа Монголын эмэгтэй уулчдаас анх удаа дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн ноён оргилд хөл тавилаа. Амь насаараа дэнчин тавьж энэ авиралтыг хийсэн түүнийг Эверестийн оргилд үүрээр хөл тавьсныг хөтөчүүд нь гэрчилнэ. Тэрээр энэхүү түүхэн авиралтынхаа дараа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

2011 оны олимпийн эрхүүд

Монголын баг тамирчид олимпийн есөн эрх авчээ. Энэхүү амжилтыг мөн “Спортын шуудан” онцолж байна. Ялангуяа марафон гүйлтийн төрөлд эрх авсан Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарын амжилт нь Монголын хөнгөн атлетикийн түүхэнд гарсан хамгийн том үйл явдал юм. Мөн багагүй хугацааны дараа байтынхан хосоороо Лондонг зорих тийзээ өвөртөлсөн. Чөлөөтийнхөн ч гэсэн хос эрхтэй. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 2008 онд үзүүлсэн амжилтаа ахиулахаар мэргэн буучдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан. Харин боксчдоос Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхийн салхийг нь хагалсан. Үүнээс гадна пара тамирчид маань ч гэсэн энэ тооны эрх аваад байгаа. Ирэх онд Монголын тамирчид эрхээ нэмж, зорьсон зорилгоо биелүүлж 30-аас дээш тамирчнаа Лондон руу илгээнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж