Хуучин сурсан мажоритар тогтолцоогоороо явъя гэтэл долдугаар сарын 1 гэдэг эвгүй сануулга бий. Шинэ тогтолцоо авъя гэтэл эргээд суудалдаа суугаа ч уу, үгүй ч үү. Бэтгэртлээ бодсон гишүүд зунжин толгойгоо гашилгаад 99 гишүүнтэй парламенттай болох мэргэн санаа өвөрлөөд иртэл Төрийн тэргүүн царай өгсөнгүй. Эхлээд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал хориг тавина” гэж байснаа сүүлдээ Үндсэн хуульд гар хүрэх тухай бодох ч хэрэггүй гэсэн хатуу сануулга өгсөн. Ингээд гишүүд “яавал УИХ-д дахин сонгогдох вэ” гэсэн хатуу бодлогын хариуг гаргахаар дахиад л ноцолдож эхлэв.
Нэгэнт авахаар тохирсон холимог тогтолцоондоо мажоритар, пропорциональ элементийг яаж оруулах вэ гэдэг дээр хоёр бүлгийн санал зөрсөн хэвээрээ. АН-ын бүлгийнхэн пропорциональ элементээ түлхүү оруулъя гэсэн нь эмэгтэй нэр дэвшигчдэд ч, бусад намуудад ч парламентад гарч ирэх бололцоог нээж буй хувилбар. Харин МАН-ын бүлгийн сүүлийн дэвшүүлсэн хувилбар нь 48:28 гэсэн харьцаа. Яаж ч байсан мажоритариар гарч ирэх суудлыг 48-аас буулгахгүй гэж тэд гэдийсээр байна. Харин энэ зуур эмэгтэй нэр дэвшигчдэд квот заана гэсэн амлалтаа эрхэм түшээд мартчихжээ. Уг нь өнгөрсөн хавар, сар шинийн битүүний өглөө Жендэрийн тэгш байдлын хуулийг батлахдаа “Эмэгтэйчүүдийн квотыг Сонгуулийн хуульд багтааж өгнө” гэснээ тас умартсан шинжтэй. Энэ тухай хөндөж асуухаар зарим гишүүн тун дургүй байна. Нэрийг нь хэлээд яахав, “Өмнөх гурван авгайгаа яая гэж байхад дахиад арван авгай оруулж ирэх үү” хэмээн омогдох шинжтэй. Гурван авгай гэдэг нь өнөөдөр УИХ-д суугаа гуравхан эмэгтэй гишүүн л дээ. Тэр гурав мань 73 харчуудад мөн их яршиг төвөг удаж байгаа гэнэ. УИХ-ын суудал гэдэг сонгогчдын төлөөлөл бус ноёдын сэнтий гээд ойлгочихжээ. Тэгээд тэртээ Манжийн дарлалын үеийн “Тэнтгэр хатан…” гэдэг үгээр түүнийгээ нотлох санаатай. Түүндээ тулбал улсын мөнгө халаасалж сонгогчдодоо авлига түгээчихээд сонгогчдын төлөөлөл суух ёстой сэнтийд шигдсэн тэнтгэр ноёд зөндөө болж.
Уг нь Монгол Улс 2015 он гэхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог 30 хувьд хүргэнэ гэсэн үүргийг Мянганы хөгжлийн зорилтоор дэлхийн бусад улс орны өмнө хүлээсэн улс. Түүнийгээ хэдэн жилийн өмнө УИХ-аар баталчихсан. Харин дүнг нь гаргахад дөрөвхөн жил үлдлээ. Ирэх жилийн сонгуулиар хэрэгжүүлдэггүй юм бол тэр зорилт лав хэрэгжихгүй хоцорно. Тэр цагт дэлхийн улс гүрнүүдийн өмнө, НҮБ-ын ногоон гантиг индэр дээрээс тухайн цагийн Монгол Улсын Ерөнхийлөгч тайлагнахдаа юу гэх бол. “Монголын эмэгтэйчүүд мэдлэг боловсролгүй, өрсөлдөөд гарч ирж чаддаггүй, эмэгтэй сонгогчид нь тэдэндээ санал өгдөггүй юм. Ер нь манай заншлаар эм хүн төрийн хэрэгт оролцохыг нүгэл гэж үздэг. Эм хүн нь эм хүндээ дургүй” гэж нүдний булай болох болов уу. Аль эсвэл “Манай эрчүүд авлига, хахууль, мөнгөөр зодож Их Хуралдаа сонгогддог болохоор бэл нимгэн хүүхнүүд гарч чаддаггүй юм” гэж үнэнээ хэлэх болов уу. Сорхогтан бэхи хатан 28 жил Их Хурилдай тэргүүлж, Мандухай хатан бутарсан улсаа нэгтгэсэн, Алунгоо, Өөлүн, Бөртэ хатад хатан ухаанаараа төр түшилцэж явсныг “зүгээр домог” гэж үзэх эрчүүд тааралддаг л юм.
