Дэлхийн залуус хойд хөршид чуулна

Хуучирсан мэдээ: 2017.05.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн залуус хойд хөршид чуулна

ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Росмолодежь”–ийн санаачлагаар 2017 оны аравдугаар сарын 14-22-нд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн залуучууд, оюутны 19 дүгээр Их Наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадмыг ОХУ 1957, 1985 онуудад зохион байгуулж байжээ. Ийнхүү тус улс 32 жилийн дараа дахин зохион байгуулж байгаа энэ наадамд дэлхийн 150 орны 20 000 гаруй залуус хуран чуулахаар болсон байна.

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх “Росмолодежь” агентлаг нь тус улсын залуучуудын талаар төрийн нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажилладаг. Энэ байгууллага нь залуучуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, өрсөлдөх чадвартай эрдэм мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэхүү фестивалийг тус улсад анх удаа зохион байгуулсны 60 жилийн ой энэ онд тохиож байгаагаар онцлог бөгөөд тэр ч үүднээсээ ирэх намар болох уг наадмын уламжлалыг орчин үетэй хослуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчдийг урин оролцуулж байгаа гэнэ.

Наадмын зорилго нь  дэлхийн залуучуудыг нэгтгэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, түүнчлэн олон улсын болон соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.  Мөн залуучуудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмаар хөгжих асуудалд манлайлагч залуучуудын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэхэд энэ наадмын үйл ажиллагаа чиглэнэ. Наадмын үеэр НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж, дэлхий дахиныг тогтвортойгоор хөгжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох юм.

Дэлхийн залуучууд, оюутны 19 дүгээр их наадамд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл,  залуу сэтгүүлчид, уран бүтээлчид, залуу тамирчид, мэдээлэл технологийн залуу мэргэжилтнүүд,  инженер, улс төрийн намуудын залуучуудын байгууллагын удирдлагууд, багш нар, залуу бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мөн Орос хэл, соёл сонирхдог залуучууд, сайн дурынхан зэрэг салбар салбарын 18-35 насны залуучууд оролцоно. Наадамд оролцогчийн байр, хоол, соёлын болон спортын арга хэмжээ зэрэг бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Харин замын зардлыг оролцогчид болон оролцогчдыг илгээж буй байгууллага хариуцах юм байна. Зохион байгуулагч орны зүгээс нийслэл Москва хотруу дэлхийн бусад орнуудаас ирэх хямд үнэтэй нислэгт зохион байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд оролцогчдын визний асуудлыг хялбар болгох үүднээс визний хураамжаас чөлөөлөхөөр болжээ. Хэрэв та ирэх аравдугаар сард болох тус наадамд оролцохыг хүсвэл ЭНЭ линк-ээр орж бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2017 оны тавдугаар  сарын 10-ны өдрийг хүртэл явагдана.   

Д.ЦЭЭЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж