NHL буюу Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Ванкувер Кэнайкс багийн лидерүүд болох Шведийн ихэр ах дүүс болох Даниел Седин, Хенрик Седин нар энэ улирлыг дуусгаад зодог тайлах болсноо өнгөрсөн даваа гаригт албан ёсоор зарлалаа. Ах дүү Сединууд 1999 оны драфтын 2 болон 3-аар сонголтоор Канадын багтай нэгдсэн. Түүнээс хойш хоёргүй сэтгэлээр 17 улирал Канадын Ванкувер Кэнайкс багийн төлөө хүчин зүтгэсэн юм.
Хенрик Седин 2010 оноос Ванкувер Кэнайкс багийн ахлагчаар тоглож байгаа бөгөөд багийнхаа төлөө 1327 тоглолтонд оролцохдоо 240 гоол, 828 гоолын дамжуулалт өгсөн. Өнгөрсөн хугацаанд Харт Мемориал трофи цом (улирлын үнэ цэнэтэй тоглогч)-ыг 1 удаа, Арт Росс Трофи цом(лигийг оноогоор тэргүүлсэн тоглогч)-ыг 1 удаа, Кинг Клэйнси Мемориал цом (лигийн үлгэр жишээ тоглогч)-ыг 1 удаа хүртэж 2008, 2011, 2012 оны Бүх-оддын тоглолтонд оролцож байсан.
Тэгвэл Даниел Седин багийнхаа дэд ахлагчаар тоглоглодог бөгөөд 17 улирал тоглохдоо 1303 тоглолтонд 391 гоол, 647 дамжуулалт өгсөн байна. Мөн Арт Росс Троффи цомыг 1 удаа, тэд Линдсэй Авард цом (шилдэг тоглогч)-ыг 1 удаа хүртэж Бүх оддын тоглолтонд 2011, 2012, 2016 онд оролцож байсан.
Ямартаа ч ах дүү Сединүүд 1990-ээд оны сүүл үед уналтанд орж плэй-оффын гадна үлддэг болоод байсан Ванкувер Кэнайкс багийг сэргээж чадсан. Тэд 17 жил тоглохдоо 12 улиралд нь багаа плэй-оффт ороход голлох үүрэг гүйцэтгэж 2011 онд бүсийн аварга болж Стэнлийн цомын төлөө шалгарч байсан. Харин өдгөө 37 настай ах дүүсийн хувьд багийнхаа шилдэг нь байхаа болиод байгаа бөгөөд баг нь ч тэдэнтэй өнгөрсөн зун гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү шинэ мянганд Ванкувер Кэнайкс багийн өнгө төрхийг илтгэж байсан ах дүү Швед залуус зодог тайлж байна.
Б.БЯМБАБАЯР