О.Хангай аварга түүхийг үргэлжлүүлж, энэ жилийн наадамд түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2025.03.02-нд нийтлэгдсэн

О.Хангай аварга түүхийг үргэлжлүүлж, энэ жилийн наадамд түрүүлж чадах уу?

О.Хангай аварга түүхийг үргэлжлүүлж, энэ жилийн наадамд түрүүлж чадах уу?

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчит 256 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлсэн. Ийнхүү тэрбээр хоёр жил дараалан түрүү бөхөөр тодорч, хамгийн сүүлд дархан аварга Г.Өсөхбаярын давтаж байсан амжилтын эзэн болов. Г.Өсөхбаяр аварга 2004 болон 2005 онуудын сар шинийн барилдаанд түрүүлсэн түүхтэй.

О.Хангай аварга аймгийн арслан цолтойгоосоо л сар шинийн барилдаанд тун сайн барилдаж байсан амжилттай. Тэрбээр анх 2014 онд 23 насандаа аймгийн арслан цолтой сар шинийн барилдаанд үзүүрлэж байлаа. Тухайн үед улсын гарьд Д.Рагчаа түрүүлсэн. Үүнээс гурван жилийн дараа 2017 онд дахин аймгийн арслан цолтой сар шинийн барилдааны түрүү, үзүүр булаалдаж, Ч.Санжаадамба аваргад тахим буулгасан билээ.

Түүхийг эргэн харвал могой жилийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд тухайн оныхоо улсын баяр наадамд түрүүлж байсан зүй тогтол бий. Эргэн санавал 2013 оны усан могой жилийн барилдаанд Г.Эрхэмбаяр арслан түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэж байжээ. Тухайн жилээ Г.Эрхэмбаяр наадмаар есөн даван түрүүлж, аварга цол хүртсэн.

Харин 2001 оны төмөр могой жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэж байсан аж. Арслан цолтой сар шинийн барилдаанд түрүүлж байсан А.Сүхбат тухайн оныхоо наадмаар Б.Бат-Эрдэнэ аваргаар арав давж, аварга цол хүртсэн.

Түүнээс өмнөх могой жилийн барилдаануудын үр дүнг товчлон хүргэе.

  • 1989 оны могой жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэв. Улсын арслан Б.Бат-Эрдэнэ наадмаар тухайн үед улсын начин цолтой байсан О.Балжинням аваргыг давж түрүүлсэн.
  • 1977 оны могой жилийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэв. Х.Баянмөнх аварга энэ жилийн наадамд улсын арслан П.Дагвасүрэнг давж, дахин түрүүлжээ.
  • 1965 оны могой жилийн барилдаанд улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэв. Энэ жилийн улсын баяр наадамд улсын арслан Ж.Мөнхбат улсын заан Х.Баянмөнхийг давж түрүүлэн аварга цол хүртэж байлаа.

1965 оныг эс тооцвол могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд тухайн жилийнхээ наадамд бүгд түрүүлжээ. Харин цувралыг О.Хангай энэ жил үргэлжлүүлж чадах болов уу? Арав давж, аварга цол хүртсэн түүнд дахин төрийн наадмын түрүү байгаа гэж бөх сонирхогчид ярьдаг. Хэрэв өдгөө 34 настай тэрбээр өнөө жил түрүүлвэл даян аварга болж, үндэсний бөхийн эрхэм дээд цол болох дархан аваргаас нэг алхмын өмнө ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж