Шатрын Рапид /түргэвчилсэн/ болон Блиц /түргэн/ тоглолтын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчдэд нээлттэй бөгөөд Монголын шатрын холбооны 2017 оны 10 дугаар сарын 01-ний чансаагаар эрэгтэй 2000, эмэгтэй 1800-гаас дээш чансаатай өсвөрийн шатарчид, нийт 100 гаруй шатарчин оролцож байна.
Рапид, блиц тоглолт нь шатарчдаас хурдан сэтгэх, авхаалж самбаанаас гадна гарын хурдтай хөдөлгөөн шаарддаг онцлогтой төрөл юм. Тэмцээн Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу болох бөгөөд ням гарагт /2017.11.26/ аваргаа тодруулна.
Э.УРАН