Сар шинийн барилдааны одтой О.Хангай гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдааны одтой О.Хангай гэж хэн бэ?

Цагаан сарын барилдаан төрийн наадмын дараа эрэмбэлэгддэг чансаа өндөр барилдааны нэг. Хамгийн шударга барилдааныг үзье гэвэл цагаан сарын барилдааныг харах хэрэгтэй гэж ахмад бөхчүүд хэлдэг. Мөн сар шинийн барилдаанд сайн барилдсан бөхийг тэр жилийн наадамдаа өнгөтэй барилдаж, цолонд хүрч, цолоо ахиулна гэж билгэшээдэг нь монгол сайхан ёс юм. 

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн. Ч.Санжаадамба аварга ийнхүү цагаан сарын барилдаанд гурав дахиа түрүүлсэн бол О.Хангай сар шинийн барилдаанд аймгийн цолтойдоо хоёр үзүүрлэсэн анхны бөх болж байгаа юм. 

ОРГИХЫН ХАНГАЙ
 

Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 26 настай. Энэ жил тэр хоёр дахиа сар шинийн барилдаанд үзүүр, түрүү булаалдлаа. Өмнө нь 2014 оны цагаан сарын барилдаанд улсын гарьд Д.Рагчаатай түрүү булаалдахаар үлдэж байсан юм. Тэр барилдаанд О.Хангай тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба /Улсын аварга/ нарыг өвдөг шороодуулж, түрүү булаалдахаар шалгарчээ. Тухайн үед Д.Рагчаа гарьдтай барилдахаар гарахын өмнө Ховдын заанууд болох Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар түүнд зөвлөгөө өгсөн гэдэг бөгөөд энэ талаар бөхийн хүрээнийхэн янз бүрээр ярьдаг. Үүний нэг нь "Ч.Санжаадамба заалны олон барилдаанд түрүүлдэг ч наадамд одгүй барилддаг. Тиймээс залуудаа сар шинийн барилдаанд түрүүлээд хэрэггүй" гэж нутгийн бөхчүүд нь зөвлөсөн гэх дам яриа юм.

Энэ жилийн хувьд тэрбээр гурвын даваанд улсын начин Б.Чимэдвандантай тунаж барилдан, давсан бол дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг, тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, зургаад улсын харцага Ө.Бат-Оршихыг, долоод улсын харцага Ц.Содномдоржийг давж, их шөвөгт үлдсэн.

О.Хангай заал, танхимын барилдаанд дээгүүр өрсөлдсөн амжилт цөөнгүй. Тухайлбал, 2015 оны “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд улсын арслан Э.Оюунболдтой үзүүр, түрүүнд үлдэж, түүнийг даван түрүүлсэн юм. Энэ барилдаанд тэрбээр заан Б.Соронзонболд, харцага Б.Пүрэвсайхан, гарьд Б.Гончигдамба нарын энэ цагийн хүчтэнүүдийг өвдөг шороодуулан, шуугиулсан барилдаан үзүүлж байсан удаатай. 

О.ХАНГАЙ ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ХОЖУУ БАРИЛДЖЭЭ
 

О.Хангай одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун сумынхаа наадамд зодоглож, шөвгийн дөрөвт үлджээ. Хөдөө аж, ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын инженерийн ангийн төгсөх дамжааны оюутан нутагтаа очиж барилдсан нь түүнд их урам өгсөн гэдэг. Энэ тухайгаа ч гэрийнхэндээ дуулгажээ. Гэтэл аавынх нь төрсөн дүү Алтанбагана түүнийг “Миний дүү чинь сайн бөх болж магадгүй юм байна. Сайн бөх болоорой” гээд, зодог, шуудаг авч өгчээ. Түүний аав Оргих Улсын тэргүүний тариаланч бол ээж Баярлах нь олон жил нярав хийжээ. Аав, ээжийнх нь аль алинд нь бөхийн удам байдаг аж. Түүний ээжийн удамд улсын арслан Ванчинхүү гэж мундаг бөх байснаас гадна аймгийн арслан Магван, аймгийн заан Даваасүрэн, аймгийн начин Дамдинсүрэн гээд сайн бөхчүүд төржээ. Мөн ээжийн тал нь Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмынх гэдэг. 

О.Хангай айлын ганц хүү бөгөөд гурван охин дүүтэй. Төрсөн нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Хоёр охинтой. 

Өдгөө Дулааны III цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээнд харьяалагдан, барилдаж буй шилдэг аймгийн арслан юм.

АМЖИЛТ

  • 2012 ОН:  Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж, АЙМГИЙН ЗААН цол
  • 2013 ОН: Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн, НЭМЭХ чимэг
  • 2013 ОН: Ховд аймгийн баяр наадамд түрүүлж, АЙМГИЙН АРСЛАН цол
  • 2014 ОН: Галдан бошгот хааны 370 жилийн наадамд түрүүлж, ХУРЦ АРСЛАН цол тус тус хүртсэн. 

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж