Орос-Еврей гаралтай Челси клубын эзэн, тэрбумтан Роман Абрамовичид Израилийн цагаачлалын албанаас Израилийн иргэншил олгожээ. Их Британийн визний хугацаа нь дуусч сунгах боломжгүй гэж Британийн засгийн газраас мэдэгдсэний дараа тэрбээр долоо хоногийн өмнө Израилиас иргэншил хүссэн. Хариу нааштай гарч өчигдөр буюу Даваа гаригт тэрбээр Тел Авив руу ниссэн юм.
Их Британид өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд сэтгэцэд нөлөөт бодисоор хордогдсон Оросын тагнуул асан Сергей Скрипалын хэргээс болж Лондон, Москвагийн харилцаа муудаад байгаа. Үүнээс болж Абромовичийн визийг сунгахгүй хойшлоод байсан билээ.
Израилийн иргэншил авснаар тэрбээр Израилийн хамгийн баян иргэн болж байна.
Еврэйчүүдэд иргэншил олгодог “Буцах хууль”-ийн хүрээнд Абромовичийн Израильд сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог учраас тус улсын иргэншил авах боломжтой хэмээн Израилийн цагаачлалын алба мэдэгджээ.
Тэрбээр Израилд байнга зочилдог бөгөөд 2015 онд Тел Авивт зочид буудал худалдан авч хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Израиль паспорт эзэмшигчид нь Британид богино хугацаагаар визгүйгээр зорчиж болдог байна.
Форбес сэтгүүлээс Абрамовичийн нийт хөрөнгө 11.5 тэрбум ам.долларт хүрэх ба Абрамовичийн эзэмшиж байсан хөрөнгө оруулагчийн виз Израйльчуудад хамаатай эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Т. ЗАНДАНМЯДАГ
Эх сурвалж: BBC