Салют хэрэглэх заавар зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Салют хэрэглэх заавар зөвлөмж гаргажээ

Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл болох салют, галт сум, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд ихээр хэрэглэдэг. Өмнөх жилүүдэд баталгаат бус пиротехникийн хэрэгсэл хэрэглэснээс иргэд хөл, гараа бэртээсэн  тохиолдол хэд, хэдэн удаа гарч байв.

Манай улсад пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй “Тотал мюзик”, “Очир ундраа” гэсэн хоёр компани байдаг аж. Гэвч иргэд хувиараа урд хөршөөс үйлдвэрлэсэн газар, хэрэглэх заавар  зэрэг нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг үнэ хямдаар оруулж ирснээс золгүй тохиолдлууд гардаг байна.Иймд баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.  НОБГ-аас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад галын аюулгүй байдлын шалгалт явуулж, заавар, зөвлөмж өгч эхэлжээ. НОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны “Тэсэрч дэлбэрэх болон тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай “149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 тоот захирамж болон бусад дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд есөн дүүрэгт галын аюулгүй байдалд хяналт тавьж байгаа аж.  Шалгалтыг 2012 оны нэгдүгээр сар хүртэл явуулах юм байна.

Шинэ жилийн баяртай холбогдуулан пиротехникийн хэрэгслийн хэрэглээтэй холбогдуулан  НОБГ-аас дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга, байгууламжид пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр  зохион байгуулахгүй байх

  • Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холболт  хийх

  • Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай /цаас,саа,хөвөн г.м/ зүйл дээр   хаяхгүй байх

  • Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллаад нэг метр 60 см-ийн  өндөрт  гэрэл цацруулдаг. Ингэсний дараа  суурийн чөлөөт шаталт нь  зургаан  секунд орчим үргэлжилдэг тул уг бүтээгдэхүүнийг өрөө, тасалгаанд хэрэглэхгүй байх

  • Сүлд модны ойролцоо шатах материалыг байршуулахгүй байх

  • Цахилгаан ашиглалтын дүрмийг мөрдөж, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

  • Байгууллага, гэрийнхээ дотор, гадна талын гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах

  • Объектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон үүрэг гүйцэтгэлд  нь хяналт тавих

  • Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах

  • Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, гарцыг багасгах, хааж түгжихийг хатуу хориглохыг НОБГ-аас анхаарууллаа.        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж