УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойших хугацаанд танай салбар ажил ихтэй байлаа. Олон жил завсардсан зөвлөгөөнийг үргэлжлүүлж, энэ үеэр зарим зоригтой шинэчлэлийг хийхээр шулуудсанаа танилцуулж байгаа нь ажиглагдлаа. Шинэчлэлийн багц төлөвлөгөөнөөс агаарын тээврийн либералчлалын асуудал анхаарал татаж байна. Энэ сэдвээс ярилцлагаа эхэлье.
-“Агаарын тээврийн либералчлал ба иргэний нисэхийн салбарын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнийг таван жилийн дараа зохион байгууллаа. Иргэний нисэхийн бүтэц зөв эсэх тухай хэлэлцлээ. Энэ бол аюулгүй ажиллагааг л хянаж байх ёстой байгууллага юм шүү дээ. Гэтэл үүнийхээ зэрэгцээ хяналтаа ч тавиад, өөрсдөө ч удирдаад бантан зуураад хаячихсан. Эхний ээлжид аж ахуйн ажлыг төрийн ажлаас ялгах ёстой. Хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгохын тулд либералчлах ёстой. Өрсөлдөөн бий болж байж бид тийзний үнийг буулгана. Гэтэл өнөөдөр МИАТ ТӨХК дангаараа ноёрхож байна. Өнөөдөр төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлогод хамгийн гол чиглэл болсон Бээжин, Сөүлийн чиглэлд үндэсний ганцхан тээвэрлэгч тээвэрлэх байхаар заачихсан. Энэ нь МИАТ ТӨХК бөгөөд “үндэсний тээвэрлэгч авиа компани’, “онцгой эрхийг төр өөртөө авлаа” гэхчлэн ноёрхлыг нь баталгаажуулаад төрийн бодлогодоо заачихсан байгаа.
-Тэр үед хувийн авиа компаниуд хүнд байдалд орсон. Одоо зарим нь эргэн сэргэж байгаа талаар дуулдах боллоо?
-Би Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэр үед би МИАТ-ийнхаа шугамаас бусад авиа компаниудад өгч байсан. Нэг ёсондоо МИАТ-ийн эрх ашгийн эсрэг ажилласан ч гэж харж болохоор байгаа биз. Тэгэхэд жишээ нь, “Аэро Монголиа” таван онгоцтой байсан. Сая сайдаар томилогдоод ирэхэд ганцхан онгоцтой болсон байна. Юун бизнесээ өргөжүүлэх, улам хумигдсан байгаа биз. Гэтэл “Изинис” дампуурчихсан байна. Одоо сэргэх гээд л хичээгээд байна. Ийнхүү хувийн хэвшлийнхээ зах зээлийг “боож”, төр нь монополь болчхоод байна. Үүнийг задлах ёстой. МИАТ ТӨХК-ийн эрх ашиг дандаа яригдаж байдаг. Мөн “Туркиш Эйрлайнз”, “Кореан эйр”-ийн асуудал байна. Бид тийзний үнийг буулгаж иргэдийн төлөө ажиллах уу. Эсвэл МИАТ ТӨХК-ийн эрх ашгийн төлөө ажиллах уу гэдгээ сонгож ажиллах болоод байна.
-Засгийн газар танд алийг нь даалгавар болгодог вэ. МИАТ-ийн эрх ашгийг хамгаал гэдэг үү. Тийзний үнийг буулга гэдэг үү?
-Үүнийг салбарыг удирдаж байгаагийн хувьд би бодлогодоо тусгаж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Би ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө тангараг өргөсөн болохоор сонголт ойлгомжтой. Лав төрийн өмчит компанийн төлөө гэж өргөөгүй. Сайд болсноор эрх ашиг өөрчлөгдөхгүй. Тиймээс 2020 он хүртэл МИАТ-ийн эрх ашгийн төлөө гэчихсэн тэр бодлогын баримт бичгийг задлах ёстой.
-Хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулж амжих уу?
-Амжуулах бодолтой байна. Цаад хугацаа тавдугаар сард багтаан батлуулах төлөвлөгөөтэй. Учир нь, энэ зуны сезоноос хоцормооргүй байна.
-“Туркиш Эрлайнз”, “Кореан Эйр” компаниуд дахин санал тавьсан уу?
-Нислэгийн тоо нэмэх санал тавьсан. Үүний дунд өрсөлдөөн бий болно, Монголд ашигтай гэдэг саналаа тавьсаар байгаа. Бид бодлогоор хаагаад байгаа нь үнэн.
-Өмнөх он жилүүдэд олон чиглэлд нислэгтэй боллоо. Монголд ашиг өгөөжөө хэр өгөв?
-Шинэ чиглэл нээмэгц эхлээд шуураад яваандаа эрэлт, ашиг багасдаг. Гэвч үргэлжийн нислэгтэй байж зах зээлд хөлөө олж ашиг нэмэгдэнэ. Аль ч салбарт тийм байдаг. Тиймээс тодорхой хэмжээний дотаци авах хэрэгтэй болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөө ярьж шийдсэн гол асуудал нь хууль эрх зүйн орчинд хийх шинэчлэл. Жишээ нь, бид нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна. Нэг жуулчин Монголд байхдаа хамгийн багадаа ойролцоогоор1900 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг. Үүнийг хамгийн багаар, 1000 ам.доллараар бодоход нэг сая жуулчин нэг тэрбум ам.доллар. Үүнийг яаж авиакомпаниудад дэмжлэг үзүүлэхүйц эрх зүйн орчинтой болох вэ гэдгийг нэлээд тогтож ярилаа.
-Жуулчин, авиакомпани гээд ярихаар катерингийн үйлчилгээний талаар ярихаас аргагүй. Нэг талаас катеринг бол манай нэрийн хуудас. Нөгөө талаас энэ үйлчилгээг бид ресторан гэж буруу ойлгоод хоолны амт, порц яриад байх юм. Аль нь ч байсан ашиг орлого талаас нь харахаас илүүтэй ерөөсөө л үйлчилгээний соёлын нэг хэсэг гэдэгт анхаарах цаг болсон мэт.
-Би эсрэгээрээ катерингид ингэтлээ анхаарахаа болих хэрэгтэй гэж боддог. МИАТ дотоод зардлаа бодох ёстой. Энэ компани 676 ажилтантай, дээр нь 160-аад ажилтан гэрээгээр ажиллуулдаг гэхчлэн өндөр зардалтай. Санхүүгийн сахилга бат муу, үрэлгэн загнаж байгаагаа анхаарч ажиллахыг шаардах л болно. Өнөөдөр Берлин дэх салбарт найм, Бээжинд зургаан хүн ажиллаж байгаа. Энд ганцхан хүн ажиллаад тухайн орон нутагт ажиллаж амьдардаг мэргэжлийн хүмүүсийг цалинжуулаад ажиллуулах боломжтой. МИАТ-ийн ажилтан дунджаар гурван сая төгрөгийн цалин авч байна. Хэн нэгэн дарга, сайдын ‘шахааны хүн’ ажилладаг гэдэг зүй бус байдлаас бүрэн салаагүй нь харагдаж байна.
-Цалингийн талаар өмнө нь нэлээд дуулиантайгаар мэдээлж байсан. Та энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Би ямар ч байсан эхний ээлжид МИАТ-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улстөржиж хандаарай. Надад ямар нэгэн шахалт битгий үзүүлээч гэдгийг энэ ярилцлагаараа дамжуулаад хэлчихье.
-Жишээ нь Ерөнхий сайдтай зөвшилцөхгүйгээр, байр суурийг нь сонсохгүйгээр өөрийнхөөрөө томилгоо хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Би чадна гэж бодож байна. Нөгөөтээгүүр энэ бол ’60 тэрбумын албан тушаалын наймаа байдаг’ гэдэг гүтгэлгийг няцаах, бодит байдлаар харуулах том боломж гэдгийг хаана хаанаа мэдэрч байгаа болов уу гэж бодож байна.
-Ийм гүтгэлгийг няцаах таны сонголт бас сонирхол татаж байна. МИАТ-ийн даргаар мэргэжлийн хүн томилох уу эсвэл сайн менежер томилох уу гэдэгт ч өрөөсгөл хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ?
-Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй. Сонголтын хувьд яг тантай санал нэг байна. Нэгдүгээрт, мэргэжлийн байх нь зөв, хоёрдугаарт, зөв сэтгэлтэй, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Энэ олон зардлыг танахад надтай гар, сэтгэл нийлж, зоригтой ажиллах хүн хэрэгтэй байна. Та сая зөвхөн катерингийг хэллээ. Нэг хүн 2-3 цаг нисээд ороод ирэх хооронд ингэж тансаглах ямар хэрэгтэй юм бэ. Хямд, тухтай, аюулгүй нисэх л чухал. Таны хэлсэнчлэн энэ бол ресторан биш. Бидний эцсийн зорилго бол зорчигчдыг хүрэх газарт нь аюулгүй, тав тухтай тээвэрлэх явдал шүү дээ. Гэхдээ Монголын авиа компани ‘соёлтой, чанартай, энгийн, эрүүл’ цайлж угтах чадамжтай, боломжтой. Катерингийн хувьд бүх нийлүүлэлт гаднынх байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Би тушаал гаргаж, манай салбарын байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихээр болсон. МИАТ-ийн захирлыг томилсны дараа хамгийн түрүүнд энэ тушаалын хэрэгжилтийг шаардана.
Өрсөлдөөнийг бий болгосноор тийзний үнэ 20 хувиар буурах боломжтой. Нисэхийн салбарын либералчлалын хамгийн сүүлд 2011 онд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар бол бүр 40 хувиар бууруулах боломжтой гэсэн ‘том’ тоо байдаг. Түүнээс хойших нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн билээ. Ямартай ч өнөөгийн тооцооллоор миний хувьд 20 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
-Улстөрчтэй ярьж байна гэж үзэж шулуухан асууя. Таны ярианаас МИАТ–ийн одоогийн удирдлага улстөржиж ажиллаад байна гэж ойлгогдлоо. Зөв үү?
-Та өөрөө мэдэж байгаа шүү дээ. Одоогийн удирдлага улстөржиж байна. МИАТ-ийн удирдлага солигдох сургаар бие биеэ хэвлэлээр бичилцээд зөндөө л юм боллоо шүү дээ.
-Ерөнхий сайдыг томилгоонд оролцохгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Яагаад гэвэл Ерөнхий сайд өөрөө энэ салбарт шинэчлэл хийх, тансаглал, үрэлгэн байдлыг хязгаарлах, тал тохой татах, албан тушаалын “шахаа” гэгчтэй тэмцэх хүсэлтэй байгаа учраас дэмжинэ үү гэхээс санал зөрөх шалтгаангүй. Тиймээс надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож “МИАТ”-ийн захирлыг солиход минь нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед МИАТ-ээс их хэмжээний мөнгийг нэр бүхий банкууд руу, хэн нэгэн сайдын тушаалаар шилжүүлсэн явдал удаа дараа гарч байсан. Ийм хэмжээний алдаа завхрал давтагдсан байдал танд мэдэгдсэн тохиолдол бий юү?
-Би зориуд тус компанийн санхүүг шалгаж мэдсэн зүйл одоогоор үгүй. Төрийн өмчийн бодллго зохицуулалтын газар /ТӨБЗГ/ шалгалт хийж эхэлсэн. Шалгалт дуусч байгаа, дүн мэдээг ТӨБЗГ танилцуулах байх. Яамнаас гол анхаарах асуудал нь аюулгүй ажиллагаа, зөв менежментээр явж байгаа эсэх тухай болоод байна.
Шатахууныг монопольчилж нийлүүлэх хүсэлтэй компани санал тавьсан
-Ерөнхий сайд хүлээлт болоод байсан нэгэн захирамжийг гаргасан нь яамны харьяа агентлагуудын төсөв хөрөнгөөс яамны зарим албан тушаалтны томилолтын зардлыг хариуцдаг явдлыг цэгцлэхийг даалгасан. МИАТ, ИНЕГ гэхчлэн танай салбарт нэлээд хамааралтай. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ, хэмнэлт болж чадсан уу?
-Хүлээлт болоод байсан нь үнэн. Цэгцлэх гарц гэдэгтэй ч санал нэг байна. Одоо бол ИНЕГ-ын дарга ч, бусад дарга нар ч энэ талаар ‘За, Сайд аа’ гэж толгой дохихоо больсон. Хэмнэлт болж чадах уу гэж асуулаа. Хэдийгээр төгс шийдэл биш боловч захирамжийн дагуу хаана, хаанаа хэмнэхээс өөр аргагүй болж байгаа. Зөв зүйтэй шийдвэр мөн. Тодорхой хэмжээний шинэчлэлийг эхэлсэн.
-Дэд сайдуудын халаа, сэлгээ, эсвэл цомхотголын талаар ямар байр суурьтай байна вэ. Ялангуяа танай дэд сайдыг хоёр туйлд аваачиж дүгнэдэг. Зарим нь хэт ил тод, эсвэл сайдынхаа урдуур орж ажилладаг гэх. Мөн ‘Дээр үеийн хэллэгээр сайдыг орлож, нөхөж, хамтарч ажиллаж чаддаг жинхэнэ орлогч сайд’ гэх юм. Хамтарч ажиллаж байгаа сайдаас нь үнэлгээг сонсмоор байна?
-Хэр баргийн хүн надад таалагддаггүй. Хамтарч ажиллах хүнээсээ ихийг хүсдэг, өндөр шаардлага тавьдаг. Жишээ нь, Бямба гаригт удирдлагуудыг ажиллахыг шаарддаг. Бусдаас илүү эрх мэдэл хүссэн бол бусдаас илүү цаг ажиллах хүсэлтэй, ачаалал, хариуцлага даах чадалтай байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Дэд сайд бол миний хэлсэн үг, хэрэгжүүлэхээр тодорхойлсон бодлогын араас дандаа хөөж гүйцэтгэлийг хангах, саад бэрхшээл тулгарвал эргэн хэлэлцээд үргэлжлүүлэх том үүрэг хариуцлага хүлээдэг хүн.
-Онгоцны шатахууны либералчлалын талаар та ямар байр суурьтай байна вэ. Эрх ашиг нь том байх тусмаа асуудлыг хурцатгасаар байгаа энэ мөчид олон жил хэвшил болсон гажуудлыг, хэн нэгний бусдаас давуу эрх эдэлж ирсэн зуршлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Хэний, юуны тухай хөндөж ярьж байгааг тань ойлголоо. Шатахууны тухайд мөн л шинэчлэл хийж байна. Өнөөдөр онгоцны шатахууны үнэ дэлхийн зах зээл дэх үнээс 30 хувиар өндөр байгаа гэдэг шүү дээ.Үүнийг ядаж 15 хувь болгох ёстой. Удахгүй шинэ нисэх буудал ашиглалтад орно. Шатахуун нийлүүлэлтийн тухайд нээлттэй тендер зарлана.
-Шалгарсан компани хэр хугацаанд нийлүүлэгч байх вэ. Монополчлол үүсэх эрсдэл талаасаа…?
-Тендер зарлах үед нийлүүлэлтийн хугацааг сайтар хэлэлцэж товлосон байх болно. Одоогоор хувилбаруудыг дэвшүүлж хэлэлцэж байна. Саяхан хүртэл нэг компани шинэ нисэх буудлын шатахууны агуулахын эрхийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Түүнд өрсөлдөх эрх нь нээлттэй. Хүссэн бүхэнд боломж нээлттэй.
-Тендер зарлах нь ойлгомжтой байсан. Тэгэхээр олны дунд дугаарлах, тендерт оролцох хүсэлгүй учраас сайдад онцолж хандсан байх, тийм үү?
-Давуу эрх эдлэхийг хүссэн тохиолдолд л тэгдэг шүү дээ.
-Өр дагуулсан онгоцуудын асуудал юу болсон бэ. Одоо хэр өр үлдэв?
-Онгоцны төлбөрөөс одоогоор 80-аад сая ам.доллар төлөх үлдэгдэлтэй байна. Манайхан Хөгжлийн банкныхантай хамтран зээлийн хугацааг сунгах талаар хэлэлцэж байгаа. Олон улсын хэмжээнд бол байдаг л бизнес шүү дээ.
-Автозамын салбарт ямар шинэчлэл хийх гэж байна вэ. Мөн л зургаан жил болоогүй томоохон зөвлөгөөнийг хийлээ?
-Энэ салбарт шинэ хүн биш учраас хийх ажлууд тодорхой байсан. Бодож явсан ч дуусгаагүй зарим ажлаа үргэлжлүүлж байна. Мөн УИХ-ын чуулган завсарласнаас хойших өдрүүдэд яам бүр төлөвлөгөөнийхөө гүнд нэвтэрч ажиллаж байна. Манай салбарын хувьд юуны өмнө автозамын чанарын асуудал байна. Үүнд зам барих ажлыг бүр эхнээс нь, хянагч, гүйцэтгэгчийн үүрэгтэй төрийн захиргааны байгууллагууд болон аймгууд, аж ахуйн нэгжүүд зураг төсөл хийхээс нь эхлээд ашиглалтад өгөх, ашиглагч хүлээж авах хүртэлх бүх процессыг эхнээс нь нягталж үзлээ. Эхлээд төрийн албан хаагчид ажлын даалгавраа яаж гаргаж өгөх вэ. Тэр хүн өөрөө зургийн даалгавраа мэргэжлийн үүднээс харж зургийн даалгавраа гаргаж өгч чадаж байна уу. Зургийн даалгаврыг хүлээж авахдаа алдааг нь олж харж чадсан уу. Санаатайгаар олж хараагүй бол яах вэ. Зургийн дагуу замаа зөв барьж байна уу. Чанарыг нь хянаж чадаж байна уу, хамсаатан болоод хуйвалдаж байна уу. Хүлээж авахад төрийн байгууллага, хяналт тавихдаа зарим нэг юмыг харсан ч хараагүй болоод хүлээж авч байгаа юм биш биз гэхчлэн энэ бүхэн дээр хариуцлагыг чангатгах тухайгаа салбарынхандаа танилцуулж хэлэлцлээ. Алдаа гаргасан бол хариуцлага тооцъё. Төрийн албан хаагчид бол дахин албан үүрэг хашихгүй байх хэмжээнд хариуцлага тооцохын тулд Төрийн албаны хуульд нь өөрчлөлт оруулъя. Аж ахуйн нэгжийн хувьд гурван жилийн хугацаанд чадалтай компани бол бүх зардлыг төлдөг. Чадваргүй компанид бол энэ салбарт ажил үүрэг гүйцэтгэх эрх нь хаалттай болох хүртэл хариуцлага тооцохоор холбогдох хууль, журмуудад өөрчлөлт оруулахаар зөвлөгөөнөөр хэлэлцсэн. Энэ зөвлөгөөн ойрын зургаан жилд болоогүй.
-Дарханы чиглэлийн концессыг цуцалсан шалтгааныг товч тайлбарлавал?
-Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг цуцалсан. Учир нь, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замаа хоёр хөрштэйгөө яриад олон улсын чанартай автозамын концесс болгосон. Гэтэл дахиад “өрөм” нь болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг дахин концесс болгоод зарлачихаж. Олон улсын авто замын сүлжээг барих гээд хөрөнгө оруулагчид ирэхэд тэр сүлжээн дэх хамгийн их ачаалалтай, ашигтай, чухал хэсгийг нь өөр компанид олгочихсон сууж байвал шившиг болно шүү дээ. Энэ бол бодлогын алдаа байсан тул яаралтай залруулах шаардлагатай байсан.
-Зам болгон танд хамааралтай учраас ярилцлагын сэдэв өргөн хүрээг хамарч байна. Шинэ төмөр замаа урагш ахиулах боломж байна уу?
-Нуугаад яах вэ, ‘Шинэ төмөр зам’-ын ажил яг 200 сая ам.доллар зарцуулаад таг зогссон байгаа шүү дээ. Би 2012 онд шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед “Энержи ресурс”-тай Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын гэрээг хийж байлаа. Тэд өөрсдийн нүүрсийг зарах, ажлаа хурдасгахын тулд 2016 онд төмөр замыг тавьж дуусгахаар хөрөнгө оруулалт хийж эхлээд байсныг тухайн үеийн Засгийн газар зогсоосон. Одоо энэ замыг нүүрс тээвэрлэх компани л барина шүү дээ. Тэгэхээр нэг бол одоо нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна.
-Тухайлбал, худалдан авагч Хятадын талаас санал тавьсан уу?
-Одоогоор санал тавиагүй байна, манай яаманд. Нүүрсний гэрээгээ байгуулаагүй байж эхлээд манайд шинэ төмөр зам тавья гээд ирэх хөрөнгө оруулагч байхгүй. Тиймээс энэ асуудал дээр улс төрөөс айгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нүүрс худалдаж авах, ашиг олох гэж байгаа юм бэ, тэр л төмөр зам тавина. Түүнээс биш ашиггүйгээр төмөр зам тавих хүн хайгаад хэрэггүй. Удаах тусам ашигтай байгаа бол өөр хэрэг. Харин ачаа нь бэлэн, хором тутамд доллараар хэмжигдэх ашиг харагдаад байгаа тохиолдолд ямар ч саадгүйгээр төмөр замаа барьж дуусгах нь хөрөнгө оруулагчид чухал. Ашиг хэнд, хэзээ очих нь тодорхой, найдвартай болмогц төмөр зам баригдаж дуусна.
-Засгийн газар энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хамгийн ойрын үед шийдэх ёстой асуудал гэж үзэж байгаа. Эхлээд нүүрсний асуудлаа шийдэх ёстой. Дараа нь тээвэрлэгчийн асуудал Бат-Эрдэнэ дээр ирэх ёстой.
-‘Монголын төмөр зам’ ТӨХК-ийн өнөөгийн байдал ямар байна вэ. “Сэхээнээс” гаргах боломж харагдаж байна уу?
-Бид төмөр замын бодлогын талаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Дэд бүтэц, суурь бүтэц, тээвэрлэгчийн асуудлаар. Өнөөдөр Монголд зөвхөн “УБТЗ” л өмчийн эзэн нь тодорхой байгаа. “Болд төмөр ерөө” бол хувийн компани. Одоо Тавантолгой- Гашуун сухайт дээр төмөр зам барина. Тавантолгой-Сайншанд ч гэхчлэн цааш барих болно. Тэгэхээр энэ төмөр замууд хэний өмч байх вэ гэдэг асуудал үүсч байна. Уг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн өмч байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын гол магистрал, түүнээс салаалсан хоёр дэд бүтэц болгож явуулах, ингэхдээ салаалсан дэд бүтцүүд нь МТЗ-ын өмч байх ёстой. Өнөөдрийн байдлаар орлого олохгүй байгаа болохоор зөвхөн төсөл дээр л ажиллаж байна даа. Миний хувьд орон тооноос эхлээд хэмнэлт хийж сэргээх ёстой гэсэн байр суурьтай байна. Төмөр замаа бариад эхлэхээр бүх зүйл сайхан болно. Хэд хэдэн техник байна. Түүнийгээ түрээслүүлээд л өнөөдөртөө хүндрэлтэй байгаа ч төслийн ажил эхлэхээр 49:51ч юм уу хамтран ажиллах боломж байгаа, угаасаа өөр боломж байхгүй.
-ОХУ-д хийсэн ажлын айлчлалынхаа талаар ярина уу. Үр дүн сайтай, өндөр ач холбогдолтой болсон талаар УИХ-ын Тамгын газрын даргын ярианаас мэдээлэл авлаа. Ялангуяа тарифын хөнгөлөлтийн хувьд?
-Дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар хоёр хөрштэйгөө тарифын хэлэлцээр хийж байна. ОХУ-тай 2009 оноос хойш хэлэлцсээр өнөөдөр шийдэлд хүрлээ. Энэ бол том үр дүн. Монголоос Ванина, Владивосток боомт хүрэх үнэ, урдуур Тяньжин хүртэл нүүрс тээвэрлэх үнэтэй өрсөлдөхүйц, ижил байна. Урд үнэ хямд байвал бид оросуудтай ярилцаж тэр хямд үнийг баримтлах л том тохиролцоонд есөн жилийн дараа хүрлээ. Тяньжин руу болон Ванинагаар дамжин Владивостокоор далайд гарах нэгжийн үнэ адилхан байх ёстой. Үүнийг Оросын талтай тохирсон.
-Яг баталгаажуулсан уу?
-Гарын үсэг зурахад бэлэн болгосон. Одоо зөвхөн Оросын тал процедурын ажиллагаа арай дуусаагүй байна. Баталгаажуулсан гэж ойлгож болно.
-Есөн жилийн дараа яагаад зөвшөөрчихөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй ямар нэг байдлаар холбоотой юу. Улс төрийн болон дипломат тактик, ур чадвар нөлөөлөв үү?
-Нэг талаасаа дипломат нөлөө гэж ойлгож болно. Есөн жил бол урт хугацаа, уйгагүй хичээл зүтгэл шүү дээ. Геополитикийн талаасаа хоёр хөршийн хэн, хэнд нь амбиц, өрсөлдөөн бий. Гэхдээ хоргүй.
-Геополитикийн хувьд бид ашигтай байршил, маршрутаа эзэлж чадсан уу. Хатуухан хэлэхэд есөн жил үргэлжилсэн энэ өрөг дээрх бидний хожил энэ мөн үү?
-Бид дөрвөн боомтыг олон улсын боомт болгохоор Хятадын талтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр энэ дөрвөн боомтын нэг нь л олон улсын чанартай болсон. Би саяхан очихдоо дахин нэг боомтыг олон улсынх болгоё гэсэн саналаа тавилаа. Энэ бол Ханги Мандалын боомт. Эрээнээр гардаг нурмаг ачаа буюу нүүрсний тээвэрлэлтийг 15 вагоноос 11 вагон л гардаг. Маш олон вагон тэнд дугаарлаж байна. Яг Хангиар гараад дөнгөж цаана нь төмрийн хүдэр боловсруулдаг Бугат байгаа. Тиймээс энэ чиглэлд гардаг боомтоо арай өргөтгөе гэсэн санал тавьсан. Хятадын тал нааштайгаар хүлээж авсан. Ингээд ямартай ч бид түүхий эдээ экспортлох төмөр замаа баталгаажууллаа. Энэ хавраас эхлээд Кызыл-Курагино төмөр зам эхэлчихлээ. Оросуудын санал бол Кызылээс наашаа Овоот хүртэл холбох санал тавьж хоёр тал санал нэгдээд байна. Ингэхээр үндсэндээ хойшоо хоёр гарц, урагшаа Эрээн буюу Ханги Мандал гээд хоёр гарцтай болж байгаа юм.
Миний бодлоор бид өнөөдөр нүүрсээ хэнд зарах нь чухал юм уу. Хэдээр, хэр ашигтай нөхцөлөөр өгөх нь чухал юм уу. Эдийн засгийн үр ашгаа мартаад улстөржих нь хэнд хэрэгтэй вэ. Саяхан хоёр хөршид тээврийн сайд нарынх нь урилгаар очиж, уулзалтад оролцож гэрээ хэлэлцээр байгууллаа. Нэг харамсалтай зүйл нь хоёр хөрш “дэлгэсэн тэрлэг шиг” Монгол Улсын маань газрын зургийг тойруулаад зураад төлөвлөгөөгөө хийгээд байна. Ази, Европын хуралд суугаад харж байхад хүртэл ичмээр байна шүү дээ. Тойруулаад л ийм ч хурдны зам, тийм ч хоолойг холбох, эрчим хүчний замын холболт гээд тэнд Монголын бодлого алга. Ингээд харахад бүс нутгийн хэмжээний бодлогод монголчууд маань оролцож, нөлөөлж чадахгүй байна.
-Төмөр замыг цэргээр бариулах тухай Ерөнхийлөгч ярьж байсан. Одоо ч орон нутгаар ярьж явааг та сонссон байх. Энэ тийм аюултай шийдвэр үү. Та юу гэж үздэг вэ?
-Болохгүй зүйлгүй. Би ганцхан зүйлийг Ерөнхийлөгчөөс асуугаад байгаа шүү дээ. Төсвөө яах вэ. Нэг их наяд төгрөгийн зардал сох дутна. Үүнийг хаанаас олох вэ. Цэргүүд төмөр зам барьснаар арай хямд зардлаар ажил хийлгэж чадна гэдэгтэй бол санал нийлж байна.
-Зам тээврийн сайд хүн илүү “эх оронч” болчихдог байж мэдэх юм. Яах аргагүй тэгж амбиц нь хурцдах нөхцөлд ажилладаг болохоор тэр байх. Танд эх оронч сэтгэл чинь улам бадарч, үндэсний үзэл чинь илүүтэй нэмэгдсэн тал бий юу?
-Хоёр өндөр уулын дундах нугад бид амьдраад байгаа мэт, тэр өндөр уул шиг болохсон гэх зэргийн амбиц бол байлгүй яах вэ. Гэхдээ улс орны эрх ашиг, өргөсөн тангаргаа л улстөржилтөөс илүүд тавих хүсэл давамгайлж ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.