Сергей Лавровын Вашингтон дахь айлчлал

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

Сергей Лавровын Вашингтон дахь айлчлал

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гариг (2017.05.10)-т ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Сергей Лавров 2013 оны наймдугаар сараас хойш анх удаа Вашингтонд айлчилж байна. Украины хэрэг явдлаас болж АНУ болон ОХУ-ын харилцаа муудсанаас хойш төрийн дээд хэмжээний айлчлалын давтамж тасалдаад байсан юм. Сергей Лавровын Вашингтон дахь айлчлалын гол зорилго нь Сирид аюулгүй бүс байгуулах саналд АНУ-ын дэмжлэгийг авах аж. Түүнийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт (V.10) ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзлаа.

Сирид 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж буй иргэний дайнд 320 мянган хүн амь үрэгдэж, сая сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Сирийн зөрчлийг шийдвэрлэхээр босогчдыг дэмжигч АНУ-ын Засгийн газар эсвэл Башар аль-Ассадын холбоотон ОХУ-ын аль аль нь хичээж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Казахстаны нийслэл Астанад Сирид аюулгүй бүс байгуулах олон улсын гэрээнд АНУ оролцоогүй. ОХУ-ын санаачилгаар Турк, Иран улсууд хамтран Сирид аюулгүй бүс байгуулах гэрээг байгуулсан аж. Гэрээнд Сирид байгуулах аюулгүйн дөрвөн бүсэд онгоц нисэхийг хориглож, хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тусгасан байна. АНУ-ын зүгээс аюулгүйн бүс байгуулах санааг ерөнхийдөө дэмжиж байгаа ч Ираны оролцоонд эргэлзэж, гарын үсэг зурахаа түр хойшлуулсан аж.

Сирид аюулгүй бүс байгуулах олон улсын гэрээнд АНУ оролцоогүй.

Сирид 2011 оноос хойш хэд хэдэн удаа гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч тулааныг зогсоож чадаагүй юм. Түүнчлэн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Сирийн зөрчлөөс болж АНУ болон ОХУ-ын хооронд олон удаа маргаан дэгдэж байв. Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ОХУ-тай харилцаа сайжрах найдлага их байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирид химийн зэвсэг хэрэглэсэн халдлагын дараа маргаан дахин дэгдсэн юм. Сирид химийн зэвсэг хэрэглэсний хариуд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн газар нутагт агаараас цохилт өгч, шууд цэргийн ажиллагаа явуулсан нь ОХУ-аас шүүмжлэл дагуулжээ. Харин Сергей Лавров Вашингтонд айлчлахынхаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сирийн асуудлаас үүссэн бүх үл ойлголцлыг тайлна хэмээн мэдэгджээ.

Трамптай уулзсаны дараа пүрэв гаригт Сергей Лавров Арктикийн зөвлөлийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Засгийн газар хоорондын уг зөвлөл нь байгаль орчин, газрын тос, уул уурхай, далайн тээвэр, загас агнуур, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хариуцдаг байна. Уг зөвлөлд Канад, ОХУ, Норвеги, Дани, АНУ, Исланд, Швед, Финлянд улсууд багтдаг аж.

Б.ТУЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж