Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2018.04.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хаврын чуулганы нээлтийн үеэр Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын даргыг удахгүй өргөн барина гэж хэлсэн. Мөн АТГ-ын дарга, дэд даргын үүрэгт хугацаа дуусгавар болж байгаа. Гэвч олон нийтийн дунд АТГ-ын дарга Г.Баасан болно, болохгүй гэх мэдээлэл яваад байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар дамжуулан АТГ-ын даргад нэр дэвших хүнийг олон нийтээс санал авах байдлаар сонгохоор болсон. Санал асуулга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд долоо хоногийн хугацаатай явуулна. Санал асуулга дууссаны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн барина” гэлээ.
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Тиймээс олон нийтийн зүгээс дараах хоёр заалтын дагуу шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжтой юм байна. Санал асуулга дууссаны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барих аж.
21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга, дэд даргад ямар нэг хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн шалгуур тавьж байна вэ?
-АТГ-ын дарга, дэд даргыг ард түмэнтэйгээ хамт сонгоно гэж үзэж, санал асуулгыг явуулж байгаа. Ард түмнийхээ дэвшүүлж байгаа хүнийг авч орно гэж байгаа юм.
-Одоогийн АТГ-ын дарга болон дэд даргын үүрэгт хугацаа дуусаагүй гэх яриа байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс санал оруулах нь зөв үү?
-Энэ асуудлыг УИХ шийднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчдын үзэж буйгаар АТГ-ын дарга, дэд даргын үүрэгт хугацаа дууссан.
Ш.ЧИМЭГ