-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хордлого тайлах тасагт 2016 онд 1254 хүн хэвтэн эмчлүүлжээ. Түүнээс 40 нь мансууруулах бодисны хордлого тайлуулах эмчилгээ хийлгэсэн байна-
Цагаан тахал. Дэлхийн улс үндэстнүүдийн толгойг зовоосон асуудал болсоор. Хоёр их гүрний дунд орших, цөөн хүн амтай Монголд энэ тахал аль хэдийн орж ирэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлжээ.
Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхрын …. тоотод хэсэг залуус хамт наргиж байгаад амарчээ. Гэвч тэдний зугаа цэнгэл эмгэнэлтэйгээр төгсч, нэг нь өндрөөс унаж нас барсан хэрэг нэгдүгээр сарын 29-ний өдөр гарсан билээ. Залуусын байсан орон сууцнаас мансууруулах төрлийн бодис болон түүнийг хэрэглэдэг гаанс олдсон тул хэргийн газарт байсан хүмүүсээс шинжилгээ авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгаж, шинжилж байна. Хэдийгээр шинжилгээний хариу гараагүй байгаа ч хэргийн газарт очсон цагдаагийн мэдүүлгээс залуус мансуурсан байж болзошгүй гэсэн таамаг гаргасан хэмээж буй.
Нэгдүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн газарт ирсэн "Байрны цонхоор хүн үсэрсэн" гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Сүлд-122 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад хэргийн газарт очсон байдаг.
Хэргийн газарт очсон цагдаа аль цонхоор унасныг тогтоохоор “Рояал кэстл” хотхоны бүх айлаар орж, унаж нас барсан залуугийн зургийг таниулах ажиллагаа явуулжээ. Ингэхэд тус байрны …. дугаар тоотод байсан залуус найзыгаа гэдгийг таньсан боловч хэсэгхэн хугацааны өмнө хамт байсан нэгнийгээ амиа алдсаныг мэдээгүй, бүгд унтаж байсан гэж анхны мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Гэвч хэргийн газарт ажилласан цагдаа нарын нэг “Найз нь нас барсан байхад гайхсан, балмагдсан үйлдэл гаргаагүй, айж сандраагүй” гэдгийг тодотгожээ. Энэ нь тэднийг тухайн үед хэвийн биш байсан байх магадлалтай гэсэн таамаг үүсгэхэд хүргэх шалтгаан байж болох юм. Тийм ч учраас хэргийн газарт байсан 11 залуугаас мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээ авсан байх. Залуусын хамт байсан айлаас олдсон мансууруулах төрлийн бодис болон тэнд байсан 11 хүнээс авсан шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа гэдгийг энд дахин сануулъя.
Хар тамхи, намуу цэцгийн үнэрээр дахин бичих болсны шалтгааны нэг нь дээр өгүүлсэн харамсалтай тохиолдол болж байгааг мөн тодотгоё. Хэрэв тэд тухайн үед хар тамхи хэрэглэж байсан нь тогтоогдвол энэ үйл явдал мансууруулах бодисны хэрэглээ залуусын хувьд тахал болсныг харуулж буй хэрэг билээ.
ХААЛГА ТОГШИХ АЮУЛ
Зах зээлийн нийгэмд шилжсэн нь бидэнд олон дэвшил, хөгжил авчирсан. Тэр ч утгаараа бид өнөөдөр дэлхийн брэнд хэрэглэж, дэлхийн хэмжээнд сэтгэж, амьдарч байгаа. “Цагаан тахал”-аас залуучууд, хойч үеэ хамгаалахын тулд манай улс 1990 онд НҮБ-ын Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенци, 1999 онд Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1972 оны конвенци, 2001 онд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид нэгдэн оржээ. Гэвч хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, түүнийг худалдан борлуулах асуудал бидэнд цоо шинэ зүйл биш. 1998 оноос хойш манай улсын иргэн гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон, дотооддоо хэрэглэсэн, зөөвөрлөсөн, хадгалсан, тарьж ургуулсан хэрэг шийдвэрлэгджээ. Зөвхөн гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон хүний тоо 1998 оноос хойш 71 /2014 оны статистик тоо/ бүртгэгдэж. Энэ зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, шүүхээс ял шийтгэл оноосон, ялаа эдэлж байгаа хүмүүсийн тоо. Манай улсын иргэд гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээлэл сонсч байснаас таны, миний хүүхэд, тэдний найзууд хэрэглэж байна гэдгийг сонссон нь тун цөөхөн. Тэгвэл 2014-2016 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой 216 гэмт хэрэгт нийт 501 хүн холбогдон шалгуулсан байна. 2014 онд 61 хэрэгт 153 хүн холбогдсон бол 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 93 хэрэгт 196 хүнийг шалгажээ. Сүүлийн гуравхан жилийн дотор энэ тоо 30 хүнээр нэмэгдсэн статистик тоо бол энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ энэ бол цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, шийдвэрлэгдсэн тоо. Эдгээрээс 2016 оны эхний 10 сарын байдлаар 92 шүүгдэгч ял шийтгүүлсэн байна. Түүнээс 68 нь хорих ял, 21 баривчлах ял, гурав нь торгох ял сонсчээ.
ХЭРЭГЛЭГЧ НЬ ХЭН БЭ?
Улстөрчид, бизнесменүүдийн хүүхдүүд, урлагийнхан хар тамхины хэрэгт холбогдох нь ердийн үзэгдэл болжээ. Ялангуяа амьдралын боломжтой айлын хүүхдүүд хар тамхинд донтох болсныг нийгэмд дуулиан тарьсан хэргүүдээс харж болно. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис нь хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Энэ хэмжээний мөнгийг үрэх боломжтой айлын хүүхдүүд хэрэглэдэг байж болох.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 2000 оны эхээр тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүүхдүүд их хэмжээний хар тамхи онгоцоор тээвэрлэхийг завдсан хэрэг шуугиан дэгдээж байсан нь саяхан. Энэ хэрэг тухайн үедээ тэгсхийгээд намжсан бол хамгийн сүүлд гарсан жишээгээр жүжигчин Б.Баатархүүгийн хүү нөлөө бүхий улстөрчдийн хүүхдүүд мөн л хар тамхины асуудалд холбогдоод байна. Түүний өмнө 2014 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сугарын хүү С.Цог тэргүүтэй залуус мансууруулах төрлийн бодис буюу “мөс” хадгалсан, хэрэглэсэн хэргээр шалгагдаж ял авч байсан. Эдгээр залуус сонирхож хэрэглэсэн ч зарж борлуулсан нь тогтоогдоогүй учраас нэгээс хоёр жилийн ял, тэнсэн харгалзах ял оногдуулаад хэрэг намжсан юм.
Хамгийн сүүлд буюу 2015 оны арванхоёрдугаар сард 12-р ангийн хоёр сурагч мансууруулах төрлийн ургамал зөөвөрлөсөн, хадгалсан хэргээр шүүхээс ял сонсч байсан. Тэдний мэдүүлснээр “интернэтээс хар тамхи монголд ургадаг гэсэн мэдээлэл болон зургийг нь хараад мансууруулах төрлийн ургамлыг олж, хадгалсан. Өөрсдөө сонирхож хэрэглэж үзсэн” гэдгээ мэдүүлэгтээ дурьджээ. Яг энэ шалтгаан буюу сонирхож хэрэглэсэн өсвөр үеийн, залуучууд маш их байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж буй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь буруу гэдэг ухуулгыг хийдэг ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэдгийг цагдаагийхан хэлж байна.
БИД ОДОО ЯАХ ВЭ?
Бид хэзээнээс “Цагаан тахал”-д донтох болов оо. Шалтгаан нь юу вэ? Чухам энэ асуултад хариулт олох хамгийн хэцүү. Хэзээнээс хэрэглэж ирсэн нь тодорхойгүй ч ердөө арав гаруйхан жилийн дотор бид, бидний хойч үе болох залуус, өсвөр үеийхэн хэрэглэгч нь болон хүрээгээ тэлсээр. Зөвхөн шүүхээр шийдэгдсэн хэргийг нягталж үзэхэд тэдний хамгийн бага нь ахлах ангийн сурагчид байхад эх орондоо ихийг хийж бүтээх залуу үе буюу 35 хүртлэх насныхан хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулахыг завдсан, хадгалсан хэргээр ял шийтгэл авч байжээ. Манай улсад мансууруулах төрлийн бодис ургадаг ч цагдаагийн байгууллага үүнд хяналт тавьж, ургамал ургадаг газрыг шатаах, устгах ажлыг давтамжтай хийдэг гэх. Харин бусад төрлийн бодис, эм бэлдмэл нь хилээр нуун оруулж ирдэг юм байна. Ихэнхдээ урд хөршөөс орж ирдэг бөгөөд хил, гааль дээрхи тоног төхөөрөмж нь тэр бүр илрүүлж чаддаггүй. Хууль зүйн сайд С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр “мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, оролцож байгаад зам тээврийн осол гаргасан тохиолдолд түүнийг нь илрүүлэх боломж байдаггүй. Архи уусан эсэхийг нь шалгадаг төхөөрөмж байдаг ч хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь шалгах төхөөрөмж байхгүй. Энэ төрлийн үйлдэл нэмэгдэх хандлагатай байна” гэдгийг хэлж байсан. Мэдээж илрүүлэх, хилээр нэвтрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Хил, гааль дээр орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, үнэрч ноход нь хүрэлцээ муутайгаас илрүүлэх ажиллагаа үр дүнгээ өгдөггүй гэнэ.
ХОРДЛОГЫГ НЬ ТАЙЛААД Л БОЛЧИХ УУ?
Архи, мансууруулах бодис хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдолд албадан болон сайн дурын эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг зөвхөн Сэтгэц, мэдрэлийн үндэсний төв /СЭМҮТ/ болон Цэргийн төв эмнэлэг, Толгойтын Наркологийн эмнэлэгт хордлого тайлах маягаар хийдэг аж. Гэвч СЭМҮТ-д сайн дураар хэвтэн эмчилгээ хийлгэх нь тун цөөхөн бөгөөд ихэнхдээ утсаар залгаж, зөвлөгөө авдаг гэнэ. СЭМҮТ-д 2016 онд хордлого тайлах тасагт 1254 хүн хэвтэн эмчлүүлжээ. Түүнээс 40 нь мансууруулах бодис хэрэглэсэн, хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Гэхдээ тус төвийн эмч нарын хэлж буйгаар мансууруулах бодист донтсон хүмүүс нэг удаа хордлого тайлагдаад хэвийн болдог зүйл биш гэдгийг онцолсон юм. Зөвхөн мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж буй хүмүүс 20-40 насныхан байдаг бөгөөд өөрийн хүсэлтээр энэ эмчилгээнд хамрагддаг юм байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаад СЭМҮТ-ийн эмч нар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх нэг том шалтгаан бол манай улсад мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их байдаг таллаархи мэдээллийг цахим орчин болон найз нөхдөөсөө авдаг байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргийн 50-60 хувь нь мансууруулах төрлийн ургамалтай холбоотой байдаг аж. Хар тамхи бол цагаан тахал юм гэдгийг хүүхэд залууст ойлгуулах цаг болж.
СУДЛААЧИД БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГАРЦ
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн хэргүүдийн ихэнх нь нэгээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг хөнгөвтөр хэрэгт ордог учраас ял шийтгэл нь бага байдаг гэнэ. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, худалдан борлуулахыг завдсан этгээдэд гадаадын улс орнуудад маш өндөр ял шийтгэл оноох, хариуцлага тооцдог. Жишээлбэл, БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял оногдуулдаг. Харин ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ял оноож, 1 сая рублиэр торгодог. Энэ мэтчилэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдахыг завдсан нь тогтоогдсон этгээдэд өндөр хариуцлага тооцох, цаазын ял оноох нь хэрэглээг бууруулах боломжтой гэдгийг дэлхийн бусад орнууд үздэг.
Түүнээс гадна дунд, ахлах, их дээд сургуулийн оюутан сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаарх ойлголтыг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд болон асран харгалзагч нарын анхаарал маш чухал. Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана өнгөрүүлж байна вэ гэдэгт эцэг эхчүүд байнга анхаарал тавих шаардлагатай.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм, бэлдмэл, бодисын хэмжээг хэрхэн, яаж тодорхойлох нь ойлгомжгүй, хар тамхи, мансууруулах бодисын үнэлгээ хийдэг албан ёсны аргачлалтай байгууллага нээх.
Мөн эмийн найрлагыг бүрэн тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй, лабораторийн багаж нь өндөр темпертатурт халааж чадахгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах сөрөг үр дагавар үүсдэг.
ХАР ТАМХИНЫ ХАР ЖАГСААЛТ
Ш.ОЮУНЧИМЭГ