Тавантолгойд үндэсний компаниудын оролцоог дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойд үндэсний компаниудын оролцоог дэмжинэ

Тавантолгойн ордын ашиг­лалтад
үндэсний компаниудын оролцоог хангах тал дээр улстөрч, эдийн засагчдын
байр суурийг сонирх­лоо. “999” буюу компаниудын нэгдлийн талаар та ямар
бодолтой байна вэ?


УИХ-ын гишүүн Р.Раш: Нэг нэгээрээ давхиж том “бар”-ын
өмнө алгадуулж болохгүй.

-Ер нь тэгээд монголчууд дотроо
учир зүйгээ олж, нэгдэж томрох нь үндэснийхээ эрх ашгийг хамгаалах гол
гогцоо болно шүү дээ. Би бол тэгж ойлгож байна, зөв алхам. Эцсийн эцэст
тархай бутархай, нэг нэгээрээ давхиж очоод том “бар”-ын өмнө алгадуулаад
байж болохгүй. Засгийн газрын баримталж байгаа байр суурь, Ерөнхий
сайдын хэлсэн үг, явж явж газрын дорх баялаг 100 хувь төрийн өмч байна
гэсэн Үндсэн хуулийн үзэл санаатай нийлж байгаа асуудал. Одоо хөрөнгө
босгох нь л гол асуудал. Би бол дэмжинэ. Ярьж байгаад үнэн зөв нь гарч
ирэх байлгүй дээ. Том компаниуд ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс
аргагүй. Томуудын сонирхол бол мэдээж цөөн компани биеэ даагаад явах л
сонирхол байгаа л даа.


Эдийн засагч Н.Дашзэгвэ: Манай компаниуд 10 саяыг
гаргаж болно

-Боломжтой. Харин ч нэг сая төгрөг биш, тав таван
сая төгрөг гаргахад хангалттай. Ер нь манай компаниуд арван саяыг ч
гаргасан болно шүү дээ. Эсвэл 500 мянга, нэг сая төгрөгийн хувьцаа
гаргасан ч болно. Хувьцааг хэн ч эзэмшсэн болно. Миний ойлгосноор “999+”
гэсэн цаашдаа ч олон компанийг оруулах нээлттэй санал юм билээ. Нүүрс
олборлоход тийм их нарийн технологи шаардахгүй. Харин боловсруулах,
баяжуулах үйлдвэр байгуулах бол Япон, Өмнөд Солонгос гэх мэт нарийн
технологитой орнуудтай хамтрах ёстой л доо. Тэгээд цаашилбал, төмөр
замын асуудал байна. Үүнийг шийдээд ашигт малтмалаа эргэлтэд оруулах
хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Энхболд: Нэгдэж байгааг дэмжиж байна
-Ерөөсөө
олуулаа нийлж хөрөнгө босгоод олборлолтод нь дотоодын компаниуд оролцох
гэдэг бол зөв. Нүүрс ухах гэдэг Оюутолгойн ордод нэг км-ын гүнээс зэс
олборлохоос хамаагүй хялбар ажил. Манай Багануур компани байна, сүүлийн
20-30 жил нүүрс ухаж байна. Одоо үүн дээр нүүрс угаах, коксын үйлдвэр
гэсэн хоёр дамжлага л барьчих юм бол Тавантолгойг ошиглах компани бэлэн
боллоо гэсэн үг. Дотоодын компаниудын оролцоог би дэмжинэ, нэг хэсгийг
нь дотоодын компанидаа өгөх ёстой. Компаниуд том жижгээрээ ялгарна уу,
байна уу өөрсдийнх нь сонирхол. Хувь хүмүүс ч гэсэн хөрөнгийн бирж дээр
компаниа босгоод Тавантолгойн ашиглалтад оролцож болно шү дээ. Одоо энэ
тарааж байгаа мөнгөөр компани байгуулья гэсэн хүмүүс ч байна.
Тавантолгой их том төсөл учраас хүн болгонд хүрэлцээтэй. Тэнд 700
компани тус тусдаа очоод эксковатор аваад самосвалаар зөөнө гэвэл
бүтэхгүй. Тийм учраас хүчээ нэгтгэх л ёстой. Том жижгийн асуудлыг бол би
бодохгүй байна. Ерөнхийдөө Монголын компаниуд Тавантолгойн төсөлд
оролцох ёстой юу гэвэл оролцох ёстой юу гэвэл оролцох ёстой. Хангалттай
том бизнес байгаа. Зөвхөн нүүрс ухахаас гадна дагалдах олон бизнес
байгаа. Тиймээс Засгийн газар Тавантолгойг орлого олох нүдээр харахаас
гадна ажлын байр бий болгох, дотоодын компаниудаа өсгөж өндийлгөх талаас
нь харвал их сайн л даа.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Зөв шүү дээ.
Оюутолгой шиг гадныханд өгчихөөд дараа нь өөрсдөө нуйгаад яьж болохгүй
байхгүй юу. Өнөөдөр Аюулгүй байдлын байнгын хорооны хурал дээр жишээ нь
Засгийн газар ямар байр суурь гаргасныг сонссон уу? Хөрөнгө оруулалтын
гэрээнд өөрчлөлт оруулж болох юм гэсэн шүү. 30 жилийн хугацааг
наашлуулья гэж байна, татварыг нэмье гэж байна. Шахалт ирэхээр л буулт
хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр хууль зөрчөөд байгуулчихсан гэрээ гэдэг
нь үнэн байгаа биз дээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж