Хөгжлийн банкны Удирдлагын гэрээг үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны Удирдлагын гэрээг үзэглэлээ

Монгол Улсын Засгийн газар нь урт хугацаат бага хүүтэй зээлийг гадаад зах зээлээс “босгож”, том том бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэхээр төлөвлөж, Хөгжлийн банк  байгуулсан бөгөөд тус банкны гүйцэтгэх удирдлагад ажиллах багт БНСУ-ын Хөгжлийн банк шалгарсан юм. Харин өчигдөр Монгол Улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх Удирдлагын гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Удирдлагын гэрээнд Монголын талаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын талаас тус улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Хан Дай Ву болон Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын алба хаших Ким Жанг Жин нар тус тус гарын үсэг зурсан юм.

Удирдлагын багийнхны нэн тэргүүнд хийх ажил бол одоо олон улсын зах зээл дээр бонд гаргаж, хөрөнгө босгох явдал болж байна. Цаг хугацаа шаардсан нүсэр ажил боловч, энэ ажлыг эхлүүлэхгүйгээр аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбох авто зам, Тавантолгой, Оюутолгойн баялгийг гадаад зах зээл рүү экспортлох төмөр замын ажил эхлэх боломжгүйд хүрэх тул Монгол Улсын Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны удирдлагууддаа энэхүү том ачааг үүрүүлэхээс яалтай ч билээ. Зорилго ч үүн рүү чиглэнэ.  Хоёр дахь даалгавар нь хамтарсан удирдлагын баг Монгол Улсын Хөгжлийн банкийг дөрвөн жил удирдахдаа тус банкийг цаашид олон улсын төвшинд ажиллуулаад явах боловсон хүчин бэлтгэхэд чиглэж байна.  Эхний ээлжинд гэрээнд зааснаар БНСУ-ын Хөгжлийн банкнаас нийт таван мэргэжилтэн томилогдон ирж, Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллах аж. Харин Монгол Улсын Хөгжлийн банкныхны БНСУ-ын Хөгжлийн банкны удирдлагын багтай гэрээг үзэглэхээс өмнө амжиж хийсэн ажил бол олон улсын зах зээл дээр хаалттай бонд гаргахаар ажилласан явдал ажээ. Бонд гаргах ажилд хамтран ажиллахаар дэлхийн нэр хүндтэй 11 банкаас гурвыг л шалгаруулсан байна. Ийн гурван банк шалгаруулсан нь өрсөлдөөн бий болгож, хүүгээ бага тогтоох боломж бүрдүүлнэ гэж үзсэнтэй холбоотой аж. Тэдгээрийн төлөөлөл энэ долоо хоногт Монголд ирж, бонд гаргах ажлын талаар нарийвчлан ярилцахаар болсон байна.  Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлогоор эхний ээлжинд бондыг таван жилийн хугацаатай гаргана. Аажмаар хугацааг уртасгаж 10 жилд хүргэнэ. Одоогоор бондын хүүг тогтоогүй ч, олон улсын зах зээл дээр бонд гаргах нь хүүг бууруулдаг давуу талтай ажээ.

Ямар ч байсан Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдах баг бэлэн боллоо, одоо ирэх дөрвөн жилд юу хийж чадахыг нь харах л үлдлээ. БНСУ-ын Хөгжлийн банкны түүхийг сонирхвол 1954 онд байгуулагджээ. Дайны хөлд сүйдсэн Өмнөд Солонгосын эдийн засгийг сэргээн босгох, аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх чиглэлээр тус банкийг байгуулсан байна. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд улсынхаа хөгжлийн эдийн засгийн тулгуур нь болж иржээ. Тиймээс баялаг туршлагатай БНСУ-ын Хөгжлийн банкнаас Монгол Улсын Хөгжлийн банкинд суралцах зүйл их.

Сүүлийн жилүүдэд Солонгосын Хөгжлийн банк нь усан онгоц, нисэх онгоцны санхүүжилт хийж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд таван тэрбум ам.долларын 12 усан онгоцыг, 2009-2011 онд 11 тэрбум ам.долларын байгалийн хий тээвэрлэгч зэргийг санхүүжүүлжээ. Түүнчлэн 2000 оноос хойш БНСУын нисэх онгоцыг санхүүжүүлэгч гол байгууллага болсон юм байна. Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс нь сонирвол, дотооддоо 2.1 их наяд воны өртөг бүхий Соса Вонси-гийн цахилгаанжуулалтын төсөл, 1.2 их наяд воны өртөг бүхий Сувон Вангменг хурдны замын төсөл хэрэгжүүлжээ. Олон улсын хэмжээнд Мексикт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй Болео зэсийн уурхайн төсөл, Австралид таван тэрбум ам.долларын өртөг бүхий Викториагийн далайн усыг давсгүйжүүлж хэрэглээгнд хэрэглэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна.

Г.Дарь
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж