-Талийгаач аавын тань өмч хөрөнгө яагаад дүүгийнх нь нэр дээр очсон юм бэ. Уг нь эхнэр, хүүхэд нь өв залгамжлагчаар тогтоогдсон биз дээ?
-Миний аав 1998 онд Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдохдоо компаниа дүүдээ хариуцуулан үлдээсэн юм. Ээж, дүү бид нар тухайн үед түр хугацаагаар Сингапурт амьдарч байсан юм. Харамсалтай нь аав маань 2005 онд нас барсан. Үүний дараа аавын төрсөн дүү З.Мөнхтуяа нөхөр Г.Мөнхнайрамдал нар үгсэн тохиролцож аавын бүх баримт бичгийг устгаж, бидний өмч хөрөнгийг хууль бусаар булаан авсан. Манай гэр бүлийн өмч хөрөнгө тэр чигээрээ Г.Мөнхнайрамдал, Мөнхтуяа хоёрт шилжсэн юм. Ингэж тэд хууль бусаар бидний хөрөнгийг эзэмших болсон учир нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан О.Амартуяатай холбоотой. О.Амартуяа миний аавын нэр дээрх обьектын гэрчилгээг ямар ч гэрээ хийлгүй, шууд З.Мөнхтуяагийн нэр дээр гэрчилгээ олгосон байсан. Гэхдээ ээж бид нар өмч хөрөнгөө буцааж авч чадсан. Шүүхийн шийдвэр хүртэл бидний талд гарсан юм. Үүний дараа манай ээж спорт цогцолбор, үйлдвэр хоёроо худалдсан. Гэтэл хэдэн жилийн дараа аавын дүү хуурамч тушаал үйлдээд, тэрийгээ барьж шүүхээр явсаар бидний бусдад хэдийн худалдчихсан зүйлсийг булааж авсан. Үүнээс болоод биднээс хуулийн дагуу үйлдвэр, спорт цогцолборын барилгыг худалдаж авсан хүмүүс хохироод явж байна.
-Хуулийн байгууллагаар олон жил явсан гэсэн. Өнөөдрийг хүртэл энэ асуудал яагаад шийдэгдэхгүй удсан юм бэ?
-Шат шатны шүүхийн гол үндэслэлээ болгосон тушаал дээрх гарын үсэг миний аавынх биш. Тэгэхээр тэр тушаалыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой юм. Гэтэл шүүх хуурамч тушаалыг үндэслэн гаргасан шийдвэрээс болоод манай гэр бүл өнөөдөр маш хүнд байдалд амьдарч байна. Энэ бүх будлиантай, хууль бус шийдвэрийг анх Дархан-Уул аймгийн шүүгч Т.Энхжаргал гаргасан гэж үздэг. Одоо бид тэр шүүгчид маш их гомдолтой явдаг. Хуурамч тушаалыг ашиглаж, залилан хийсэн Г.Мөнхнайрамдал нарыг өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагынхан шалгаж өгөхгүй байна. Бид цөхрөнгөө бараад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт удаа дараа хүсэлт гаргасан ч уулзаж чадаагүй байна.
С.Отгон