Турк Улсын стандартын байгууллагын санаачлагаар зохион байгуулж буй “Бүс хоорондын Стандартчиллын холбоо” (MAC)–ны 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөн 4-р сарын 18-19-ний өдрүүдэд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулга, уулзалтад Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Грузин, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орнуудаас нийт 40 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Турк улсын Стандартын байгууллага болон Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газар ажиллаж байна.
Энэхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Туркийн стандартын байгууллага (ТИС) ба Бүс хоорондын стандартчиллын холбоо (МАС)-ны ерөнхийлөгч Себахиттин Коркмаз, Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухиттин Ахмет Йазал, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар оролцлоо.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр чуулганыг нээж үг хэлэхдээ “Монгол улс Олон улсын стандартчиллын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлд нийцүүлэн стандартчилал, итгэмжлэл, тохирлын үнэлгээний талаарх шинэ тогтолцоо, шинэ эрх зүйн орчинг бий болгон ажиллаж байна. Цаашид ч бид бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чацуу Бүс нутаг хоорондын стандартчиллын холбоо /МАС/-ны үйл ажиллагаанд нэгэн адил идэвх, санаачлагатай ажиллахаа хурлын индрээс мэдээлэхэд таатай байна. Стандарт, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн комисс хоорондын “Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан туршлага дээрээ үндэслэн МАС-ын гишүүн орнуудтай энэ төрлийн санамж бичиг байгуулж, худалдааг хөнгөвчлөх, стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг ижилтгэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээ, мэдээлэл солилцох, сургалт семинар явуулах, туршлага хуваалцах чиглэлээр хатран ажиллахад тааламжтай байна” хэмээн дурьдсан юм.
Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга, уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс хоорондын стандартчиллын холбоо (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой.
Энэ удаагийн Бүс хоорондын стандартчиллын холбооны ерөхий чуулганы голлох сэдэв бол “Мэдээллийн технологи ба кибер аюулгүй байдлын салбарын стандартчилал” юм. Тиймээс энэ сэдвийн хүрээнд 4-р сарын 19-нд хэд хэдэн илтгэл мэдээлэл тавигдах юм. Тухайлбал, “Мэдээллийн технологийн засаглал, кибер аюулгүй байдал” сэдвээр Туркийн стандартын байгууллагын дээд компьютерын инженер, шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Айше Гюль Ибришим, ‘Мэдээллийн технологи, аюулгүй байдлыг стандартчилах үндэсний хүчин чармайлт’ сэдвээр Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны гишүүн, профессор Т.Халтар нар илтгэл, мэдээлэл өгнө.
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР