
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордоноор зочиллоо. Тэрбээр парламентад суудалгүй улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнийхний зүгээс Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах саналыг нэгтгэн боловсруулснаа УИХ-ын гишүүн З.Алтайд гардуулж, “УИХ-аар хэлэлцүүлж өгнө үү” хэмээн хүссэн аж. Ийнхүү Н.Энхбаяр жигтэйхэн танил ордондоо “үзэгдээд” гарав. Тэр хэний ч өрөөний үүдэнд сууж, нус нулимсаа гоожуулж гомдоллоогүй. Гэвч Төрийн ордон дотор амьд сэрүүн алхаж буйгаараа л зарим хүнийг түгшээж, тэр тусмаа Ардын намын нэр бүхий гишүүнийг үүдээ түгжиж суухад хүргэсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Хэдийгээр Н.Энхбаяр алдаа бүхнээ засч, тэр ч байтугай хамтарсан Засгийн газар нэртэй албан тушаалын хөзрөөр барьсан байшинг ганцхан үлээж нураачихаад, буурин дээр нь өөрийнхээ гэрийг барих тэсгэлгүй хүсэлтэй яваа ч энэ хүслийг гүйцэлдүүлэх, олон нийтийн итгэлийг хүлээх баг түүнд алга. Маш хүнд нөхцөлд, дээр нь санхүүгийн хямралтайгаар энэ том хүсэл зоригийг гүйцэлдүүлнэ гэдэг амаргүй л болов уу.
Уг нь Н.Энхбаяр төрийн тэргүүн болохоосоо өмнө ч, хойно ч Ц.Нямдоржийг хэлэлтгүй аймшигтай өс зангидаж ажилладаг байгаагүйсэн бол өнөөдөр түүнийг дагах хүн олон байсаан. Тухайн үед МАХН “Өвгөчүүлийн нам” хэмээгдэж, сүүлчийн цучил нь унтарч байх үед сэргээж, ёстой л “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Монголын хамгийн хуучин боловч хүчтэй нам болгон сэргээсэн том гавьяатай. Хэрэв тэр үед толгой нь сийрэг, бизнесийн салбарт хүчээ авч яваа, өндөр мэдлэг боловсролтой хэсэг залуусыг Н.Энхбаяр намдаа элсүүлээгүйсэн бол одоогийн МАН ч ийм нэр хүндтэй, төрийн тулгуур болж явахгүй. Бас олигархиуд ч МАН-аас үй олноороо мэндлэхгүй байсан болов уу.
Ардчилсан эвслийн Засгийн газар дөрвөнтөө хөрвөөсөн ч тэр үед бэл бэнчинтэй, эрдэм чадалтай залуус ардчиллыг дэмжиж, бэл бэнчингээр зэвсэглэн намын байрных нь зүг шогшсоор байв. Хэрэв Н.Энхбаяр С.Батболд, Ц.Мөнх-Оргил тэргүүтэй залуусыг намдаа “богтолж” элсүүлээгүй бол хэдийгээр “Улс төр сонирхдоггүй” гэцгээх авч хэзээ нэгэн цагт сонголтоо хийж тэр үеийн залуусын жишгээр Ардчилсан намд орчихож мэдэх л байсан. Үүнд тэдний ижий аав, эмээ өвөөгийн нам гэдэг ойлголт огтхон ч хамаагүй. Хориннэгдүгээр зууныхан удам залгаж намд элсэнэ гэж юу байх вэ дээ. Ингээд Н.Энхбаяр тэдэнд МАХН-д байхын амтыг мэдрүүлж, эрх мэдлийн цалмаараа лавхан гэгч нь боомилсон. Харин “олж ирсэн” залуусынх нь толгой Н.Энхбаярынхаас хамаагүй илүү ажиллаж, тэд “тусыг санахгүйгээр” тусдаа гарахаар шийдсэнийг түүх харуулдаг. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад нь жишим ч үгүй хажуугаар нь өнгөрөөд зогсохгүй, нөхөн сонгуульд ч нэр дэвших эрхгүй болгоод, “иргэн Н.Энхбаяр” -ыг их улс төрийн гадна үлдээгээд хаалгаа хаачихав.
Хамгийн гомдмоор нь дор хаяж 30 жил нөхөрлөсөн С.Баяр. Ц.Нямдорж нар урвагчдын жагсаалтыг тэргүүлэв. Өөдөөс нь ямар ч гашуун үг хэлээд нэмэргүй. Учир нь өнөөдөр эрх мэдэл тэдний гарт байна. Өнөөдөр улстөрчид, тэр тусмаа Ардын намынхан “Манай Нямка сайд зуумхай. Гэхдээ Н.Энхбаярыг яаж гүйцэх вэ” гэж ярьж байна.
Үнэхээр тийм ч байж мэднэ. Нэг л жишээ дурдъя. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө шүүхээс У.Хүрэлсүхэд “Сонгуулийн сурталчилгаандаа ашигласан УАЗ-Фургон автомашины үнэ 11.5 сая төгрөгийг “Хадгаламж” банкаар төлүүлсэн байна” гэдэг үндэслэлээр 5.1 жилийн ял төлөвлөсөн. Үүнээс гурван жилийг нь өршөөлд хамруулан 2.1 жилийн ял оноосон билээ. Шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаярын амьдралын философи бусдыг хооронд нь зөрчилдүүлж, тэр зөрчил, хэрүүл дундаас үсэрч байгаа очоор хооллож амьдардаг хүн. Ц.Нямдоржийг Ц.Шаравдоржтой, Ц.Шаравдоржийг Л.Пүрэвдоржтой, М.Энхболдыг Ц.Элбэгдоржтой, У.Хүрэлсүхийг У.Барсболдтой зөрчилдүүлэн, хооронд нь яс хаяж түүнээсээ хоол олж иддэг. Монголын төр хоёр Ерөнхийлөгчтэй. Нэгдүгээр Ерөнхийлөгч нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, хоёрдугаар Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр. Би энэ нөхөдтэй олон жил хамт ажиллаж, юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хүнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишүүд, найз нөхөд нь бүгд мэднэ” гэсэн байдаг. Энэ нь тухайн үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаярын эсрэг тавьсан сүүлчийн “сум” болсон ч байж болох. Ингээд 2008 оны гуравдугаар сарын 17-нд армийнхан баяраа тэмдэглэж байхад офицер У.Хүрэлсүх анхан шатны шүүхээс 2.1 жилийн ял сонсож байв.
Тухайн үед У.Хүрэлсүх “Нэг намын нөхөд аль муудахыг тэр гэх вэ. Манай Н.Энхбаяр шиг улстөрч Монголд байхгүй” хэмээн “нисч” явахыг хараад олон хүн цочирдсон. Хэвлэлүүдэд “Хонь чоно хоёр нөхөрлөв” хэмээн бичиж байв. Гэвч энэ эвлэрлийн төлөө У.Хүрэлсүх насандаа мартахааргүй өндөр үнэ төлсөн гэдэг. Учир нь У.Хүрэлсүхийн амнаас гарч байсан хатуу шүүмжлэлүүд эзнийхээ хувьд “Эр улсын хооронд байдаг л маргаан, ажлын төлөө яриа” байсан бол Н.Энхбаярын хувьд тийм байсангүй. Үүнийг У.Хүрэлсүх шүүхийн шийдвэр гарсны дараа шорон руу ачигдах гэж байхдаа л дөнгөж ухаарсан биз ээ. Тэгээд Н.Энхбаяртай учраа ололцъё, уулзъя гэж намынхаа бараг бүх лидерээр дамжуулан хэлүүлсэн ч Н.Энхбаяр ганц үг ганхийгээгүй гэдэг.
Гэвч У.Хүрэлсүх чинь хүн шүү дээ. Ар гэр, анд нөхөдтэй. Хүний үр л болсон хойно эцэг, эхийн нэрийг гаргаж, бусдад муугаа үзүүлэхгүйн тулд мөн ч олон арга хэрэглэсэн. Эцэст нь тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, яруу найрагч З.Түмэнжаргал зуучилж уулзуулахаар болжээ. “У.Хүрэлсүх тэгэхэд Ерөнхийлөгчийн уучлалыг авахын тулд “яаж зовсныг” улс төрийн хүрээнийхэн өнөө хэр нь нуруу хүйт даатал ярьдаг юм билээ. Үнэн бол аймаар л түүх байдаг юм.
Үүний дараа УИХ-ын 2008 оны сонгуультай золгосон. Харин сонгуулийн дараа Нийслэлийн шүүхээс УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг хүчингүй болгосон. Мөн МАХН-ын дарга С.Баяр У.Хүрэлсүхийг генсек болгож билээ. Ингэснээр У.Хүрэлсүх хүссэн ч, эс хүссэн ч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг магтах үүрэгтэй болсон. Тэгэхээр Н.Энхбаяр одоо хэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд унасан шалтгаанаа намынхаа удирдлагуудтай холбон тайлбарлаж “Манай намын удирдлагууд нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” гээд байдаг нь зөвхөн С.Баярт хаягласан үг биш байгаа биз. Өнөөдөр тэрсэлдээд байгаа Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргаан ард түмэнд төдийлөн хүртээлгүй. Ямар хүнээр төрөө бариулж байв даа гэхээс л харамсал төрнө.
"Улс төрийн тойм" сонин