
Францын Канн хотод цуглаж, Европын хямралыг шийдвэрлэх гарцыг
эрэлхийллээ. Тэд “Дэлхийн санхүү, эдийн засгийн шинэ хямралын томоохон
давалгаанд автах вий” хэмээн болгоомжилж байгаа нь энэ үеэр ярилцсан
сэдвээс илт анзаарагдаж байна. Их 20-ийн уулзалтын үеэр ОХУ-ын
Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Европын хямралыг шийдвэрлэхийн тулд илүү
эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама “Их 20-ийн орнуудын эн тэргүүний зорилго нь Европын хямралыг
арилгах мөн” гэсэн бол Японы Ерөнхий сайд Ёошихико Нода Европоос болж
дэлхий хямарч байгааг сануулжээ. Европын удирдагчид Хятадаас тусламж
хүссэн. Харин Хятадын тал Их 20-ийн орнуудыг хэрэглээгээ нэмэхийг
уриалж, бодит үр дүнд хүргэж чадвал хямралыг намжааж чадна гэдгийг
онцолжээ. Экспортоороо дэлхийд тэргүүлж буй тус улсын хувьд ингэх нь ч
аргагүй. Европын зах зээл бүхэлдээ хямарвал Хятадын экспорт буурна.
Гэхдээ Ху Жинтао Европт туслахаас татгалзав. Энэ нь Гректэй холбоотой
гэдгийг ч тэрбээр нуусангүй.
Европын холбооноос дахин зээл авах эсэхээ шийдэхийн тулд Грекийн Засгийн
газар ирэх сарын 4-нд ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг
нь эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох чадалтай гэдгээ нотлохын
тулд Грекийн төрд энэ зээл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хариуд нь төсвөө их
хэмжээгээр танаж, ажлын байрны цомхотгол хийж, нийгмийн халамжийн
салбарт зарцуулах хөрөнгөө багасгах юм. Грекчүүдэд энэ арга зам
таалагдаагүй. Тиймээс ч тэд бүх нийтийн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал
зохион байгуулсан. Учир нь ард нийтийн санал асуулгын дүн нь сөргөөр
гарвал гайхах зүйлгүй. Хятад тэргүүтэй хөрөнгө оруулагчид ийн
болгоомжилж байна. Их 20-ийн уулзалтын үеэр Хятад Европын Санхүүгийн
тогтвортой байдлын санд хөрөнгөө оруулахаас дургүйцэж, харин Грекийн
Ерөнхий сайд Жорж Папендрео огцрохоос татгалзжээ. Цөвүүн цагт ард
түмнийхээ байр суурийг сонсохыг илүүд үзэх санал гаргаснаа тэрбээр “Зөв”
гэж тайлбарлажээ. Их 20-ийн уулзалтын үеэр Германы Канцлер Ангела
Меркель “Энэхүү санал хураалтаар грекчүүд Евро бүсэд үлдэхийг хүсэж
байгаа эсэх нь харагдана. Тэд сонголтоо хийх цаг ирлээ” гэсэн байна.
Гэхдээ А.Меркель болон Францын Ерөнхийлөгч Н.Саркози нарын аль, аль нь
Грекийн Ерөнхий сайд эрсдэлтэй алхам хийснийг шүүмжилжээ. Хэрэв Грек
Олон улсын валютын сан, Европын холбооноос зээл авч чадахгүй бол хэдхэн
долоо хоногийн дотор асар их өрнөөсөө болж дампуурахад хүрч, цаашилбал
евро хэмээх мөнгөн тэмдэгтийн хэрэглэгч байхаа хүчээр болих юм.
“Австрали, Бразиль, Канад, Хятад, Герман, Өмнөд Солонгос, Индонез зэрэг
орон санхүүгийн хувьд хүчтэй, тогтвортой байгаа” хэмээн Их 20-ийн дээд
хэмжээний уулзалтын тайланд дурьджээ. Энэ нь тэдгээр улс дотоодын зах
зээл дэх эрэлтээ нэмэгдүүлэхэд алдах зүйлгүй гэдгийг сануулж байгаатай
адил юм. Үүнтэй зэрэгцээд АНУ, Бразиль улсын төлөөлөгчид Хятадыг юанийн
ханшаа зориуд унагасаар байгааг буруушаажээ. Харин Энэтхэгийн тал Их
20-ийн орнуудыг татвар, банк, санхүүгийн секторынхоо мэдээллийг
хоорондоо солилцохыг уриалжээ. Энэтхэгийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн
сайд Р.Гопалан “Банкны мэдээллийг нууцалдаг эрин үе дуусгавар болсон”
хэмээн мэдэгдсэн байна.
АНУ, Францын тал Ливи дэх цэргийн ажиллагаа дууссаныг баяртайгаар
мэдэгдсэн билээ. Уг нь Ливийн цэргийн ажиллагааг ОХУ, Энэтхэг дэмжээгүй.
Харин АНУ-аас гадна Европын ихэнх орон энэ асуудлаар НАТО-д цэрэг,
зэвсэг болон санхүүгийн тусламж үзүүлсэн. Тиймээс энэ асуудлыг ч мөн Их
20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндсөн юм. “Дэлхийн атомын эрчим
хүчний агентлагийн шинжээчид Ираны цөмийн үйлдвэрүүдтэй танилцах нь нэн
даруй хийх ёстой ажлын нэг” гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Их 20-ийн уулзалтын үеэр “Иран улс цөмийн
зэвсэглэлээр хөөцөлдөж байж магадгүй учраас энэ асуудлыг нарийн
шалгахын тулд Дэлхийн цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид удахгүй
Ираныг зорих болно” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ саналыг Францын
Ерөнхийлөгч Н.Саркози дэмжиж байгааг онцолсон юм. Хэдийгээр Иран улс
энхийн зорилгоор ашиглахын тулд уран баяжуулж байгаа гэх боловч үнэн
хэрэгтээ цөмийн зэвсэг үйлдвэрлэж байж магадгүй гэх болгоомжлол гарсан.
Тиймээс үүнтэй холбоотойгоор Иранд бусад орны зүгээс дарамт үзүүлэх
шаардлагатай байгааг ч онцолсон юм. Мөн Хойд Солонгос цөмийн
зэвсэглэлийн талаарх зургаан талт хэлэлцээр хийх санал тавьсан. Үүнд
мэдээж хэрэг, Оросын дэмжлэг ч бий. Хэдийгээр саяхан Хойд Солонгос,
АНУ-ын төлөөлөгчид уулзаж, энэ талаар хэлэлцээд төдийлөн амжилтад
хүрээгүй боловч зургаан талт хэлэлцээрийг дахин сэргээх саналыг ийнхүү
тавилаа. Ямартай ч Их 20-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт
өндөрлөлөө. Евро бүсийн хямралыг намжаахын тулд дэлхийд тэргүүлэгч
гүрнүүд чамгүй ажиллаж байгааг энэ удаагийн уулзалт харуулж чадав.
Гэхдээ тэд ямар нэгэн оновчтой шийдэлд хүрсэнгүй гэж дүгнэж болохоор
байна. Учир нь бүх зүйл Грекийн ард нийтийн санал асуулгын дүнгээс
хамаарах бололтой.
"Улс төрийн тойм" сонин