Монголын улстөрч эрчүүдийг ийн гуравхан эмэгтэй гишүүнээ ад үзэж суух зуур дэлхийн том улс төрд бүсгүйчүүд хүч түрэн орж ирлээ. Энэ зун Монголд айлчилсан олон орны төр, засгийн тэргүүнүүдийг аваад үзье. Тэдний дотор Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил, Финландын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонен, ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркел нар байсан. Нобелийн энх тайвны шагналыг Африк, Арабын ертөнцөөс нэгэн зэрэг гурван эмэгтэй хүртлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтон, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф, Тайландын Ерөнхий сайд Шинаватра гээд цаана нь тоолбол зөндөө бий. Нүүрэндээ гивлүүртэй араб бүсгүйчүүдээс ч улс төрд зүтгэж яваа нь олон. Монголд бол эмэгтэй хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болъё гээгүй, тэгтлээ ч өдий, ёстой сэрүүн зүүд. Зүгээр л сонгогчдын 51 хувийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл, гурваас арай олон эмэгтэй парламентад сууж байвал ямар вэ гэсний төлөө төрийн түшээдийн элэг доог болж байна. Төр барьсан харчууд эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд нялхастай холбоотой асуудал УИХ-д орж ирэхэд дооглон тохуурхаж, инээлдэж доромжлохдоо гаргуун. Нэг ёсондоо эмээ, ээж, эхнэр, эгч, эмэгтэй дүү, охидоо доромжлонгоо хууль баталдаг улс ч гэж хэлмээр. Байнгын хорооны санал дүгнэлтийг нь индэрт гараад унших гишүүн ч олддоггүй гээд бод. Одонтой ээжүүдийг тэтгэмжтэй болгож өгсөн нь мөнөөх муу нэрт эмэгтэй гишүүдийн нэг Д.Оюунхорол. Түүнийхээ төлөө багагүй муухай үг эрчүүдээс сонссон. Хэрэв эмэгтэй гишүүд арай олон болчихвол бүдүүлэг эрчүүдийн ёс зүй ч арай хяналттай болж мэднэ.
Эрхэм гишүүдийн хэлж буйгаар эмэгтэйчүүд шударгаар өрсөлдөөд гараад ирвэл УИХ-ын хаалга нээлттэй гэнэ. Гэтэл наад зах нь тэрбум тэрбумаар мөнгө цацаж гарч ирдэг сонгуульд тэдний энг даах санхүүгийн бяд эмэгтэйчүүдэд бий бил үү. Тэгээд ч өнөөгийн УИХ-ын гишүүд тойргийн гэх сайхан нэртэй татвар төлөгчдийн тэрбум төгрөгөөр нэр нүүрээ тахлаад гарааны зурхайгаас нэгэнт гараад давхичихсан. Угтаа тэр сайхан загнаад тойрогтоо цацаад байгаа төсвийн хөрөнгө нь мөнөөх сонгогчдын, тэр дотор эмэгтэй сонгогчдын хөлсөө дуслуулж олоод татварт тушаасан мөнгө гэдгийг мэдсэн хэрнээ “Миний мөнгө” гээд мэлзчихэж байгаа. Одоо ч Төрийн ордонд гишүүнийхээ урилгаар зочлох сонгогчдын урт дараалал хөвөрсөөр байна. Тэр олон сонгогч төрийн сүлдэнд мөргөснөө гишүүнийхээ ач гэж бодно. Ордны зоог амталж, гарын бэлэг, хэдэн төгрөг өвөртөлснөө гишүүний буян гэж санана. Дараа жилийн сонгуулиар эхнэр, хүүхэдтэйгээ хамт саналаа өгч ачийг нь хариулахаа амлана. Тийм улстай тэмцэж гарч ирэх эмэгтэй нэр дэвшигч бараг байхгүй. Дэлхийн олон орон эмэгтэйчүүдийн квоттой байдаг нь ухаан муутайдаа биш, сонгогчдынхоо тэн хагасын төлөөллийг парламентад оруулж, асуудлыг нь шийдвэр гаргах, хууль тогтоох төвшинд хэрэгжүүлэх гэсэн л хэрэг. Харин манай эрхэм гишүүд ноён сэнтийд суух дон тусаад 2012 оны сонгуульд ганц ч эмэгтэй гишүүнгүй болж 2015 онд дэлхийн өмнө нүүрээ түлэх вий дээ.