УИХ-аар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр хөндөгдсөн асуудал нь авто замын баталгаат чанарын хугацааг өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ядаж гурван жилд нь барих, болж өгвөл таван жил болгон хугацааг уртасгах шаардлага байна гэдгийг гишүүд хэлж байлаа.
Учир нь концессын гэрээгээр гүйцэтгэсэн авто замын 1 км замын өртөг нь 1.7 тэрбум төгрөгтэй тэнцдэг аж. Гэтэл авто замыг ашиглалтад хүлээн авсны дараагаас эвдэрч дахин засвар хийхээс аргагүй болдог. Үүнээс болж, орон нутгийн өмчит АЗЗА компаниуд төсөвт суусан хөрөнгөөр авто замын эвдрэлийг засварлаж эхэлдэг. Төсөвт суулгасан хөрөнгө нь ч хүрэлцдэггүй. Эцсийн төлөөсийг нь татвар төлөгчид үүрэх болдог аж. Иймээс энэ асуудлыг нарийвчлан хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэсэн асуудал хөндөгдсөн юм.
Улсын хэмжээнд хатуу хучилттай авто зам 12 мянган км-ээр хэмжигдэж байна. Харин авто зам барих зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.
Г.ДАРЬ